Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Бичигтийн боомт орох гээд явж байтал нум болтлоо гэдсээ татсан зээрд морь хатирч явахтай таарав. Хавирга нь хэрзийгээд, өнгө зүс нь гундаж, сүүл нь оодойчихсон, ташаан толгойны үс нь тэр чигтээ халцарсан байх аж. Газар үнэрлээд л хангинатал янцгаах юм. Үе үе эргэж харсаар хатирч харагдана. Гэтэл урд уулын зүүн мөрөөр мотоцикльтой хүмүүс гараад ирлээ. Нөгөө зээрд морины барааг харангуутаа л хаазлаад хурдалж гардаг байна шүү. Хэдхэн минутын дотор зээрд морийг гүйцчихэв. Мотоцикльтой залуус хашгирч, гуугачиж араас нь сигналдаж, зүүн тийш эргүүлэн туух гэж оролдож байв. Харин зээрд морь мотоцикльтой залуусын ар, өврөөр бултаж баруун тийшээ л тэмүүлэх аж. Залуусын нэг нь мотоцикльтойгоо гүйцэж очоод, шилбүүрээр өөд уруугүй ороолгож, голынхоо дуугаар хашгирах аж. Шилбүүрээр ороолгуулах бүртээ зээрд морь татганаж, гишгэгдэл алдаж байсан юм. Хэсэг хугацааны дараа зээрд морь, эцэж туйлдсан бололтой. Шаасан гадас шиг тэр дороо нам зогсчихлоо. Тэгсэн мотоциклийн ард сундалж явсан улаан шаргал дээл, хүрэн өнгийн хүрэмтэй залуу үсэрч буугаад л зээрд морийг тийрээд унагачихлаа. Тэгснээ хэд хэдэн удаа толгой руу нь өшиглөөд авлаа.

Энэ бүгдийг хараад зогсож байсан бид залуус дээр яваад очлоо. Залуустай мэнд мэдэлцээд, яагаад адуу мал зодож нүдээд байна вэ гээд шуудхан асуучихлаа. Тэгсэн намхан биетэй, бор царайтай залуу “Хувхай нугасандаа хутга шаалгамар чинь хашаа давж харайгаад нутаг руугаа зугтаачихдаг байна ш дээ. 20 хоног юу ч идээгүй юм байж шандастай муу шир байх нь. Гурван ч удаа хашаан дээгүүр харайгаад баригдаж байгаа юм. Биднийг 400 мянган төгрөгийн өрөнд оруулчих гээд байна” хэмээн уурсав. Зээрд морийг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас худалдаж авчээ.

Дэлгэрэх сумаас Бичигтийн боомт хүртэл гурав хоног ачигдаж ирсэн байна. Ингээд 19 хоног машины тэвшин дээр өвс, усгүй байсан гэнэ. Харин хоёр хоногийн өмнө бага хэмжээний өвс өгчээ. Зээрд морийг мяндсаар ногтолж, хөтлөөд явцгаалаа. Хар хөлс нь цувж, хөх мах нь чичирсэн зээрд морь дөрвөн хөлөө дааж ядан хөтөлж яваа хүний хойноос сажилж байлаа. Бид ч Бичигтийн боомтыг чиглэн хөдөллөө. Замд үхсэн адуу тэвшин дээрээ дүүртэл ачсан машин зөрж таарав. Хогийн цэг дээр аваачиж хаях гэж яваа бололтой.

“Бичигтийн боомт дээр 1200 гаруй адуу хилээр гарч чадахгүй 20 гаруй хонож байна. Шадар сайд У.Хүрэлсүх улсын хилээр адуу гаргахгүй гэсэн шийдвэр гаргаснаас хойш боомтын ойролцоо олон зуун адуу машины тэвшин дээр өлбөрч үхэж байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэр Бичигтийн боомт дээр очихоор явж байхдаа дээрх үйл явдалтай таарсан юм.

Монголчууд молор эрдэнэ хэмээн үеийн үед шүтэж ирсэн адуугаа яаж тамлан, тарчлааж, турааж алж байгааг Бичигтийн боомт дээрээс харж болох. Банзан хашаагаар дүүрэн адуу хашсан байлаа. Багцаагаар 400 гаруй адуу байна, тэнд. Мөн хашааны гадна талд хүнд даацын машины тэвш дүүрэн адуу ачаатай байх аж. Нэг машины тэвшин дээр гараад харлаа. Тэвшин дээр байгаа адуунуудын сүр сүлдний талаар ярих ч юм биш. Бүгд олон хоног өлгүй байснаас болоод нүднээс гарчихсан, бүрзийсэн зогсож байв. Арай л гэж хөл дээрээ тогтож байгаа бололтой. Бие биедээ тулгуур болж байгаадаа л босоо байна уу гэмээр. Ташаан толгойны яс нь горзойгоод, хавирга нь хэрзийгээд харахаас нүд халтирмаар байв. Цагаан гүү, хул зүсмийн морь тэвшний хойд хэсэгт амь тавих гэж байгаа бололтой харагдлаа. Зүүн талын хашаанд байх дөрвөн ханатай гэрээс гурван залуу гараад ирлээ. “Хөөш юун хүмүүс машин тэрэг рүү өнгөлзөөд байгаа юм бэ. Яах гэж яваа юм” гээд нэлээд омогтой гарч ирцгээлээ. Тэдэнтэй мэнд мэдэлцээд, адуугаа хэзээ эргүүлэн татах гэж байгаа талаар асууж тодруулав. Хотоос компанийн захирал хүнд даацын машин хөөцөлдөж байгаа гэж сая ярилаа гэснээ “Энэ хэдэн үдээрийг Хятад руу гаргачих юм бол ажлын хөлс мөнгөө аваад явчихмаар байдаг. Гэтэл хилээр гаргахгүй гээд шийдвэр гарчихлаа. 20 хоног энд хийх ажилгүй зогслоо” гээд уурлаж байна. Тэгэхээр нь “Та нар яагаад уурлаад байгаа юм бэ. Адуу мал турж үхээд байна гээд хотод бөөн яриа болж байна шүү дээ” гээд асуулаа. Тэгсэн өөдөөс “Тэгэхгүй яах юм бэ. Энэ хэдэн адууг ачсанаас болоод баларч байна. Хамаг ажлаа алдаад 20 гаруй хоночихоор хэний ч гэсэн уур хүрнэ биз дээ. Бид ардаа амьдралтай хүмүүс шүү” гэв.

Өндөр биетэй өөрийгөө Ширэндэв гэж танилцуулсан залуу “Өө п..... нөгөө цагаан гүү, хул морь хоёр чинь үхэж байна ш дээ. Сэгнүүд чинь яасан үхэж дуусддаггүй юм бэ” гэж ачаатай адууг зүхэж хараасаар машины тэвшин дээр гарлаа. Тэгснээ арынхаа хаалтыг онгойлгов. Нэг нь цагаан гүүний сүүлнээс, нөгөөх нь чихнээс нь зулгаав. Харин Ширэндэв тэвшин дээрээс их биеийг нь хөлөөрөө түлхэж, шороон дээр пидхийтэл унагачихлаа. Цагаан гүү газарт унаад хэд хэдэн удаа татваганаж байгаад амьсгаагаа татчихлаа. Хул морийг мөн л энэ янзаараа буулгав. “Одоо наадах чинь тэгж байгаад үхнэ биз. Гэрт ороод хөзрөө үргэлжлүүлэх үү” хэмээн хоорондоо ярих ажээ. Хашаатай байгаа 40 гаруй адуу мөн л өр өвтгөмөөр дүр төрхтэй байна лээ. Олон хоног өвс идээгүйгээс болоод нэгнийхээ дэл сүүлийг юу ч үгүй болтол нь идчихсэн байх. Мөн хашааны буланг энд тэндээс нь хэмлэсэн шүдний ором мөр хаа сайгүй гарчээ. Хүн ирсэн бараанаар бүгд үүрсэж, хашаа л хөдөлнө гар дагаж хараад бүлтгэнээд л зогсоод байх юм. Хашаатай байгаа 400 гаруй адуунд 50-иад боодол өвс өчигдөр орой тавьж өгсөн гэсэн.

“ҮХСЭН АДУУГ НЬ ТЭВШИН ДЭЭРЭЭСЭЭ БУУЛГАЖ ШИДЧИХЭЭД Л СУУЖ БАЙНА”

“Түмний хүнс” компанийн ажилтан Б.Дэлгэрдалайгаас цөөн асуултад хариулт авлаа.


-Энд хэзээ ирсэн бэ. Хаанаас адуу ачиж ирсэн бэ?

-Энд ирээд сар болох гэж байна. Гэрээсээ гараад 40 гаруй хонож байна даа. Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгаас ченжүүдээр дамжуулан худалдаж авсан адуу байгаа. Нэг адууг 70 мянган төгрөгөөр ачихаар тохиролцсон юм. Адуугаа ачиж дуусаад шороон замаар гурав хоног явсан. Арай гэж боомт дээр ирсэн Шадар сайд У.Хүрэлсүх улсын хилээр адуу гаргаж болохгүй гэсэн түр шийдвэр гаргасан. Хилээр адуу гаргахгүй гээд хорьчихсон. Компанийн захирал болон бусад хүн өнөө маргаашгүй хилээр гаргах юм гэнэ. Гаргасан хоригоо цуцлах гэж байгаа” гэсэн яриа гарсан. Тэгээд л гаргасан шийдвэрээ цуцлахыг нь хүлээгээд л энд байгаад байсан. Энэ байдлаар 20 гаруй хоночихлоо.

-Таны ачиж ирсэн адуунаас хэд нь үхсэн бэ. Яагаад машины тэвшин дээрээсээ буулгахгүй, өвс, ус өгөхгүй 20 гаруй хоног болгочихсон юм бэ?

-Адуу үхэж байгаатай бид ямар холбоотой юм бэ. Та нар эсэн мэнд ачаад боомт ор гэж хэлсэн. Бид ч ороод ирсэн. Адуу худалдаж авсан ченжүүд болон компанийнхан ачаатай нь байлгаж бай гэж хэлсэн. Эзэд нь тэгж хэлж байхад бид өмнөөс нь юу хэлэх юм бэ. 20 хоноод л миний ачиж ирсэн адуу эхнээсээ үхэж эхэлсэн. Одоогоор арав гаруй адуу үхчихсэн. Дандаа л хөгшин гүү үхээд байх юм. Анх сайхан тарган адуу ачиж байсан. Тэвшин дээр багталцахгүй чихэлдээд байдаг байсан юм. Одоо харин турж эцээд нүднээс гарч байна.

-20 гаруй хоног өвс идэж, ус уухгүй байхад ямар ч мал үхнэ шүү дээ. Ядахдаа тэвшин дээрээсээ буулгачихаж болоогүй юм уу?

-Өнөөдөр гаргаж чадсангүй, маргааш гаргана гэсэн. Адуугаа битгий буулгаарай гэж хэлсэн гэж сая ярьсан шүү дээ. Сүүлийн үед хөдөөнийхөн адуугаа огт унахаа больчихсон. Бүгд хангал дошгин байна. Энэ олон адууг ачих гэж бөөн юм болсон. Тэгэхээр ганцаараа байгаа би буулгаж чадахгүй. Хүмүүс гуйгаад буулгачихаж болно. Эргүүлээд ачиж чадахгүй шүү дээ. Өөрөөсөө мөнгө гаргаад өвс худалдаад аваад өгч чадахгүй. Үхсэнийг нь тэвшин дээрээсээ буулгаж шидчихээд л сууж байна.

-Шадар сайд хилээр амьд адуу гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Та хэд адуугаа яах бодолтой байна вэ?

-Хот руу аваад явна гэсэн. 870 километр газар туулна шүү дээ. Хэд нь үхээд хот орохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан ус, өвс өгч байгаад л аваад явна даа гэв.

“ЖОЛООЧ, КОМПАНИЙН АЖИЛТНУУД МӨРИЙТЭЙ ТОГЛООД ДУЛААН ГЭРТ ХЭВТЭЖ БАЙХАД ГАДАА АДУУ ТУРЖ ҮХЭЭД БАЙЖ БАЙНА” ГЭВ

Хилийн боомтын орчимд амьдарч байгаа иргэд “Адуу ачиж ирсэн жолооч нар хилээр адуу гаргахгүй гэсэн түр шийдвэр гарснаас хойш энд архидаж байна. Мөрийтэй хөзөр тоглоод л дулаан гэрт хэвтээд байсан. Харин хөлдүү тэвшин дээр адуу турж үхээд л үнэхээр хэцүү байна. Унаж яваа машинаа бөөцийлөөд л бүтээгээд байдаг. Тэгсэн мөртлөө сүлд хийморь болгон шүтэж ирсэн адуу үхэж байгааг огт тоохгүй байна лээ” хэмээн мэдээлэл өгч байв. Биднийг очих үед 800 орчим адууг нийслэл рүү ачсан байлаа. Налайх дүүргийн “Цайз”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” захуудад нядалгаанд оруулахаар ачиж байгаа нь энэ аж.

Бид Бичигт боомтын хажуу талын төмөр ногоон хашааны үүдэнд очлоо. Машины тэвшин дээр 30 гаруй адуу байв. Хоёр залуу гартаа хурц үзүүртэй шөвөг барьчихсан зогсож байв. Хот руу хөдлөх гэж байна. Хэвтчихсэн байсан хэдэн адууг босгож байна. Тэвшин дээр гараад адуун дундуур явж болохгүй юм. Хэвтчихсэн адуу өргөөд босохгүй. Харин хондлой руу нь шөвөгдчихөөр годос гээд л босоод ирж байна” гээд л инээд алдаад зогсож байлаа.

Үргэлжлэл бий

 Э.Хүрэлбаатар