УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Энэ хэлэлцээрийг өчигдөр харлаа. Тусгагдсан зарим зүйл заалтуудыг харлаа. Цаашид улс төрийн хэрүүл болохоор харагдаж байна. 100 хувь Монголын эрх ашигт нийцтэй, таатай байхгүй нь үнэн. Яагаад гэхээр бид өөрсдөө хэлсэн ярьснаасаа буцаад, төрийн бодлого шийдвэрийг байнга өөрчлөөд, өөрөөр хэлбэл хулхидаж зальдсаар 10 жилийн нүүр үзэж байгаа нь үнэн. Ямартай ч энэ хэлэлцээр нэг шат ахиж, дараа дараагийн хэлэлцээний суурь тавигдаж байгаа учраас дэмжээд байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас гарах хоёр арга зам байгаа нь харагдаж байна. Яагаад ийм асуудал болов гэдэг дээр эргээд ярьж, хариуцлагыг ярих хэрэгтэй. Эрүүгийн хуульд Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэдэг заалт бий. Юу болсон юм, яасан ийсэн гэдгийг ярьих ёстой. Ийм хүнд нөхцөл байдалд бид яагаад хүрэв гэдгийг шаардаад явах хэрэгтэй. Хэлэлцээртэй холбоотойгоор асуухад, ЭТТ компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээчихэж байна. Хамрах цар хүрээ нь юу юм бэ. Бүхэлд нь гэж ойлгох уу. Тэгэхээр цаашид Монголын төр зөв реформын шилжилт хийж болохгүй гэсэн үг үү. ЭТТ компанийг гадны менежментийн компанид өгнө гээд Ерөнхий сайд хэлчихсэн. Үүнтэй хэр зөрчилдөх вэ. Үнэтэй холбоотой асуудал нилээн маргаан дагуулж байна. Ж.Ганбаатар гишүүн хуулийн тодорхой зааврууд өглөө. Биржийн тухай хуультай уялдуулж болохгүй гэдэг дээр хуульд нь тодорхой байгаа л юм байна. Үнийг доод хэмжээнд барьснаар бусдыгаа татаж унагах вий. Төмөр зам, нүүрс гэхээр л ЭТТ компани гээд бусдыг нь орхиод байна. Хэлэлцээрийн явцад зүүн бүсийн Бичигт-Зүүнхатавчийн босоо төмөр зам болон эдийн засгийн үр өгөөж хэрхэн яаж эргэлтэд орох вэ.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

Төмөр замын төрөөс баримтлах бодологод зүүн баруун төмөр замын бүтэн байгуулалтыг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зүүнхатавчийн төмөр замыг ирэх онд ашиглалт оруулна. Хөөтийн нүүрсний орд ашиглалтад орох, боомтоос хатуу хучилттай зам тавихаар Зам тээврийн яамны төсөвт орсон. Хүнд даацын зам гэдгээрээ явна. Экспортод тодорхой үр дүн үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд болсон төмөр замын царигийн асуудлаас сургамж аваад, дахиад ийм асуудал үүсэхгүй байгаасай.