Галлагааны аюулгүй байдал, нөхцөл байдал, угаарын хийн асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр шахмал түлшний онцлогийн талаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Шахмал түлшийг 95 хувийг нь мидлингээр, 5 хувийг нь барьцалдуулагч оруулаад шахаж хийдэг. Энэ түлш нь гадна талаасаа цоггүй, унтарсан мэт харагдаж байгаа боловч нягт шахчихсан түлш учир голдоо шаталт явагдаж байдаг. 

Иргэдийн хамгийн хайхрамжгүй хандаж байгаа зүйл нь гадна талаас нь хараад цог харагдахгүй болохоор түлш унтарчихлаа гэж бодоод байдаг. Гэтэл дотроо цогшиж байгаа учир угаарын хий нь ялгарсаар байдаг.  Зуух, янданд жижиг хэмжээний гэмтэл үүссэн байхад л дотор орчинд түлшний угаарын хий тархана.

Бүх зүйлийг шатаахад угаарын тодорхой хэмжээгээр үүсдэг. Түүхий нүүрсний угаарын хий  9,800 орчим байдаг бол шахмал түлшнийх 7,800-10,800-гийн хооронд хэлбэлзэж байдаг. Түүхий нүүрс, шахмал түлшний ялгаа нь энэ юм. 

Шахмал түлшний  техникийн үзүүлэлтийг сар тутамд Геологийн төв лаборатори дээр шалгадаг. Угаарын хий нь стандартаас давсан байвал зөрчлийг арилгуулж байж борлуулалтад гаргадаг" гэв.