Гэрийнхээ гаднаас алга болсон гэх хүү зургаан жилийн дараа гэртээ ирсэн талаарх сурвалжлагыг манай сонин цувралаар хүргэсэн билээ.

Т.Рэнцэн хүү Б.Самъ­яагийнд зургаан жил мал мал­лаж байх хугацаан­даа Баяраа нэртэй болсон талаар бид мэдээлсэн. Б.Самъ­яа гуайн ярьснаар садангийнх нь Бадрал гэдэг залуу "Манай хавьд нэг аятай­­хан хүүхэд яваад бай­даг юм. Өсгөөд хүн хийгээд авчихвал та хоёрт тустай юм даа" гэж холбож өгсөн учраас Баяраа (Т.Рэнцэн)-г гэртээ аваачсан гэдэг. Харин Т.Рэнцэн болон түүний төр­сөн аав ээжийнх нь яриагаар 2008 оны наймдугаар сарын 12-нд Цайз захын ойролцоох гэрийнх нь үүднээс машинтай хүн авч яваад хогийн цэг дээр аваачсан гэх. Улмаар хоёр хоног хог түүлгэж байгаад Б.Самъяагийнд хүргэж өгсөн гэдэг.

Бүр тэр машинтай этгээд хогийн цэг дээрээс гурван хүүхэд авч яваад нэгийг нь өөр айлд буулгаад Т.Рэнцэнг үеийнх нь хүүтэй Б.Самъяагийнд үлдээсэн талаар манай сонинд ярьсан байдаг. Ямартай ч Бадрал гэдэг хүн Т.Рэнцэнг Б.Самъ­яа­­­гийнхантай холбож өгсөн нь тодорхой. Гэхдээ тэр Т.Рэн­цэн болон түүний төр­сөн аав ээжийнх нь ярьсан шиг машин унаад хүүхэд хул­гай­лаад явдаг этгээд үү. Эсвэл хог түүж зүдэрч явсан хүүг хоолтой залгуулав уу. Энэ талаар өөрөөс нь тодруула­хаар Бадралтай холбогдлоо. Түүнийг Б.Самъяа садангийн залуу гэж ярьсан болохоор залуу­хан хүн гэж төсөөлж очсон юм. Харин Бадрал тавь гаруй настай болов уу гэмээр жижиг биетэй хижээл эр аж. Эрээн срочкон дээр хүрэн ноосон цамц өмссөн тэрбээр "Эхнэр эмнэлэгт сэхээнд бай­даг. Хажуугаар нь ийм гайтай юм болоод хүний хулгайч нэр зүүгээд байна. Солонгос кинон дээр гардаг шиг хар машин унаад хулгай хийгээд явдаг этгээд болчихоод байна, ах нь" гэсээр яриагаа эхэлсэн юм. 

-Та өөрийгөө товч танилцуулаач. Б.Самъяа гуайтай ямар хамаатан бэ?

-Намайг Ш.Бадрал гэдэг. Б.Самъяа гуай миний нагац ах л даа. Манайх Эрдэнэтэд байж байгаад хэдэн жилийн өмнө хотод нүүж ирсэн. Би Эрдэнэтэд байхдаа зах дээр зогсдог байсан. Харин эхнэр маань өвчтэй болохоор хотод ирснээс хойш ажил хийсэн­гүй. Гэртээ өвчтэй эхнэрээ асраад байдаг хүн дээ. Манайх Сонгинохайрхан дүүр­гийн 24 дүгээр хороо буюу Баянхошууны Зээлийн энгэрт байдаг.  

-Нагац ахынхаа гэрийн ажилд туслах хүүхэд олж өгье гэж боддог байв уу?

-Юу гэж дээ. Тэднийд хүн хийгээд байх ажил байхгүй. Хоёр хөгшинд бусдаас тус­ламж аваад байх ч шаардлага байхгүй. Тэр хүү эднийд очоогүй бол өдийд архины лүү л болчихсон байхгүй юу. 

-Та Т.Рэнцэнтэй яаж танилцсан юм бэ?

-Улаанчулуутын хогийн цэгээс хот руу даваад л манай гэр байдаг. Хогийн цэгтэй тун ойрхон. Тэгээд л Цэкэ гэдэг залуутай танилцаад хүүхдүүд нь манайд орж гардаг бол­сон. Тэдний хүүхдүүдтэй хамт хөл гар нь яртай, нэг шар хүүхэд гүйгээд байсан нь Баяраа (Т.Рэнцэн). Баяраа Цэкэгийн хүүхдүүдтэй манайд телевиз үзнэ. 

-Тэр үед Баяраа Цэкэ­гийнд амьдардаг байсан гэсэн үг үү. Цэкэ нь Баяраа­гийн хамаатан уу?

-Цэкэ гэж тавь шахам нас­ны, хог түүдэг эр байсан юм. Эхнэр, хүүхдүүд, хамаа­тан садантайгаа хогийн цэгийн ойролцоо нэг навсгар ам­баарт амьдардаг байсан. Баяраа хог түүж яваад тэдний хүүхдүүдтэй ижилсэж гэрт нь орж гарсаар байгаад хамт амьдардаг болсон юм билээ. Тэд Баяраагаар хог түүлгэж зараад олсон мөнгөөрөө архи ууцгаадаг байсан байх. 

-Цэкэгийнд амьдарч, хог түүж байхдаа Баяраа ямархуу хүү байв?

-Жижигхэн биетэй, өрөв­гөр шар үстэй хүү. Өөрийгөө 13 настай гэж ярьдаг ч бие нь хатчихсан хүү байсан юмдаг. Бараг дуугарахгүй. Гэхдээ хог түүдэг хүүхдүүдтэй харь­цуулахад сэргэлэн. Ажил сайтай. Том саваар ус зөөнө, ер нь Цэкэгийн хамаг ажлыг хийдэг байсан. 

-Та Цэкэгийн хүүхдүүд­тэй хамт танайд телевиз үздэг байсан гэлээ. Хог түүдэг гэдгийг нь мэдсээр байж гэртээ оруулахаар гэрийнхэн чинь дургүйц­дэггүй байсан уу?

-Цэкэг сайн таньдаг бай­сан гэж ярьсан шүү дээ. Баяраа ч тэдний хүүхдүүдтэй хамт орж ирээд тэрүүхэнд бөөгнөрч суугаад телевиз үзээд л гардаг байсан. Баярааг ажил сайтай, овоо хүү юм гэж хардаг байлаа. Тэгээд Баяраад "Чи эд нарт зодуулж, ингэж зарц болж байхаар хөдөө гар. Манай ах эгч дээр оч. Хөдөө сайхан шүү дээ" гэсэн. Баяраа ч "Тэгье. Би морь унаж, мал маллаж чадна" гэсэн. Тэгээд ах эгч хоёрт хүүгийн тухай хэлэхэд эхлээд ах (Б.Самъяа) ганцаараа манайд ирсэн. Ах "Манайд очих уу" гэхэд баярласандаа уйлж байсан хүүхэд шүү дээ. Ахыг явсны дараа "Намайг яагаад ирж авахгүй байна" гэж шалаад байхад нь "Хөөрхий минь эцэг эхгүй юм байна" гэж бодсон хэрэг. Цэкэ ч "Хогийн цэг дээр овоохой барьж хоног төөрүүлж байгаад манай хүүхдүүдтэй нийлж манайд ирсэн юм" гэж ярьж байсан. Хөл нь шалбараад хүйтэнд идээлчихсэн. Манай гэрийн хүн шархийг нь цэвэрлэх гэхээр орилоод ойртуулдаг­гүй байсан. Тийм л ядруу хүүхдийг ах, эгч хоёр маань хүн хийсэн юм шүү дээ. 

-Хүү хогийн цэг дээр хэр удсан бол?

-Мэдэхгүй ээ. Хувцас хунар гээд байх юмгүй, их л ядруу байсан даа. 

-Баяраагаас аав, ээжийнх нь тухай асууж байв уу?

-Асуулгүй яах вэ. "Байхгүй" л гэдэг байлаа. Үнэндээ эцэг, эхтэй гэхээр цагдаа гэрт нь хүргээд өгчихдөг. Гэртээ хари­хаар аав, ээж нь зодоод бай­даг байсан юм билээ. Хоёр, гурван удаа тийм байдлаар гэртээ очоод зугтсан гэдгийг саяхан л мэдлээ. 

-Нагац ахынх тань Баярааг хэдийд гэр рүүгээ явч явсан юм бэ?

-2008 оны арваннэгдүгээр сарын 10-ны үед байх. Их хүйтэн байсан юм даг. Ах эгч хоёр хүүгийнхээ тоглолтыг үзэх гэж хотод ирэхдээ Баярааг аваад буцсан. Явснаас нь хойш сар гаруйн дараа ахын хашаа янзалж өгөх гээд очиход Баяраа өнгө ороод бүр хөөрхөн болчих­сон байсан. Намайг өвөө, манай гэрийн хүнийг эмээ гэнэ. Намайг очихоор "Бад­рал өвөө ирлээ" гээд баяр­лаад сүйд болно. Ер нь ажил сайтай болохоор манайхан Баяраад ам сайтай байсан шүү дээ. 

-Танайд Цэкэгийн хүүх­дүүд ирдэг байсан гэсэн. Та хамаатныхаа өөр хүмүүст Баяраа шиг хүүхэд олж өгсөн үү?

-Үгүй, үгүй. Юу гэж тэгдэг юм. 

-Т.Рэнцэнгийн болон аав ээжийнх нь ярьснаар гэ­рийнх нь ойролцоо машин­тай хүн ирээд аваад явсан гэсэн. Бүр хогийн цэг дээ­рээс хог түүлгэж байгаад хөдөө аваад явсан гэж бай­гаа... Тийм учраас асуугаад байна л даа. 

-Надад хүн суулгаад явах машин бүү хэл усны тэрэг ч байхгүй. Бүр намайг хоёр, гурваар нь хүүхэд хулгайлсан мэтээр ярьсан байна лээ. Ер нь тэр хүү анхнаасаа худлаа хэлэхдээ ийм том асуудал болно гэдгийг мэдээгүй биз. Одоо тэр хүүгийн аав ээж ямар санаатай байгааг мэдэх­гүй. Ах, эгч хоёр уулзъя гээд залгахаар утсаа авахгүй, зугтаад байгаа гэсэн. Очоод уулзъя гэхэд гэрийг нь мэдэхгүй. 

-Т.Рэнцэн хотод ирээд танайхыг олох байсан болов уу?

-Манайхыг сайн мэднэ. Ах, эгч хоёроос Баярааг явсан гэдгийг сонсоод хэрэг түвэгт орчих вий гэж айхдаа манайд хүрээд ирээсэй гэж хүлээж байлаа. Ийм дуулиан болсны дараа хоёр хоног хогийн цэг дээр явж тэр үед Баяраатай тоглож байсан нөхдүүдийг хайлаа. 

-Тэгж явахдаа Цэкэ болон тэдний хүүхдүүдтэй таарав уу?

-Цэкэ дөрвөн жилийн өмнө нас барсан. Эхнэр, хүүхдүүд нь тэгэсхийгээд алга болсон. Тэр үед байсан хүүх­дүүд сураг алга. Зарим нь Биокомбинатын хогийн цэг рүү яваа биз. Эхнэр маань эмнэлэгт бие нь муу байгаа. Ийм үед энэ дуулиан гараад хэцүү юм. Хоёр удаа цагдаад очиж мэдүүлэг өглөө. Чамд ярьснаа л цагдаад хэлсэн. 
 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР