Монгол Улс эрийн хоёр наадамтай болох гэнэ. Учир нь уяачид энэ жилийн наадмаар морьдоо уралдуулахгүй хэмээн Уяачдын холбоонд саналаа хүргүүлээд эхэлсэн сурагтай.

Энэ байдал 2015 онд ч үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл, 2016 онд ардын хувьсгалын ойтой, Ардын Засагтай, ард түм­ний наадмаар хурдан морио уралдуулна хэмээн уяачид тодотголоо. Иймээс тэр болтол хоёр жилийн хугацаанд соёолонгийн тоосонд хиймороо сэргээх боломж гарахгүй нь, наадамчин олонд. Энэ нь Үндэсний хурдан морины уралдааныг шахаж хавчих, уяачдын хөдөлмөрийг үнэ­гүйдүүлэх үзэгдэл өд­рөөс өдөрт нэмэгдсээр бүр сүүлдээ хаврын морин уралдааныг цуцалсантай холбоотой аж.

16 жилийн дараа ардчилал ялсанд олон хүн баярлаж байлаа. Харамсалтай нь, тэр үед сохор сонголт хийсэндээ өнөөдөр гэмших болж. Ямартаа л, Ардын Засгийн үед амьдрал сайхан байжээ гэж уяачид хүртэл уулга алдаж суух вэ дээ.  Нэгэн үе баар, цэнгээний газраар үйлчлүүлж, эсвэл казино гэгчтэй хүзүү сээрээрээ хэлхэлдэж явсан нөхөд хурдан морь сонирхогчид болон хувирсан нь нууц биш. Хамаг мөнгөө харь нутгийнханд халааслуулдаг байсан тэд хурдан морь худалдан авч, үндэснийхээ хувцсаар гангарах болсон нь зарим нэгэнд таалагдахгүй байгаа бололтой. Үнэндээ ч Америк нөхөртэй, харь соёлтой хүмүүст монголчууд хүрдэн тоглоомноос хөндийрч, хөөсөрсөн сархадаас салж байгаа нь яахан таатай байх билээ. Тиймээс төрийн толгойд зайдагнасан дээрээ Монголын уламжлал болоод соёл, зан заншлыг чимээгүйхэн үгүй хийж байгаа хэрэг биш үү.

Энэ сарын 23-нд болох байсан Дүнжингарав хаврын бүсийн уралдааныг зүүн аймагт гарсан шүлхий өвчнөөр далимдуулан хориглох тухай шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг дарга санал оруулж, санаачилга гаргасан гэж байгаа. Зүй нь тэрхүү хуралдаанаар нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох тухай ч хэлэлцэх учиртай. Магадгүй шат шатандаа хариуцлагатай байж, үүрэгт ажлаа хийсэн бол аюул ард хоцрох байсан ч юм бил үү. Малын гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, хөл хорио тогтоох хэмжээнд хүрээд байхад Улсын онцгой комиссын дарга буюу Шадар сайд, ОБЕГ-ын даргаа дагуулаад намын даргатайгаа золгохоор хилийн дээс алхсан. Н.Энхбаярыг эргэж тойрохын зэрэгцээ улс төрийн өнөөгийн байдлыг илтгэсэн гэнэ билээ. Түүнийг ийн шинэлэх шивнэлдэхийн зуур шүлхий хүрээгээ тэлж, Хэнтий, Дорноговь аймагт “халдварлав”. Хэрэв хариуцлагатай төр байсансан бол олон улсын А зэрэглэлийн өвчин дэлгэрч, хөл хорио тогтоогоод байгаа энэ үед тэднийг Сөүл биш Сүхбаатар руу хөөгөөд ч болов явуулах ёстой байлаа. Гэвч хамаг хэргийг хариуцах учиртай хоёр эрхмийг эзгүйд хэрэг мандаж байхад тэдэнтэй хэн ч хариуцлага ярьсангүй. Ганц хүнийг тахин шүтсэн эл намынхан ард түмнийг адагт эрэмбэлж буйн тод жишээ нь энэ.

Магадгүй тэд дээд албан тушаалтнаасаа чөлөө, зөвшөөрлөө авсан биз. Хэнбугай ч байсан тэгдэг журамтай юм хойно. Тэгэхээр онц байдал зарлах хэмжээнд хүрсэн энэ үед үүрэгт ажлаа орхиод явахыг Ерөнхий сайд зөвшөөрсөн байх нь. Тэгвэл энэ нөхөрт арга хэмжээ авах учиртай. Улсад нь аюулт өвчин дэлгэрч, хөл хорио тогтоогоод байхад Шадар сайд болон ОБЕГ-ын дарга нарыг хувийн асуудлаар хилийн дээс алхахыг зөвшөөрсөнд нь. Ганц энэ явдлаас үүдэж, зөөлөн суудлаас нь буулгах ч багадна. Хэрэв хэл, сураггүй том толгойлж, улсын ажлыг хувийнхтайгаа хутгасан бол Д.Тэрбишдагва сайдыг, ОБЕГ-ынх нь хамт мөн албан тушаалаас нь буулгаж, арга хэмжээ авах учиртай юм биш үү. Гэтэл энэ мэт ажлын хариуцлагыг ярихын оронд уяачдыг уцаарлуулж суугаа нь уяачдыг төдийгүй наадамчин олонд таалагдсангүй.

Үнэндээ уяачдын дургүйцэх нь түмэн зөв. Морь уяна гэдэг нарийн ухаан шаардсан ажил. Цаашлаад бүтэн жилийн хөлс, хөдөлмөр. Тийн атал төрөөс дэмжиж, туслахын оронд түлхэж, гадуурхсанд гомдсон хэрэг. Ухаж ойлговол, үндэснийнхээ өв, соёлыг үгүй хийх гэсэн оролдлого болж харагдаад байна. Уг нь Цагаан хөтөлд өнгөрөгч бямба гаригт болсон сунгаан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хээр үрээ өнгөлсөнд уяачид ихэд бэлэгшээж байв. Мөн ардчилсан Ерөнхийлөгч ард түмнийхээ дунд байгаад талархаж байна гэх үг ч олны дундаас цухалзаж байлаа. Гэвч ардчилсан Засагтай болсноор амьдрал өөдөлсөнгүй. Үүгээр ч үл барам хавчиж, шахсан, гадуурхсан, хориглосон өнгө аяс үргэлж цухалзаж, хүний эрхийг хөсөр хаях болсонд дургүйцэж байна хэмээсэн. Иймээс “Мянган жил морьтойгоо” хөдөлгөөн өрнүүлэхээр болжээ. Мөн “Морьтон монголчууд” холбоо байгуулж, эсэргүүцлээ илэрхийлэхээр зэхчихэж.

Монгол Улсыг, монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхөд бэрх. Дэлхийн талыг морьдынхоо туурайгаар тамгалж явсан монголчуудыг дэлхий мэднэ. Чингис нэгдсэн улсаа 1206 онд байгуулаад 88 гавьяат, 95 мянгатын ноёдод хишиг тараан өгөхдөө нэг ч морийг шагналд өгөөгүй. Зөвхөн харц албат, алт мөнгө, үлэмж хэмжээний газар нутгийг өмчилж өгсөн тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Монгол Улсын төрийн алтан сүлдэнд дэл сүүлээ хийсгэн хурдлан яваа морио багтааж мөн төрийн их хүндэтгэл хан хуур хөгжмөө “Морин хуур” хэмээн нэрлэсэн язгуур соёлт ард түмэн. Тиймдээ ч үндэснийхээ баяр наадмын нэгэн хэсэг болгосон түүхтэй. Тэр байтугай дэлхийн адууны баярыг тэмдэглэж байсан нь саяхан. Ийн атал уяачдаа ад үзэж, адгуусаар наадагч, алуурчин, зэрлэг зунгаа цэнгэлтнүүд гэх мэтээр ойгуулах болсонд ихэд бухимдаж явдгаа ч хэлж байна.

Энэ парламентад уяачдыг нүд үзүүрлэсэн хэсэг бүлэг бий болсныг зарим нь тодотгож байв. Эдгээр хүний тоонд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, хотын дарга Э.Бат-Үүл нар эрэмбэлэгджээ. Мөн ҮХАА-н яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын оролцоог ч чамлахааргүй гэнэ. Учир нь шүлхийн вакцины нөөц дуусч, хөрөнгөгүй болж асуудал хүндрэхээр шинжтэй болсон тул уралдааныг цуцлахад идэвхийлэн оролцсон юм байх. Юутай ч хоёр жилийн турш хурдан морины тоос үзэлгүй, эрийн хоёр наадмаар цэнгэх болох нь. Хотын даргын ажил ч хөнгөвчлөгдөж, Хүй долоон худаг хүйтэн хөндий зунших бололтой. Уг нь хурдан морийг тойрсон ажлын байр бий болж, хэсэг хүний ахуй амьдрал дээшилж байсан юмсан. Гэвч өдгөө тариаланчид, гар урчуудаас эхлээд цөөнгүй хүн “гудамжинд” гарч, ажилгүйчүүдийн эгнээг хэдэн хүнээр тэлэх нь.

 

Л.НИНЖСЭМЖИД