Монгол Улсын иргэн, 1955 оны 06 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Энхсайханы холбогдсон хэргийг бид өчигдөр ЦУВРАЛ №1 хүргэсэн билээ.

Энэ удаагийн цувралаар бид Мэндсайханы Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн мэдүүлсэн болохыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шүүгдэгч М.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “…Би монгол төрд хамаг насаа зориулж яваа хүн. Улс төрд их бага хэмжээгээр оролцсоор 40 гаруй жил болж байна. Монгол улсын ерөнхий сайд, шадар сайд, сайд, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийг баталж байсан Улсын их хурлын гишүүн, анхны ерөнхийлөгчийн тамгын газрын дарга олон ажлуудыг хийж байсан. Энэ ажлуудыг дурдаж байгаа шалтгаан нь ийм ажил хийж байсан хүнийг хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар яллаж байгааг би хувьдаа эмзэглэж хүлээж авч байгаа гэдгээ хэлмээр байна. Монголчууд урагшаа хөгжих гээд зүтгэж байгаа. Ингэж зүтгэж байхдаа шинэ шинэ ойлголтуудтай учирч яваа. Нэг шинэ ойлголт болох мега төсөл гэдэг ойлголтын тухай болж байгаа үйл хэрэгтэй холбогдуулан цухасхан ойлгуулахгүй бол болохгүй байх гэж бодож байна. Мега төсөл гэдэг нь үндсэндээ нилээн хөгжлийн дээд шат руу тэмүүлж байгаа улс орнуудын хийдэг ажил.

Ер нь 1.000.000.000 доллароос илүү хөрөнгө оруулалтыг атгах гэсэн тийм оролдлогуудыг мега төсөл гэж хэлж байна. Энэ төсөл хэрэг болдог шалтгаан нь том орд газрыг дайчилж ашиглахын тулд усыг хаанаас авах уу, цахилгаан хангамжийг хаанаас авах уу, юугаар тээвэрлэх вэ, яаж ямар баяжуулах үйлдвэр барих вэ гээд их олон том асуудлуудыг цогцоор нь шийдэх шаардлага үүсдэг учраас тэрийг мега төсөл гэдэг. Мега төсөл гэдэг нь том гэсэн утгатай. Мега гэдэг нь зөвхөн том гэсэн утгатай биш, маш төвөгшилтэй хэцүү гэсэн агуулгатай. Хэцүү гэсэн агуулга дотор аливаа мега төсөл улс төржилт дагуулдаг. Яагаад гэвэл олны анхааралд ордог, их том мөнгөн дүн яригддаг тийм учраас улс төржилт өөрийн эрхгүй дагуулдаг учраас мега төсөл гэх ойлголтоор энэ таван толгойг тойроод болж байгаа үйл баримтыг тайлбарлахгүй бол болохгүй гэж бодож байна.

Таван толгой гэх орд нь Монголын ард түмэнд бурхан тэнгэрээс заяасан том орд. Энэ ордыг ашиглахдаа бид мега төсөл болгох гэж байна. Мега төсөл болгохын тулд хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл нь бид нар олон орнуудтай өрсөлдөж байж энэ ордыг мега төсөл болгож чадна. Өнөөдөр үзүүлж байгаа слайд нь кокосжсон нүүрсний дэлхийн батлагдсан нөөцийг хамгийн тэргүүлж байгаа улсаар жагсаасан байна. Хамгийн их кокосжсон нүүрстэй орон нь Америк, Орос, Хятад, Австрали, Энэтхэг, Герман байна. Монгол өнөөдөр кокосжсон нүүрсний таван толгойн ордыг харах юм бол дэлхийн батлагдсан нийт нөөцийн 2 хувь байдаг. Өөрөөр хэлбэл бид нар энэ нөөцийг орчин үеийн дэлхийн хэмжээний өрсөлдөөнтэй мега төсөл болгож хувиргахын тулд бусад орнуудтай өрсөлдөж хийнэ. Түүнээс бид нар дээр хүмүүс ирж хийлгэх тухай асуудал байхгүй. Тиймээс бид нар энэ ажлыг өрсөлдөөн дунд хийж байгаа.

Өрсөлдөөн нь бид нарын улс төржилтийг, болж байгаа үйл явдлыг ойлгоход тустай байна. Таван толгой гэх том ордоо хөрөнгө оруулалт босгоод, том мега төсөл босгох гэсэн монголчуудын эрмэлзэл байна. Монголчууд гадны хөрөнгө оруулалт татах гэж 3 удаа оролдлого хийсэн. 2011, 2014, 2016 онуудад хийсэн оролдлогууд бүтэлгүйтсэн.

Бүтэлгүйтсэнтэй холбогдуулан улс төржилт явсаар шүүхийн асуудал болсон явж байгаа байдал байна. 2020 онд өнөөдрийн Засгийн газар ямар нэгэн хэмжээгээр гаднын хөрөнгө оруулалт татах гээд хувьцаа ярьсан. Бас л энэ оролдлогууд бүтэлтэй байх уу үгүй юу гэдэг нь бид нарын өнөөдөр ярьж байгаа асуудлаас их зүйл хамаарна. 2011 оны анхны хөрөнгө оруулалт босгох гэсэн оролдлогын эрх зүйн үндэс нь хамгийн анх 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан Улсын их хурлын тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол гэж гарсан. 2010, 2011 онд холбогдох Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн өмчийн хорооны янз янзын шийдвэр гараад том хөрөнгө оруулалт татах гэсэн хэлэлцээр хийх гэж оролдсон.

Миний болсон явдлыг үзүүлж байгаа шалтгаан нь прокурорын яллах дүгнэлт дотор 2014 онд хийх гэсэн оролдлого, хийх гэсэн тэр ажлыг 2010 эсвэл 2011 оны Засгийн газар, Улсын их хурлын шийдвэрийг зөрчсөн гэж хэлэгдэж гарч ирж байна. Энэ нь өмнө нь 2011 онд хөрөнгө оруулалт босгох гэсэн оролдлогуудын эрх зүйн үндэс тэдгээр байсан. 2011 онд олон улсын тендер зарласан. Олон улсын тендер зарлаад гадаадын 15, 16 компани консерциум Монголд саналаа ирүүлсэн байдаг. Хэлэлцээр хийх гээд гурвыг нь шалгаруулж аваад хэлэлцээрийн ширээний ард суусан байдаг. Тэгээд 2011 онд хэлэлцээр бүтэлгүйтсэн.

Энэ бүтэлгүйтсэн гол шалтгаан нь хэлэлцээр хийж байгаа талтай Засгийн газар хувь хэмжээгээ тохиролцож чадаагүй. Хамгийн гол асуудал бол нүүрсний том ордыг ашиглах гэдэг бол тээвэрлэлтийн асуудал байдаг. Тийм учраас монголын талаас тавьсан төмөр замын талаарх саналыг огт тохиролцож чадаагүй, хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй. Тийм учраас Улсын Их Хурлын 2008, 2009 оны тогтоол, холбогдох Засгийн газрын арга хэмжээнүүд бүгд энэ оролдлого руу чиглэсэн. Энэ оролдлого бүтэлгүйтсэн. Би 2011 онд таван толгой гэх ордыг мега төсөл болгож чадахгүй унасан. 2011 оноос 2014 он хүртэл Улсын их хурал, Засгийн газар монгол төр яаж хөрөнгө оруулалт татах, юу алдаж ирсэн бэ гэх асуудлуудаа эргэж хараад шинэ концепц гаргаж, шинэ шийдвэр гаргасан. 2014 оны оролдлогын эрх зүйн үндэс нь Улсын Их Хурлын 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 268 дугаар тогтоол ба үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, бусад шийдвэрүүд бүгд байгаа.

Прокурорын яллах дүгнэлт дээр 2014 оны оролдлогыг 2008, 2009, 2010, 2011 оны Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн гэж гарч байгаа мөртлөө 2014 оны гол таван толгойн гэрээг хийх гэсэн Улсын Их Хурлын шийдвэр, Засгийн газрын тогтоол ерөөсөө дурдагдаж өгөхгүй ийм зөрчилтэй асуудал үүсээд байна. Энэ нь хууль зүйн гэхээсээ илүү улс төрийн асуудал болж байна. 2014 оны оролдлого дээр өмнөх оролдлогуудаас ялгаатай зүйл нь нэгэнт кокосжох нүүрсээр Монгол жижигхэн байна, нөөц багатай, өрсөлдөгч их байна.

Өрсөлдөгч 15 орон байна. Энэ 15 оронтой өрсөлдөж байж том мега төслийг босгох хэрэгтэй юм байна. Яаж хийх вэ гэдэг асуудал үүсэж үйлдвэрлэл болон тээвэрлэлтийг том болгоё өөрөөр хэлбэл төмөр зам барья том борлуулалт хийе зөвхөн Бүгд Найрамдах Хятад ард улсын зах зээлд биш Солонгос, Япон, Энэтхэгийн зах зээл рүү гарах тэр бололцоог далайн боомт руу гарч энэ том зах зээлийг эзэлье гэсэн том амбицыг Монгол төр өөрөө гаргасан. Энэ болж байгаа процесс, энэ шинэ үйл явц, энэ үйл явцад би хувь хүнийхээ хувьд сүүлд татагдан оролцож ажлыг нь гүйцээж өгөх гэж ажилласан хүн. 2014 оны оролдлогын олон улсын сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлага байна. Таван толгой орд нь 100 хувь төрийн өмч байна. Өөр хэнд ч эзэмшүүлэхгүй. Эрдэнэс таван толгойтой хамтраад Цанхийн баруун хэсэг талбайд нүүрс олборлох борлуулах тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах, өөрөөр хэлбэл нэгэнт том баяжуулах үйлдвэрлэл барих бол түүнийгээ тээвэрлэх тээвэртэй нь хамт шийдэх хэрэгтэй гэж нөхцөл тавьсан. Ордыг түшиглэсэн үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц зам барьж байгуулах нөхцөл тавьсан. Байгаль орчинд ээлтэй технологи, нөхөн сэргээлт хийж нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах, монгол улсад үйлдвэрлэсэн бараа үйлчилгээг тэргүүн зэргээр авч хэрэгжүүлэх гэсэн ийм шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлагуудын дагуу бидэнтэй хэн хэн өрсөлдөж болох вэ гэж өрсөлдөгчдөө бас судалсан. Өрсөлдөгчдөө судлахад манай таван толгойн ордыг бүгд мега төсөл болгох гэж оролдож байгаа. Мега төсөл болгох гэж оролдож байгаа хамгийн ойр нь Мозамбик, Индонезийн кокосын орд байна. Бидэнтэй шууд өрсөлдөөн үүсгэж байгаа нь Оросын Эльга гэх кокосжих нүүрсний орд байна. Энэ ордуудтай өрсөлдөхгүйгээр бид мега төсөл болгож, эдийн засгаа томруулж явахад хэцүү юм байна гэдэг ойлголтод хүрсэн.

2014 онд олон улсын тендер зарлахад гол өрсөлдөгч Оросын төмөр зам компанийн захирал Якунин гэх хүнээс 6 дугаар сард манай Засгийн газрын ерөнхий сайд Алтанхуягт захидал ирсэн. Энэ захидал их анхаарал татна. Бид нар өрсөлдөгч нарын дунд явж байгаа. Хүний тоглоомонд орж, хүний тоглоомоор улс төр хийж монголчууд хоорондоо эвдрэх бэрхшээл эндээс шууд харагдана. Энэ захидлыг дэлгэрэнгүйгээр орос хэл дээр үзэж болно. Якунин нь оросын геополитикийн орчин үеийн асуудал гэдгээр эрдмийн зэрэг хамгаалсан хүн. Оросын геополитикийн нөлөөтэй том зүтгэлтэн гэж өөрийгөө үздэг. Тэгж хүлээн зөвшөөрөгддөг. Тийм учраас Якунины Алтанхуягт ирүүлсэн захидал нь төрийн хэмжээний бодлого байхыг үгүйсгэхгүй. Уг захидлаар гол илэрхийлсэн зүйл нь 2014 оны олон улсын хийх гэж байгаа тендер чинь оросын РЖД компани оросын төмөр замын холдингийн түнш нүүрсний компанийн ашиг сонирхолд нийцэхгүй байна гэдгээ шууд хэлсэн.

Манай нүүрсний компанийн ашиг сонирхолд нийцэхгүй байна. Нарийн буюу 14.35 олон улсын стандартаар төмөр зам тавихыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Болж байгаа явдал төмөр замын дэд бүтцийн салбар, стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай тохиролцоонд нийцэхгүй байна. Орос хэл дээрхийг нарийвчилж үзвэл төмөр замаа зүүн тийшээгээ тавь гэсэн чиг заасан захидал байна. Энэ захидлын дараа Монголын улс төрд бужигнаан болсон.

06 дугаар сард Якунины олон улсын тендертэй холбоотой ирүүлсэн захидал, Алтанхуяг сайдын Засгийн газар огцорсон. Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан. Сайханбилэг өөрийнхөө өмнө Монголд гацсан байгаа Оюу толгой, таван толгой гэсэн том ордуудыг мега төсөл болгохыг урагш нь түлхэж өгөхгүй бол улсын эдийн засаг болохгүй юм байна гэдгээ  хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Сайханбилэг дандаа эдийн засаг гэж ярьдаг. Өөрийнх нь лоозон эдийн засаг бас дахин эдийн засаг гэсэн утгатай байсан. Сайханбилэг энэ төслийг явуулах хэрэгтэй байна гээд надтай уулзсан. Олон улсын тендер өмнө нь Алтанхуягийн Засгийн газраас зарласан байна. Хариу санал нь битүүмжилсэн байдалтайгаар ирсэн байна. Битүүмжилсэн саналуудыг задлаад уралдаанд шалгаруулалт хийж, шалгарсан хүмүүстэй хэлэлцээр хийж, амжилтад хүрэх ажлыг ахлаж ажиллаач гэсэн хүсэлтийг надад тавьсан.

Эхний удаа би татгалзсан. Хоёр дох удаагаа үнэхээр шаардсан тул би татгалзахын аргагүй байдалд орж энэ ажлыг хүлээж авч хийж байсан. Ажилласан хугацаа нь үндсэндээ 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл гэрээн дээрх ажил хэлэлцээрээ хийж явсан. Ер нь том ордоо мега төсөл болгоход биднийг заавал хагаралдуулна гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна.  Өрсөлдөгч маань бид нарыг хагаралдуулна. Бид хагаралдсан зүйл дээр өөрсдөө явж ороод хагаралдаад байдаг. Энэ талаар хэлэхээс өөр арга байхгүй. Төмөр замаа өргөн, нарийн гэж хуваагдаж хагаралдана. Эсвэл таван толгойн бизнесийг тээвэрлэлт, олборлолт, борлуулалт нь тусдаа гэж маргана. Эсвэл таван толгойн ордын бизнесийг баруун, зүүн цанхи гэж хуваана. Өөрөөр хэлбэл бид гадны геоулстөрийн бодлого дотор өөрсдөө орчихоод өөртөө хүндрэл үүсгэж явж байна. Эцсийн үр дүнд барууны орнуудыг шахах, бидэнд Хятадаас өөр зах зээлийг үлдээхгүй байх ийм ноцтой үр дагаварт бид нарыг болж байгаа үйл явдал энэ байдал руу хүргэж байна. Болсон явдлыг бүхэлд нь харах юм бол таван толгойтой 2015 онд хийж чадсангүй. Одоо 5 жил өнгөрсөн байна. 5 жилийн хугацаанд Оросын нүүрсний компанийн сонирхолд нийцэхгүй Якунинаас захидал авч байсан. Оросын Эльга гэх кокосжихнүүрсний орд бүтээн байгуулалтаа хийсэн. 321 км газар төмөр зам тавьсан. Хятад руу нийлүүлдэг экспортын хэмжээгээ нэмсэн. Тогтвортой харилцаагаа бүрдүүлсэн байдалтай байна. Бид нар хэний тоглоомоор тоглоод байна бэ гэдэг миний сэтгэлийг их зовоодог. Мега төсөл нь хөгжих гэж явж байгаа орнууд том асуудлаа өөрсдөө харж дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол цаашид бид нарт хүндрэл үүснэ. Өнөөдрийн болж байгаа үйл явдлыг үүнтэй холбож үзэж үүнийг тайлбарлаж байна. Зүүн тийшээгээ төмөр зам барь гээд заавар өгсөн. Тэрийг итгэл үнэмшилтэй болгох гээд Сайншанд аж үйлдвэрийн парк гэх мөрөөдөлд итгүүлсэн үр дүнтэй явж байна.

Том алдаа нь бид хүний тоглоомонд орсон явж байна. 34  дүгээр тогтоол бол 2014 оны гэрээтэй холбоотойгоор улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр нэмүү өртөг бүтээ гэсэн. Нэмүү өртөг бүтээнэ гэдэг нь баяжуулах үйлдвэрээ барих, тээвэрлэлтээ томоор зохион байгуул гэсэн үндсэн ерөнхий чигийг өгсөн. Тэр ерөнхий чиг дээр үндэслээд Монгол Улсын Засгийн газар 2014 онд 268 дугаар тогтоол гэж гаргасан. Тогтоолын 9 гол санааг тэмдэглэсэн байна. Төрийн мэдэлд 100 хувь ашигт малтмалын зөвшөөрөл хэвээрээ байна. Орд газрыг хувийн хөрөнгө оруулалтаар цогц байдлаар шийд, нэмүү өртөг шингээ, төмөр замд хөрөнгө оруулалт хий, эрдэнэс таван толгойд үүссэн байсан ча компанийн өрийг барагдуул, төрийн өмчит Монголын төмөр зам компани Чингис бондоос санхүүжүүлээд асар их шороо овоолоод хаясан. Тэр хөрөнгийг энэ төсөл гэрээ хийж байхдаа буцаад төсөвлө гэсэн.

Үнэндээ өнөөдөр Чингис бондоос Хөгжлийн банкаар дамжуулж хийсэн тэр мөнгийг төслийн Шинхуа, Сумитомо, Энержи Ресурс компаниудад бид нар Хөгжлийн банкны гаргасан тооцооллоор төлөөлнө гэж тохирсон байсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт сунасан бол маш олон давуу талуудыг бидэнд бий болгоно. Хамгийн гол нь энэ нүүрсийг ганц Хятадын зах зээл биш Япон, Солонгосын зах зээл дээр бодитойгоор гаргахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байсан. Өнөөдрийн Эрдэнэс таван толгой компани бол Ашигт малтмалын тухай хуулийн 35.5 дугаар зүйлд заасан зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг эзэмших бүрэн үүргийг хүлээх бөгөөд зөвхөн ашиг холбох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно гэсэн заалттай байна. Одоог хүртэл энэ заалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна. Сорчлон ашиглана гэдэг нь том ордыг ухаад зөвхөн чанартай авъя гэснийг ачуулаад чанаргүй овоолгыг нэг мөр өөр тийш нь овоолоод хаядаг. Ийм байдлаар явж байна. Энэ бол ордын насыг бууруулахаас гадна байгаль орчны бохирдол үүсгэдэг. Энэ талаар 2008 оноос хойш монгол төр мэдэж байгаа тул аль болох баяжуулах үйлдвэр, тээвэрлэлттэй зохион байгуулах мега төсөл босгох гэж оролдож явж байна. 2 оролдлого бүтэлгүй болсон.

Гурвалсан Шинхуа, Сумитомо, Энержи Ресурстай хийхээр шийдэгдэх байсан зүйлс нь нэгдүгээрт олборлогдож байгаа нүүрс сорчлогдохгүй, бүх олборлосон нүүрсийг дундаж стандартад баяжуулах үйлдвэрт оруулаад өртөг шингээгээд зарах, 30.000.000 тонн нүүрс баяжуулах үйлдвэр барих, 270 км газар төмөр зам бариулах, нэгэнт төмөр зам баригдвал Хятадын сүлжээгээр дамжаад гуравдагч зах зээлд гарах бололцоо нээгдэх ийм төсөл байсан.

Ийм төслийг илтэд буруушааж байгаа нь манай дотоодод болж байгаа улс төр бөгөөд эцсийн дүндээ монголын эрх ашигт үйлчлэхгүй дандаа манай өрсөлдөгчийн эрх ашигт үйлчилж байна. Хөрөнгө оруулалтын задаргааг хэлж ойлгуулахгүй бол болохгүй гэж бодож слайд хийсэн. Нийтдээ 4.000.000.000 долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцоотой байсан. Төмөр зам дээр 1,16, уурхайн тоног төхөөрөмж дээр 640.000.000 гээд бүх зүйл нарийн тооцоотой. Шинхуа, Сумитомо, Энержи Ресурс нь гурвалсан ажиллагаа нь яаж зохион байгуулагдах гэж байсан бэ гэхээр Монголиан Майнинг Корпорэйшн, Шинхуа хоёр нь монголын талын монголын хувийн компани давуу байх нөхцөлтэйгөөр компани байгуулагдаад төслийн компани нь Сумитомо гээд Японы компанитай хамтраад худалдааны компаниа байгуулах, тэрний доор төмөр замын компаниа байгуулж ажиллах ийм тооцоонуудтай байсан.

Үүнийг хэлж байгаа нь нэгдүгээрт мега төсөл нь 1.000.000.000 доллароос дээш гарсан төслийг мега төсөл гэдэг. Мөнгийг олох гэдэг тийм амархан ажил биш. Үнэгүй өгсөн гэх яриа бол буруу байдаг гэдгийг зөвөөр хэлэх гэж слайдыг оруулсан.

Эдийн засгийн ач холбогдлыг тухайн үед Монгол Улсын Засгийн газарт миний бие танилцуулж байсан. Та бүгдэд танилцуулж байгаа слайд, хэлж байгаа зүйлс нь би шинээр зохиосон зүйл нэг ч байхгүй. 2014, 2015 онд ямар слайд үзүүлээд юу ярьж байсан юу танилцуулж байсан тэрийгээ тэр чигт нь товчилсон хэлбэрт оруулаад хуулбарласан. Та бүгдэд танилцуулж буй эдийн засгийн ач холбогдлын талаар 3 хэсэгт хувааж тайлбарлаж байгаа нь бүгд тухайн үеийн Засгийн газарт миний оруулсан өөрийн танилцуулга дотор байгаа. Энэ нь нээлттэй байна.

Эдийн засгийн ач холбогдол нь энэ дотроос сугалж авч ярих юм бол төмөр замын бүтээн байгуулалт гээд овоолсон шороонд хийсэн мөнгөө эргэж олж авах бололцоотой байсан. Энэ олж авсан мөнгө нь эргээд Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийг тэлж өгөх бололцоотой байсан. Чалко ХХК д төлөх байсан өрнөөс Монгол Улс чөлөөлөгдөх байсан. Бүх төрлийн Монгол Улсын хууль тогтоомжид заасан бүх төрлийн татвар, хураамжийг төслийн компаниар төлүүлэх байсан. Тэр нь өөрөө монгол улсын төсөвт том хувь нэмэр болно. Хоёрдугаарт нь бүхэлд нь аваад үзвэл манайд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 10 хувиар тэлэх том мега төсөл байсан. Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд 500-600 аж ахуйн нэгж Монголын компани ажиллах байсан. Туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцохоор байсан. 8000-12000 иргэнийг ажлын байраар хангах боломжтой болно гэж бид нар тооцож байсан.

Нэг баяжуулах үйлдвэр бариад өөрийнхөө кокосжих нүүрс дээр том мега төсөл хэрэгжүүлбэл дараа нь кокосны үйлдвэрийг ч гэсэн мөрөөдөж болно. Бид нар олон улсын хэмжээнд том төсөл хэрэгжүүлж чаддаг юм байна гэж монголчууд харагдсан бол Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц гэх мэт дараагийн том мега төслүүд ажиллах бололцоотой байсан. Харамсалтай нь тэр боломжуудыг бид алдсан.

Гэрээний хугацааг тойрч их улс төрждөг. Гэрээний төсөл дотор байгаа гэрээний хугацаа гэх заалтыг зориуд үзүүлж байна. Гэрээний хугацаа 30 жил байна. Дахин 30 жилээр сунгах шаардлага гарвал тэр асуудлыг тухайн үеийн 30 жилийн дараа ажиллах Монгол Улсын Засгийн газар шийднэ гэж тодорхой оруулсан. Тухайн үеийн Монгол улсын засгийн газар гэрээний хугацааг сунгахдаа дараах нөхцөлийг заавал шалгасан байх ёстой гэсэн заалт байсан. 30.000.000 тонн нүүрс борлуулах хүчин чадал бий болгосон байх ёстой. Баяжмалаа зөвхөн хятадын зах зээлд биш хоёроос дээш зах зээлд гаргасан байх үүргээ биелүүлсэн байх ёстой. Эрдэнэс таван толгой компанид хамтын ажиллагааны төлбөр төлсөн байх ёстой.  Компани монгол улсын хууль тогтоомжид заасан бүх татвараар төлсөн ямар нэгэн өргүй байх ёстой. Таван толгой Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан байх ёстой гэсэн хатуу нөхцөлтэй гэрээ байсан. Гэрээний хугацаа 100 жилээр үнэгүй өгөх гэсэн улс төржилт ямар ч үндэслэлгүй байхгүй. Энэ бол монголын эрх ашигт бус хүний эрх ашигт үйлчилж байгаа бодлого байсан. Буруу улс төржүүлдэг буруу ойлгуулдаг зарим нэг ташаа ойлголтуудыг зориуд хэлэхгүй бол болохгүй гэж бодож байна.

Most favored nations гэж хуулийн томьёолол байдаг. Намайг гадаадын ажиллах хүчийг оруулж ирэх тэдэнд нэн тааламжтай нөхцөл өгөх гэж байсан гэж буруутгадаг. Англи хэл дээр most favored гэж үг нь нэн тааламжтай гэж орчуулагдах нь үнэн.

Гэхдээ нэн тааламжтай гэдэг үгийн цаана Монгол улсын Хөдөлмөрийн хуулиар 7 хоног 40 цагийн хөдөлмөрийн хуваарьтай байна. Монгол ажилчдад өгдөг ямар эрх ямба байна түүнийг эдэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрнээс илүүг эдлүүлэхгүй гэсэн үг. Тэр нь олон улсад томьёологдсон нэн таатай гэх томьёотой байдаг. Нэн таатай нөхцөл олгоно гэдгийг Монголчуудаас илүү нөхцөл олгох гэж байсан гэж буруу тайлбарладаг. Энэ буруу улс төржилт байна. Хөгжлийн түвшингээс хамаараад төсөл хэрэгжүүлэх шатан дээрээ ирээд будилж байгаа улс учраас ийм зүйл дээр хүртэл будлиан хийж байна. Waive sovereign “Вев совернимум” олон улсад тогтсон нэр томьёо. Энэ нэр томьёо нь Монгол улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөнө гэсэн утгатай. Мега төсөл дээр арбитрын шүүхийг гуравдагч этгээдээр хөндлөнгөөс авдаг. Гуравдагч этгээдээр арбитрын шүүх дуудагдахад Монгол улсын засгийн газар оролцогч байна гэдгээ хэлэх үг нь Waive sovereign “Вев совернимум” гэж англи дээр бууж ирдэг. Sovereign “совернимум” гэдэг үгийг хараад хууль зүйн олон улсын практикийг мэдэхгүй хүмүүс тусгаар тогтнолоосоо татгалзах гэсэн байна гэж мушгин гуйвуулдаг. Арбитрын шүүх дээр очоод дипломат эрхээсээ татгалзах гэлээ гэсэн иймэрхүү байдлаар улс төр тайлбарлагддаг. Үнэн хэрэгтээ тийм хэрэг биш.

Бид нар конвенцийн дагуу олон улсын конвенцийг дагаж мөрдөнө. Арбитрын шүүх дээр бид нар оролцогч байна гэсэн агуулгатай. Гэрээний төсөл яаж хийгдсэнийг сайн ухахгүй бол болохгүй.  Гэрээний төсөл хийхийн тулд ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тухайн ажлын хэсгийн ахлагч байсан. Гишүүдэд нь Сангийн сайд, Уул уурхайн сайд оролцсон. Байгаль орчны ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга оролцсон ийм ажлын хэсэг байна. Өнөөдрийн яригдаж байгаа асуудал нь зөвхөн надтай холбоотойгоор яригдаж байна. Ерөнхий сайдын захирамжаар дэд ажлын хэсэг байгуулагдсан. Дэд ажлын хэсэгт бүх яам тамгын газруудаас мега төслийг жоохон мэдэх ойлгох, хийх хариуцлага үүрэх бүх хүмүүсийг бүгдийг татаж оролцуулсан. 2014, 2015 онуудад бүгдээрээ мэргэжлийн гэж хэлж болно. Прокурорын яллах дүгнэлтэд гэрч гэж хэлэгдэж байгаа хүн дотор миний таних хүн нэг ч алга. Дандаа таньдаг улс төрчид байна. Мэргэжлийн хүмүүс байхгүй байна. Ажлын хэсэгт орсон уул уурхайн сайд, сангийн сайд үнэхээр хорлон сүйтгэж байсан юм уу, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж байсан юм уу гэдгийг тэд нар гэрчлэх ёстой. Дэд ажлын хэсэгт орж байсан олон төрийн нарийн бичгийн дарга, яам тамгын газрын экспертүүдэд орж ирсэн хүмүүс үнэхээр намайг давуу байдал үүсгэх гээд тэмцэлдэж байсан, хорлон сүйтгэх гэж байсныг тэд гэрчлэх ёстой. Прокурорын дүгнэлтэд гэрч гэж дурдагдаж байгаа хүмүүс байна. Би тэдгээр хүмүүсийг хүндэтгэж нэрийг дурдахгүй байгаа болохоос улс төр хийдэг хүмүүс бүгд тэнд жагссан байна.

Экспертүүд шинжилгээ хийсэн байна. 2 удаа экспертийн шинжилгээ хийгдсэн. Би экспертүүдийг голохгүй. Гэхдээ тэд хэрэгжээгүй төсөлд хийсэн аливаа тооцоолол бол нотлох баримт болохгүй гэдгээ хэлж дүгнэлт гаргасан. 2 удаа экспертийн баг томилоход би хүсэлт тавьсан. Миний тавьсан хүсэлт нь монголчуудын хувьд мега төсөл нь хүнд бөгөөд шинэ асуудал байна.  

Ийм ноцтой асуудал яригдаж байгаа үед  олон улсын эксперт аваад ажиллуулаад дүгнэлтийг хийлгэж өгөөч гэсэн хүсэлтийг би тавьж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед миний тэр хүсэлтийг хүлээж аваагүй.

Яагаад би тэрийг зоригтой санал тавьж чадаж байна вэ гэвэл Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр 2010 онд Оюутолгойтой байгуулсан гэрээ ямар байсан бол гэдгээ Монгол улсын Засгийн газар хийлгэж байсан. Хөндлөнгийн мега төслийн мэргэжилтэн байгаа бол тэдний тооцоог үнэхээр анхааралдаа авч болох байсан. Гэхдээ би өөрийнхөө экспертүүдийг үгүйсгэхгүй ч гэсэн бидний дүгнэлтэд зөрөлдсөн зүйл зөндөө байгаа. Болж байгаа үйл явдалтай холбогдуулах юм бол тооцоолон нотлох баримт болохгүй гэдэг дээрээ хэлсэн байгаад нь зөв байна гэсэн ойлголттой байна. Ер нь том мега төслийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн орос, англи, хятад хэлтэй байгаад нэмэр байхгүй. Бизнесийн хэлтэй байх ёстой. Тэр нь бизнесийн хэл нь нягтлан бодох бүртгэл юм. Манай нягтлан бодох бүртгэлийн хуульд олон улсын стандарт мөрдөнө гэсэн ганц өгүүлбэр байдаг. Олон улсын стандарт нягтлан бодох бүртгэл нь яаж хийгддэг, юу хийдэг талаар одоог хүртэл манай хөгжлийн түвшин тийм учраас зөрчилдсөн хэвээр байгаа. Мега төсөл дээр олон улсын бие биенээ ойлголцохын тулд жорк гэх стандарт тавигддаг. Хамтарсан байгууллагын хороо гэж байгууллагын стандарт тавигддаг. Тэр стандартаас гэрчилгээ авсан тэр стандартад хүргэж ажил хийж чаддаг хүмүүсээр эксперт хийлгэсэн бол би сэтгэл хангалуун байх байсан.

Гэхдээ зовлон бэрхшээлтэй асуудал байсан байх гэж бодож байна. Манайд жоркийн гэрчилгээ авсан цөөхөн мэргэжилтэн байдаг. Тэр мэргэжилтнүүдийн хамгийн сүүлд хийсэн тооцооллоор Гложекс компанийн тооцооллоор хэрвээ 2014 оны оролдлого бүтсэн бол өнөөдрийн Эрдэнэс таван толгой компанитай харьцуулах юм бол алдагдсан өртөг боломж бол 12.000.000.000 доллар гэсэн тооцоо гаргасан байгаа. Яллах дүгнэлтэд орсон гэрчүүд дийлэнх нь таван толгой төслийг боловсруулахад оролцоогүй шүүмжлэгчид байдаг. Мэдүүлгүүд нь тухайн үед болсон явдалтай зөрчилдөж байгаа. Өөрийгөө шатаасан Эрдэнээ, Эрдэнэчимэг, Гансүх нар нь улс төрчид байна. Би тэд нарыг улс төрийн өөр байр суурьтай байхыг хүндэтгэж байна.

Гэхдээ мега төсөл дээр мэргэжлийн байх хэрэгтэй. Үүрэг даалгавар өгсөн төрийн удирдах дээд албан тушаалтнууд Ерөнхий сайд Сайханбилэг, Алтанхуяг, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ерөнхийлөгч Х.Баттулга нар ажлын хэсэгт орсон сангийн болон хууль зүйн сайдуудаас мэдүүлэг авч таван толгойг тойрсон бодит байдлыг тогтоох ажлыг ерөөсөө хийгээгүй. Үүнийг бид нар урьдчилсан хэлэлцүүлэг дээр гүйцэд хийлгэх үүднээс санал тавьж байсан.  З.Болдбаатар шүүгч үндсэн шүүх хурал дээр энэ асуудлыг шийднэ гэсэн. Ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүдээс нөхцөл байдлын талаар мэдүүлэг авбал дүр зураг, үнэн байдал илүү тодорно гэж бодож байна. 04 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Нөгөө улс төржилт, нөгөө том албан тушаалтнуудаас улс төрөө хийдэг гэдгийг би харуулж байна. Дэндүү том албан тушаалтай, дэндүү том хариуцлагатай байх ёстой хүн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх нь гэрээний төслийн 4 хувилбар байгаа гэж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу урьдчилсан хэлэлцүүлэг болдог өдөр жиргэсэн байна. Өөрөөр хэлбэл нийгэмд худлаа гэрээ хийсэн ба тэр гэрээгээ өөрчлөх гээд олон хувилбар гаргадаг гэсэн ийм маягийн зүйлийг сэтгэл зүйн хувьд нийгэмд дуулгах гэсэн улс төрийг дээрээс эхлээд хийж байна.

Үнэхээр гэрээний төслийн 4 хувилбар байгаа эсэх талаар Гансүх гэрчээр ирсэн бол би асууна гэж бодож байсан. Шүүх дээр ирсэн прокуророос ирүүлсэн материал дотор ганцхан гэрээ байна. Угаасаа ганцхан гэрээ байх ёстой. Яагаад гэвэл хийгдсэн ажил нь тэр, Засгийн газарт  танилцуулагдсан гэрээ нь тэр, Засгийн газраас Улсын их хуралд өгсөн гэрээ нэг л байгаа. Үүн дээр мөрдөн байцаах ажиллагаа, прокурор дээр элдэв асуудал гарч байгаагүй. Гэхдээ энэ сэжиг таамгаа хэлж байсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал үргэлжилсэн хэвээрээ байна. Би хийгээгүй гэрээгээр хэрэг зохиож байгааг цэвэр улс төр гэж харж байна гэдгээ хэлмээр байна. Гэхдээ энэ бол миний эсрэг хийж байгаа хэрэг биш. Монголын эрх ашгийн эсрэг хийж байгаа өрсөлдөгчдийн төлөө хийж байгаа ажил гэж би харж байна. Ямар ч байсан монголын эрх ашигт нийцэхгүй. Ер нь би сая мега төслийг танилцуулж байхдаа хэн 5 жилийн дараа хожсон бэ гэдэг дээр харвал тодорхой харагдана гэж бодож байна. Би өөрийгөө хамгаалах цор ганц арга бол олон нийтэд өөрийгөө зөв ойлгуулах асуудал. Тийм учраас би Улсын Их хурлын дарга Занданшатар, Ерөнхий прокурор нарт хандаж ил захидал бичсэн. Хууль зүйн ямар зөрчил байгаа талаар манай өмгөөлөгч нар тодорхой дүгнэлт гаргана...” гэжээ. 

Бид дараагийн цувралд М.Энхсайханы хавтаст хэрэгт гэрчүүд хэрхэн мэдээлсэн талаар болон бусад баримтуудыг хүргэж болно. 

Холбоотой мэдээлэл: Цуврал №1: М.Энхсайханы холбогдсон хэрэгт буюу З.Энхболд, Ц.Элбэгдорж нар ч хамааралтай