“Хадгаламж банк” хятадуудад зарагдлаа, гадаад эзэнтэй боллоо гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдаж байгаа нь үндэслэлгүй ташаа гэх тайлбарыг Хадгаламж банкны Олон нийттэй харилцах албанаас албан ёсоор өгч байна.

Гэтэл уг чанартаа Хадгаламж банк манайх мөн үү гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал л даа. За яахав одоо яригдаж, гадагшилж буй мэдээллээс үзэхэд “Жаст”-ын удирдлагууд Хадгаламж банкинд хувь эзэмших хүсэлтэй гадны гурван компанийн хүсэлтийг харьцуулан үзэх үйл ажиллагааг ид явуулж байгаа аж. Банк бол бизнес. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдыг татах нь гаж үзэгдэл биш. Гэхдээ тус банкны зүгээс энэхүү мэдээлэлд ихээхэн эмзэглэсэн байдлаар хандаад байгаа нь анхаарлыг татаж байгаа юм. Тэрчлэн Хятадуудад дийлэнхи хувиа өгч магадгүй байгаа гэх мэдээлэл дээр тогтож анзаарахаас өөр аргагүй. Зургаан жилийн өмнө тухайн үеийн МАХН-ын нэр бүхий эрхмүүдийн нэр холбогдсон 14 тэрбумын хэргээр олны анхааралд хүчтэй орж ирсэн “Хадгаламж”  банкийг "Монгол шуудан" банктай нэгтгэх хорыг найруулалцсан нэг тал нь "Жаст групп". Тэд тэгээд зогсоогүй "Зоос" банкны дампууралд хэд хэдэн үндэслэлээр буруутгагддаг гэдгийг тодотгочиход гэмгүй.

Түүнчлэн “Хадгаламж”  банк  нэрэн дээрээ "Жаст”  группынх ч нидэр дээрээ Оросуудын эзэмшлийнх хэвээрээ байгаа гэдгийг баримтуудаас харж болохоор юм. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уяж харвал Оросууд Хятадуудтай монгол тодотголтой банкны хувь эзэмшлийн асуудал дээр тохироо хийх гээд байж мэдэхээр байна.

1940-өөд оноос хойш ард иргэдэд  орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр, хадгаламжийн үйлчилгээг үзүүлж ирсэн Хадгаламжийн касс-ын суурин дээр 1996 онд үүсгэн байгуулагдсан ууган банк болох  "Хадгаламж" банкны хувь заяаг хувийнхан тэр дундаа Оросууд залах болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Тус банкийг 2006 онд хувьчлахад "Чингис хаан" банк, ОХУ-ын "Братский народный" банк, "МО секьюритс" гээд гурван газрын хамтарсан консорциум тендерт ялж худалдаж авсан байдаг. Тэгээд дараа нь ОХУ-ын “Коалка групп”-т худалдаж байсан бол “Жаст групп” 2010 онд  ”Хадгаламж банк”-ийг эргүүлэн авсан гэх ил мэдээлэл бий.

Гэхдээ энэ нь эргэлзээтэй мэдээлэл. "Чингис хаан" банкны эзэн  “Чёрные братъя” гэх мафийн угшилтай  С.Громов гэгч консорциумд нэгдсэн "МО секьюритс" компанид 2008 оны арванхоёрдугаар сард "Хадгаламж" банкийг бүрэн шилжүүлсний цаана Оросын тэрбумтан О.Дерипаско байсан гэгддэг.  Тэгвэл “Хадгаламж" банкны 100 хувийн өмчлөгч бөгөөд дүрмийн санг нь 15 сая ам.доллараар нэмэгдүүлсэн "МО секьюритс" компани нь "Жаст" групптэй менежментийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Хадгаламж банкийг гурван жилийн хугацаанд тодорхой болзолтойгоор үйл ажиллагааг нь явуулж, үр ашгийг дээшлүүлэх, яваандаа өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Тэр дагуу 2010 онд “Хадгаламж” банк "Жаст" группд бүрэн шилжсэн гэж харагддаг боловч, бодит байдал дээр Оросуудын мэдлээс гараагүй гэх мэдээлэл бүдэгрэхгүй байна.

Түүнчлэн “Жаст” болоод “Хадгаламж”-ийн холбогдсон түүхийг харахад 2009 онд ямар ч тендер зарлаагүй байхад менежментийн гэрээгээр авсны цаана мөнөөх л Оросууд байж гэдгийг  илтгэх нэгэн жишээ бол 2009 онд ОХУ-ын ерөнхий сайд В.Путин манай улсад айлчлах үеэр тус улсын Засгийн газраас манайд хөнгөлөлттэй зээл олгох болсон бөгөөд тэр мөнгийг "Хадгаламж" банкинд байршуулсан байдаг. Харин тэр үед Хадгаламж банк Жаст группийнх гэгдэх болсон байсан.

Ерөөс Хадгаламж манайх биш гэдгийг илтгэх баримт бол  Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нь  тус компанийг гадаадын буюу Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн эзэмшлийнх  гэж бичсэн байдгаас баталгаажна гэдгийг ч эх сурвалж хэлж байсан. Түүнчлэн “Жаст” групп  болон Ш.Батхүүг  С.Баярын залуур дор Оросуудын заавраар хөдөлж ирсэн гэдгийг хэвлэлүүд бичиж ирсэн. Ямартаа л Олон овоотын ордыг  авахын төлөө Зоос банкийг дампууруулж, Засгийн газраас гаргасан 100 тэрбумын бондыг нь авчихсан. Тэр мөнгө нь  “Төрийн банк”-ны данснаас хэний компани руу орсоныг хөөгөөд үзвэл их зүйл гарах байтал хуулийнхан тэдгээр ил цагаан луйврын хажуугаар нүдээ дараад өнгөрч байгааг харамсангуй харж байгаагаа дотоод эх сурвалжууд ярьж хэлж л байсан.

Ер нь “Жаст” группын   Ш.Батхүү гэх эрхэмтэй холбогдуулан өгүүлбэл анхаарал татах зүйл олон. Ямартаа л тэрээр "Монгол газар"-ын Ц.Мянганбаяртай хамтран "Олон овоот гоулд" гэх компани байгуулж 50:50 хувиар эзэмшиж байсан бөгөөд тэр үедээ банкинд лицензээ  барьцаалаад тэрбум тэрбумаар нь зээл авч байсан ч, Жаст нэрээ цэвэрхэн авч үлдэх тал дээр амь тавин анхаарч байсан байхав.

Харин өнөөдөр Татварын байгууллагад өрөө төлөөгүй луу унжиж байгаа томоохон 9 компанийн 2 нь  Ш.Батхүүгийн гэх Жаст групп ХХК  993810.7 сая төгрөг, Олон–Овоотгоулд ХХК  9797773.7 сая.төгрөгийн тус тус өртэй байж байх юм.

Тэгэхээр өрний дороос өндийж дийлэхгүй байгаа Жаст групп Хадгаламж банкийг хэрхэн ашиглах асуудал Оросуудын тааллын дагуу явахгүй гэх баталгаа алга л байна.

Б.Итгэлт