Их хэмжээний торгуультай 120 гаруй иргэний жолоодох эрхийг НЭГ жилээр хасжээ
23 цагийн өмнө
Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг хангах зорилгоор 2024 оны гуравдугаар сард Улсын Ерөнхий прокурор болон Хуульзүй дотоод хэргийн сайдын хамтарсан журам батлагджээ.
Уг журамд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль төлөлтийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх аргачлалыг тусгасан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эрчимжүүлж эхлээд буй.
Энэхүү зохицуулалтын талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулснаар
Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дүгээрт зааснаар олон удаагийн торгуультай болон замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд жолоодох эрхийг хасах шийтгэлийг нэмж, оногдуулж байгаа юм байна. Энэ дагуу өнөөдрийн байдлаар буюу нэг сарын дотор 120 гаруй иргэн жолоодох эрхээ нэг жилээр хасуулжээ. Эдгээр жолоочийн торгуулийг төлүүлж, нэмэлтээр эрхийг хассан байна.
Жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл 50%-аар хөнгөлөгддөг бол төлөөгүй тохиолдолд 16 дахь хоногоос торгуулийн хэмжээ 50 хүртэлх хувиар нэмэгддэг бөгөөд тухайн иргэний бүртгэлтэй гар утсанд болон И-Монголиа системээр энэ талаарх мэдээллийг хүргэдэг гэв.
Үүнээс гадна жолооч торгуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэх нөхөж авах, ангилал даруулах, ангилал нэмүүлэх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, үзлэг, оношилгоонд орох зэрэг төрийн үйлчилгээг хязгаарлаж байгааг мэдээллээ.
Гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгахад торгуулиа төлөөгүй байвал журмын хашаанд саатуулж, нэг хоногийн төлбөр 5,000 төгрөгийг буруутай этгээд бүрэн хариуцах хуулийн заалттай байна.
Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс дээш гарсан жолоочийг албадан хөдөлмөр эрхлүүлж төлүүлэх журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй. Одоогоор уг шийтгэлийг оногдуулаагүй, тээврийн хэрэгслийн торгуулийн хэмжээ нь 450,000 төгрөг хүрсэн тохиолдолд шүүхэд шилжүүлж, шийдвэрлэх юм байна.
Жолооч нарын гаргаж байгаа нийтлэг зөрчлийн тухайд "Нийслэлд авто замын эгнээ байр буруу эзлэх, жолооны ард гар утас хэрэглэх, хамгаалах бүс, гэрлэн дохио зөрчих нь нийтлэг бол орон нутагт хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчил байдаг.
Жолооны ард гар утас хэрэглэж байгаа зөрчлийг камер болон цагдаагийн алба хаагчийн хяналт шалгалтаар илрүүлдэг. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоо барих үедээ гар утас хэрэглэвэл 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгодог" болохыг тэрбээр санууллаа.
Зочин · 3 цагийн өмнө
Чи үүнд итгэж байгаа юм уу? хэрсүү бай. Эрхээ хасуулчаад машинаа жолоодоо явдаг хүмүүс бум, түм.
Зочин · 5 цагийн өмнө
зөв хууль биелүүлэхгүй хүмүүсийг замд гаргаж болохгүй
Зочин · 7 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 18 цагийн өмнө
ANUSN80955877