М.Ахмет Язал: Турк улс Вейсел Акчайг эрэн сурвалжилж байгаа
2018/08/07
Монгол Улс дахь Эмпати сургуулиудын захирал, Туркийн иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх үйл явдлаас хойш арав хоног өнгөрлөө.
Энэ хугацаанд хоёр улсын тусгай байгууллагууд болоод Монголын хууль хяналтын байгууллага хэргийн учир шалтгааныг тайлсангүй. Хэдийгээр монголчууд улсынхаа нутаг дэвсгэр дээрээс гадны иргэнийг хулгайлах гэсэн үйлдэлтэй хүчтэй тэмцэж, Туркийн иргэн Вейсел Акчайг хамгаалж авч үлдсэн ч тухайн цаг мөчид Туркийн тусгай үүргийн онгоц манай улсад яагаад газардсан, үнэхээр хүн хулгайлах гэж байсан уу зэрэг асуудлын зангилаа хэвээр байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас хэргийг шалгаж байгаа ч эцэслэн тогтоогоогүй байгаа юм.
Тэгвэл Монголын хууль шүүх болоод цаашлаад хоёр улсын харилцаа хөндөгдөж магадгүй энэхүү асуудлын талаар өчигдөр Монгол дахь Турк улсын Элчин сайдын яамнаас байр сууриа илэрхийллээ. Монголд оршин сууж байгаа Турк улсын иргэнийг хулгайлах гэсэн үйл явдалтай холбогдуулан тус улсаас манай улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язалын байр суурийг сонирхсон юм.
-Энэ сарын 27-нд Туркийн иргэнийг хулгайлахтай зэрэгцэн тусгай үүргийн онгоц газардаад буцсан. Үүнд Элчин сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Долдугаар сарын 27-нд Туркийн иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл мэдэгдэх хүмүүс авч явсантай холбоотойгоор хоёр улсын харилцааны талаар таагүй мэдээлэл тархлаа. Турк улсын Засгийн газрыг төлөөлж байгаа хүний хувьд Монгол Улсын нутагт дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ явдалд хэн хариуцлага хүлээх ёстой болон тодорхой мэдээллийг Монголын хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох биз.
Тухайн өдөр Монгол Улсын иргэд хүний эрхийн мэдрэмжтэй, зөв хандлагатай ёстой. Гэхдээ Монголын хэвлэлүүд Туркийн иргэн Вейсел Акчайг зөвхөн сурган хүмүүжүүлэгч багш мэтээр мэдээлсэн. Түүний толгойлсон байгууллага Туркэд төрийн эргэлт хийхийг зохион байгуулахад оролцсон гэж буруутгаж байгаа. Үйл ажиллагаа явуулахдаа боловсрол болон хүмүүнлэгийг арга хэрэгсэл болгон ашигладаг байсан. Манай улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд энэ бүлэглэлтэй идэвхитэй тэмцэж нотлох баримт цуглуулж, зарим хүмүүс нь гэм буруугаа хүлээж байна. Ийм аюултай бүтэц бий болсонд, эрт илрүүлж тэмцээгүй нь манай төр, засгийн буруу.
-Вейсел Акчайг яагаад хулгайлах гэсэн юм бол?
-Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг Турк улс гэмт хэрэгтэн гэж үзэж эрэн сурвалжилж байгаа. Туркийн хууль хяналтын байгууллагын хүсэлтийн дагуу түүнийг Турк руу шилжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьсан байдаг. Хүсэлт хүргүүлсэн нь саяхны явдал биш. 2013 оноос хойш хүсэлт тавьсан байдаг. Иргэн Вейсел
Акчай Туркийн хууль шүүхийн өмнө очиж зөв буруугаа тогтоолгох асуудал бий. Харин энэ хүнд Монголын хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авах нь тусдаа зүйл. Одоо Вейсел Акчай Монголд байгаа болон эсвэл аль нэг тийшээ явсан эсэхийг бид мэдэхгүй.
-Энэ хэрэгт хоёр улс хамтарч шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий?
-Хоёр улс хамтарч шийдвэр гаргасан байлаа ч Монголын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулах боломжгүй.
-Тухайн өдөр Чингис хаан нисэх буудалд газардсан онгоц Туркийн тусгай үүргийн онгоц байсан гэсэн. Онгоц буух зөвшөөрөлтэй байсан уу?
-Онгоц нууцаар ирээгүй. Гадаад харилцааны яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу ирсэн. Дипломат байгууллагын журмын дагуу манай Элчин сайдын яамнаас хүсэлт тавьж зөвшөөрлийг авч өгсөн. Үүнээс бусад хариултыг Монголын тал өгөх байх.
-Үйл явдалтай холбогдуулан Элчин сайдын яамны ажилтнуудыг шалгаж байгаа гэх мэдээлэл бий?
-Хүн хулгайлсан гэх үйл явдалтай холбогдуулан манай яамны ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн мэдэгдэл ирээгүй. Баттай хэлэхэд манай яам болон ажилтнууд хууль бус үйлдэлд оролцоогүй гэдэгт итгэж байна.
-Өнгөрсөн үйл явдлуудаас Турк сургуулиудын хувь заяа хаашаа эргэх вэ?
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудын орлогоор терроризмыг санхүүжүүлж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй.
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудын орлогоор терроризмыг санхүүжүүлж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Сургуулиудыг заавал хаана гэж байгаа юм биш. Үйл ажиллагаа, чиглэл буруу тийшээ явж байгаа учраас ялгаж салгах хэрэгтэй. Эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бусад улс оронд бол өөрийнхөө улс мэдэлд авах, Туркийн Боловсролын яаманд шилжүүлсэн тохиолдол бий. Хамгийн гол нь сурагчид, эцэг эхчүүдэд хохирох ёсгүй.
-Турк сургуулийн төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ танай улс мэдэгдсэн?
-ФЕТО хэмээх террорист бүлэглэлийг удирдаж байсан хүн нь хэдэн сарын өмнө Монголоос гарч түүний үүргийг Вейсел Акчай хүлээж авсан. Тиймээс Вейсел Акчай бол яах аргагүй энэ бүлэглэлтэй холбоотой хүн юм. Бид түүнийг Турк руу шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах болно. Сургуулиудын үйл ажиллагааг шилжүүлж террорист бүлэглэлээс салгасны дараа төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөх, эрхийг нь сэргээх талаар ярилцаж болно.
ЭЛЧИН САЙД Р.БОЛДЫГ ДУУДАЖ ЧИГЛЭЛ ӨГӨВ
ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГӨОЛД ИРЖ, БУЦНА ГЭСЭН ТАЙЛБАРААР ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ
-Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын шугамаар ирж буй нислэгийн зөвшөөрлийг тухайн Элчин сайдын яам эсвэл олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, Гадаа харилцааны яамаар дамжуулж ИНЕГ-аас хүсдэг байна. Тодруулбал, Элчин сайдын яамнаас Гадаад харилцааны яаманд нот бичгийг холбогдох материалын хамт илгээсний үндсэн дээр Гадаад харилцааны яамнаас ИНЕГ-т хүсэлтийг уламжилж ИНЕГ, хянаж үзээд зөвшөөрөл олгодог байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 27-нд Монголд газардсан Туркийн онгоц энэ процессоор зөвшөөрөл авсан гэнэ.
Харин ямар шалтгаанаар Монголд ирэх болсон талаар албаны эх сурвалжийн хэлснээр тэр өдөр ирсэн онгоц албан ёсны төлөөлөгчид Монголд ирж, буцна гэсэн тайлбараар зөвшөөрөл авсан байна. Тусгай үүргийн буюу хуваарьт бус нислэгүүд нь Монгол Улсын агаарын хилээр дамжин өнгөрөх болон газардах зөвшөөрлөө буухаасаа хамгийн багадаа 48 цагийн өмнө авдаг аж.
ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА
-Туркийн иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас “Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09:51 цагт Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсел Акчайг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, “Toyota Alphard” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээлэл ирсэн. Түүний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрынхяналт дор явуулж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Шалгалтын явц ямар байгаа талаар ЦЕГ-аас дахин тодруулахад “Шалгалтын явц үргэлжилж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл алга” гэлээ.
Зууны мэдээ
С.Уянга
Зов · 2018/08/07
Сургуулийг хааж захирал багш нарыг буцаа 24 жил сургуулийн Толбор авч монго АНУ руу явуулсан . Энэ унэн манайд энэ Монго орж ирдэггуй ФЕТО булэглэлийг санхуужуулдаг. Дандаа ядуу оронд сургуулиа байгуулдаг Мэдээлэл уншаач
Зов · 2018/08/07
Сургуулийг хааж захирал багш нарыг буцаа 24 жил сургуулийн Толбор авч монго АНУ руу явуулсан . Энэ унэн манайд энэ Монго орж ирдэггуй ФЕТО булэглэлийг санхуужуулдаг. Дандаа ядуу оронд сургуулиа байгуулдаг Мэдээлэл уншаач
Зов · 2018/08/07
Сургуулийг хааж захирал багш нарыг буцаа 24 жил сургуулийн Толбор авч монго АНУ руу явуулсан . Энэ унэн манайд энэ Монго орж ирдэггуй ФЕТО булэглэлийг санхуужуулдаг. Дандаа ядуу оронд сургуулиа байгуулдаг Мэдээлэл уншаач
Зов · 2018/08/07
Сургуулийг хааж захирал багш нарыг буцаа 24 жил сургуулийн Толбор авч монго АНУ руу явуулсан . Энэ унэн манайд энэ Монго орж ирдэггуй ФЕТО булэглэлийг санхуужуулдаг. Дандаа ядуу оронд сургуулиа байгуулдаг Мэдээлэл уншаач