Нийслэлийн томоохон дүүрэг болох 25 мянган хүн амтай Багануур дүүрэгт өчигдөр морь жилийг анхны жаврыг үргээсэн “Илбэе” тоглолт амжилттай боллоо. Багануурчууд залуу дуучдыг, “Илбэе” тоглолтыг хоёр удаа тоглолтын заал дүүрэн алга ташилт, халуун дулаан уур амьсгалаар угтаж авсан юм. “Илбэе” тоглолтын бүрэлдэхүүнд МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа, Малчин түмний дууч Ч.Алтантүлхүүр, залуу дуучин Доржгочоо нар ая дуугаа өргөж, хаврын жаврыг үргээн хөдөө орон нутгийн малчид, хөдөлмөрчидтэй дуу хуурынхаа дээжээс өргөн барьлаа. Тэр дундаа Багануурчууд тоглолт бүрийг шимтэн үзэж байсан нь үгүй. Өдрийн 14 цагийн орчимд хоёр удаагийн тоглолтын тасалбар борлогдож дууссан нь анх удаа болж байгаа, мөн техник тоног төхөөрөмж, гэрэл тайз засалт анх удаа хотоос ирж томоохон хэмжээний тоглолтыг хүргэж байгаа зэрэг нь сэтгэлгэл хөдөлгөж байсан талаар Багануур дүүргийн Соёлын ордны ажилчид ам уралдан ярьж байсан юм. Харин өнөөдөр хосууд Хэнтий аймагт тоглох байсан хэдий ч зүүн бүсийн аймгуудаар шүлхий өвчин гарч хорио цээр тогтоосон тоглолт хойшлогдож Дорнод аймгийн Баян-Уул суманд тоглохоор болжээ. Маргааш буюу гэгээн хайрын өдөр Дорнод аймгийнхан шинэ соёлын ордондоо залуу хосуудын тоглолтыг үзэж хайрын баярыг тэмдэглэхээр тэсэн ядан хүлээж байгаа аж. Монгол орноо нар зөв тойрох “Илбэе” аялал тоглолт цаашлаад Сүхбаатар, Дорноговь гэгчлэн үргэлжилнэ. Тоглолтын лавлах утаснуудын дуудлаганд тэднийг хүлээсэн аймаг сумдын иргэд олноор хандаж байгаа гэнэ.