УИХ-аар тун удахгүй “Багшийн нийгмийн баталгаа, хөгжлийн тухай хууль”-ийг хэлэлцэх гэж байна. Уг хуулийг боловсролын чанарыг дээшлүүлэх, багш хүний нийгмийн баталгааг хангах зорилгоор санаачилсан байна. 

Багш нарын цалин хөлс хангамж нь мужаан, жолооч, үйлчлэгч нарын цалингийн сүлжээтэй дүйцэхүйц хэмжээнд байгаа нь багш нарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Мөн багшийн мэргэжил сонгон суралцах сурагчдын ерөнхий эрдмийн шалгалтын оноо сайнгүй байгаа нь Монгол Улс боловсролын салбарын хөгжилд анхаарахгүй байгаагийн илрэл юм.

Нөгөө талаар багш нь төрийн жинхэнэ албан хаагчийн хууль зүйн болон нийгмийн зарим баталгаагаар хангагдаж чадахгүй, ажиллах орчин нөхцөл, ажлын ачаалал болон нийгмийн хангамж, баталгаа, дэмжлэг сул зэрэг нь багш хүний хөгжих нөхцөл бололцоог бууруулж байна.

Цалин хөлс, нийгмийн баталгаа, хууль зүйн баталгаагаар бүрэн хангагдаж чадаагүй байгаагаас үүдэн багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, хатуу чанд шаардлага тавьж чадахгүй хэмжээнд хүрч, багш нар зуны амралтаараа БНСУ-д ажиллах, давхар ажил хөдөлмөр эрхэлж, өдөр өнжүүлэх ажиллуулах, амьжиргаагаа дээшлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэж хууль санаачилсан УИХ-ын гишүүн үзсэн байна.

Тиймээс уг хуулийн төслийг санаачилж багш нар нийтийн тээврийн үйлчилгээ, эрүүл мэнд, төрийн тодорхой үйлчилгээнд багшид хөнгөлөлт эдлэхээр болжээ.

Үүнээс гадна

  • Багшийн хөгжлийн бодлого тодорхой болно;

  • Багш нарын нийгмийн баталгаа, цалин хөлс, эрүүл мэндийн баталгаагаар хангагдана;

  • Багш бүтээлийн чөлөө, сургалт судалгаа эрдэм шинжилгээний ажил, ажиллах орчин нөхцөл сайжирна;

  • Сургуулийн төсөв үйл ажиллагааны хамрах хүрээнд багшийн хөгжлийн асуудлуудыг тусгаснаар багшийн хөгжлийн бодит ажлууд хийгдэж, багшийн эдийн засгийн баталгаа сайжирах аж.

Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараахь байдлаар тусгажээ. Үүнд:

Нэгдүгээр бүлэг

Хуулийн төслийн зорилтыг тодорхойлж, үйл ажиллагаа, багшийн үнэт зүйл,  зарчмыг зааж өгнө.

Хоёрдугаар бүлэг

Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хэлбэрийг тусгана.

Гуравдугаар бүлэг

Багш нарын өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцох, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих хэлбэрийг тодорхой тусгана.

Дөрөвдүгээр бүлэг

Багш нарын хувь хүний хөгжил, боловсролыг дэмжих үйл ажиллагааны арга хэлбэрийг тодорхой тусгана.

Тавдугаар бүлэг

Багшийн нийгмийн баталгаа, эрүүл мэндийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны талаар тусгана.  

Зургаадугаар бүлэг

Багшийн ёс зүй, хариуцлагын харилцааг тодорхой тусгана.

Долоодугаар бүлэг

Төрийн байгууллагын эрх, үүрэг, оролцооны тухай тусгана.

Наймдугаар бүлэг

Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих журам, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай тусгана.

Есдүгээр бүлэг

Хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа тусгана.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс нэмж санхүүжүүлэх шаардлагатай болж байгаа.

Уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэн юу гэж хэлсэн талаар бид эргэж мэдээлэх болно.