Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн экспертүүд салбарын тулгамдсан асуудлыг хөндлөө. ХЭҮК, Нээлттэй нийгэм форум хамтран “Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний эрх” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж судлаач, шинжээчид гарц шийдэл ярилаа.

Жил ирэх тусам хүрээгээ тэлж нийгмийн тулгамдсан асуудал болж буй сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар харилцан санал солилцсон юм. Мэргэжлийн экспертүүдийн байр суурийг хүргэж байна. 

СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа: АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ 40 ДАХИН ИХЭССЭН

 

-Монголчуудын 5-6 хүн тутмын нэг нь ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай, амиа хорлох тухай бодож байсан гэсэн судалгаа гарсан. Тодруулбал, баруун хэсгийн бүсэд 100 мянган хүнд 28.1 хувьд ийм байдал ажиглагдсан  байна. Хүн амын дунд 2019 онд хийсэн судалгааг 1984 оныхтой харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна. 

Мөн мансуурлын түвшин жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Үүнд, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ 2015 онд 90 байсан бол 2019 оны 354 болтлоо ихэссэн.Мөн манай төвд хандсан хүүхэд, өсвөр насныханд хийсэн судалгаагаар 30.5 хувь нь сэтгэцийн асуудалтай, есөн хувь нь ямар нэг эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан.

Сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд зардал үргэлж асуудал байсан Үндэсний хэмжээнд судалгаа шинжилгээ хийх боломжгүй байдаг. Олон улсын байгууллагаас санхүүжилт авч байж судалгаа хийх шаардлагатай болдог. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж байгаа тул судалгаануудыг 10 жил тутамд хийх шаардлага тулгарч байна.

 

АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин: СЭТГЭЦИЙН ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ

 

-Хүний эрхийг хамгаалахын тулд хүний сэтгэц, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл бид үр дүн, шинж тэмдгийн тухай их ярьдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэцийн гэмтлийг тогтоодог болох хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалахын тулд сэтгэл буюу сэтгэцийг хамгаалах нь чухал. Гэтэл бид шинж тэмдэг, үр дүнгийн асуудлыг маш их ярьдаг. Шалтгаан эсвэл тогтолцооны асуудлыг огт ярьдаггүй.

Сэтгэцийн гэмтэл гэж нэг юм бий. Манайд сэтгэцийн гэмтлийн зэргийг тогтоох хэрэгтэй. Гэмтлийн зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж гуравхан зэргээр тогтоодог. Гэтэл сэтгэлзүйн гэмтлийг хэн ч, хэзээ ч тогтоодоггүй. Манайх цаасан дээр бичсэн хуулиа л дагадаг учраас үр дүнд хүрэхгүй, хэрэгжүүлэхгүй байна.

 

“Хөөрхөн зүрх’’ ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг: ХОХИРОГЧИЙН СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛЫГ НӨЛӨӨЛЛИЙН АРГААР ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Манай байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй ажилладаг.

 

 

Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахийн тулд бүх шатанд сэтгэлзүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Манай улсад хохирогч өөрийгөө буруутай гэх үзэл түгээмэл байна. Тиймээс хохирогчийн сэтгэлзүйн асуудлыг нөлөөллийн аргаар сурталчилан, таниулах хэрэгтэй байна.

 

 

Үйлчилгээ үзүүлж байгаа гээд гэмтээгээд байна уу, үзүүлнэ гээд зүтгээд байна уу гэдгийг мэдрэх чухал. Мөн бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхдийн асуудалд маш хайнга хангагддаг. Бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхэд маш урт хугацаагаар сэтгэл санааны дарамттай явдаг. Үүнд гол нөлөөлж буй нэг зүйл нь тухайн хэргийг шийдэж буй хуулийн байгууллагаас шалтгаалж байна. Яадаг вэ гэхээр хэрэг хянан шийдэж байна гээд урт хугацаагаар нөгөө хүчирхийлэлд автсан хүүхдийг байн байн цагдаагийн байгууллага дээр дууддаг. Энэ нь хүүхдэд болсон хэрэг явдлыг эргэн сануулж байдаг. Энэ асуудал дээр төрөөс анхаарч хүчирхийлэлд өртсөн хүүхдийг харж үзээч гэж хэлмээр байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул: ХӨНГӨН ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСИЙГ НЭГ ӨРӨӨНД ЭМЧИЛЖ БАЙНА

 

-Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эмгэг судлалын клиникт үргэлжлүүлж байна. Энэ клиникт 30 хүнийг эмчлэх боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 41 хүн эмчлэгдэж байна. Тухайлбал 2-8 хүн нэг өрөөнд эмчилгээ хийлгэж тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа. Албадлагын арга хэмжээ авахуулсан хүмүүсийг гэмт хэрэг зөрчил үйлдсэн хэлбэрээр ялгах ёстой ч хөнгөн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нэг өрөөнд эмчлэгдэж байгаа. Түүнчлэн клиникт “COVID-19” халдвар гарсан тохиолдолд тусгаарлан эмчлэх өрөө, тасалгаа байхгүй учраас халдвар тархах эрсдэлтэй. 

 

Хүүхэд хамгааллын ажилтан Б.Жавзанхүү: СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА 

 

-Хүүхдүүдийн сэтгэцийн эмгэг хамгийн их байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байнга яригдаж байна.

 

Монголд сэтгэцийн эмгэг, өвчинг оношлох шаардлагатай. Оношлох эмнэлэг, эмчлэх эмч мэргэжилтэн дутмаг байна. Нэн тэргүүнд оношилгооны асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй.

 

 

 

Тэгж байж тохирсон эмчилгээг нь хийнэ.

 

Сэтгэл зүйч С.Баасанбат: ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ СУРГАЛТ БАРИВЧИЛГАА ХИЙГДДЭГ

 

-Миний хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр 20 гаруй жил ажиллалаа. Гэтэл одоо болтол сэтгэцийн асуудлыг хэмжиж оношилдоггүй, хохирогчийн сэтгэл зүйн байдал ямар байгааг анхаардаггүй хэвээр байна. Мөн хүчирхийлэгчийн зан үйл засах сургалт буруу явагддаг. Ингээд ямар ч үр дүнгүй сургалт баривчилгаа хийгдсэний дараа уур хорсолтой хүчирхийлэгч гэртээ очоод дахиад хүчирхийлэл үйлддэг. Хохирогчийн сэтгэл зүйн эрүүл байдлыг анхаардаг, хамгаалалтад авдаг болмоор байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин