Хууль сахиулагчид буюу ХЗДХЯ-ны харъяаны цагдаа, прокурор,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн ёс зүйн хэмж хэмжээгээ зөрчиж, өргөсөн тангарагаа умартсан бололтой. Гэмт хэрэгт холбогдон, эхнээсээ саатуулагдсаар байна. 

Тухайлбал, 2018 оны 9 дүгээр сар 07-ны баасан гаригт шүүх шинжилгээний дөрвөн ажилтан саатуулагдав. ШШҮХ-ийн Бичиг судлалын лабораторийн шинжээчид болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Тэдэнд Эрүүгийн хуулийн  21.4 зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах: Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэсэн зүйл ангиар  эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд Д.Адилбаяр, Ж.Тамир нарыг цагдан хориод байгаа.

2018 оны 9 дүгээр сар 14-ны баасан гаригт Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг АТГ-аас саатуулсан. Түүнийг дахин нэг сар саатуулах саналыг Нийслэлийн прокуророосу СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018-09-14-ний өдрөөс яллагдагчааар 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна

2018 оны 9 дүгээр сар 10-ны өдөр Тээврийн прокурор Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд ял оноосон. Тодруулбал, Х.Тамирт шүүхээс таван жилийн хорих ангийг нээлттэй эдлүүлэхээр шийдвэрлэж,Б.Сүхбаатарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцож, мөн таван жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.Тэгвэл Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат хоёрт дөрвөн жилийн хорих ял оноосон.

Энэ бол хууль сахиулагчидтай холбоотой сүүлийн үеийн хэрэг.  Гэтэл үүний цаана олны анхааралд өртөөгүй хэрэг байхыг үгүйсгэх аргагүй.  Тэд бол хууль сахиулагчид, тэд тангараг өргөдөг бөгөөд албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй улс.

Тодруулбал, Цагдаагийн тангараг: Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Прокурорын тангараг: “ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, гадны нөлөөнд үл автах, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг гүнээ хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая.Хэрэв миний бие өргөсөн тангарагаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ”.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн тангараг: Монгол улсын иргэн би шүүхийн шинжилгээний байгууллагад орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая.Би энэ тангарагаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Тангараг гэдэг нь үнэн шударга, бат нотыг амласан андгайлал үг, бичиг гэж Монгол хэлний тайлбар толь бичигт тайлбарлажээ.  Цагдаа, прокурор, шүүхийн шинжээч нар тангарагаасаа буцах юм бол та бид нартай адил хуулийн хариуцлага хүлээдэг. Албаны нэр хүнд унагасан, хариуцлага алдсаныхаа төлөө нэмж хариуцлага хүлээдэггүй. Хууль сахиулагч байх тусмаа тангарагтаа үнэнч байж, албаныхаа нэр хүнийг унагаад өнгөрч байгаа тохиолдлуудад уг нь тангараг зөрчсөн гээд нэмж хариуцлага тооцмоор. Эс бөгөөс тангараг өргөж үнэнч шударга ажиллаж байгаа хууль сахиулагчдийн  нэр хүндийг унагах тохиолдол гарсаар байх болно...