Монгол Улсын спортын гимнастикийн анхны шигшээ багийн тамирчин, Ард түмний гавъяат багш, дасгалжуулагч О.Ариунболд агсны нэрэмжит спортын гимнастикийн тэмцээнийг талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар болон Монголын гимнастикийн холбоо хамтран зохион байгууллаа. 10 дугаар сарын нэгний өдөр Спортын гимнастикийн шигшээ багийн зааланд зохион байгуулагдсан уг тэмцээнд 80 гаруй тамирчин 12 зэрэглэлээр оролцсон юм. Цаашид уламжлал болгон гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

Нэрт дасгалжуулагч О.Ариунболд нь анх 18 настайдаа улсын шигшээ багт тамирчнаар орсноосоо хойш Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо болон SOS асрамжийн төв зэрэг байгууллагад багш дасгалжуулагчаар ажиллаж, амьдралынхаа 60 шахам жилийг спортын гимнастикыг хөгжүүлэхэд зориулжээ.