О.Алтангэрэл: Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнууд төрд учруулсан хохирлоо өөрсдөө төлдөг байх журмыг баталлаа
10 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагын албан тушаалтнаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг хэрхэн эргэн төлүүлэх талаарх асуудлыг хэлэлцжээ.
Үүнтэй холбогдуулан гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Тэрбээр "Буруутай албан тушаалтнууд иргэдийг хохироодог, хууль бусаар ажлаас нь халдаг. Дараа нь хуульд заасны дагуу төр хохирсон хугацааны мөнгийг гаргаж өгдөг.
Жил бүр олон арван тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас төлдөг. Энэ асуудал нь эргээд улсын төсөвт төвлөрдөггүй, арга хэмжээ авах ёстой.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, улсын ерөнхий прокурор, ерөнхий аудитад шаардлага хүргүүлж, нэгдсэн мэдээллийн бааз үүсгэнэ. Ингэснээр төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргадаг байх зарчмын хүрээнд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Бодит байдал дээр нэг хүнийг үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогддог. Тэр хүний цалинг төрөөс гаргаж өгдөг. Эргээд буруутай албан тушаалтан тэр мөнгийг төлдөггүй байх тохиолдол байна.
Тодорхой албан тушаалтны шийдвэрийн улмаас аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлыг төр гаргаж өгдөг. Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй, мөнгө гаргадаггүй. Цаашдаа төрд учруулсан хохирлоо албан тушаалтнууд өөрсдөө төлдөг байх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Сүүлийн таван жилийн байдлаар 60 тэрбум төгрөгийн хохирол улсад учирсан. Үүнийг буруутай албан тушаалтнууд эргэж төлөөгүй.
Нэг захирал, даргын үзэмжээр халагдаад шүүхдээд явж байгаад буцаад очтол өөр даргатай болчихдог. Ажилдаа орвол ор, цалин хөлсийг чинь өгвөл өгнө гэх мэт наймаа шиг зүйл ярьдгийг болиулна.
Төр шийдвэр буруутай бол тухайн цалинг өгнө. Ажлаас халсан тушаалд гарын үсэг зурсан даргаас төр мөнгөө олж авна. Энэ заалт хуульд дээр байгаа боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Ямар нэгэн буруу шийдвэрт гарын үсэг зурсан албан тушаалтан төрд учруулсан хохирлоо өөрөө төлнө" гэв.
Зочин · 9 цагийн өмнө
ANUSDI80955877
Зочин · 10 цагийн өмнө
ОДОО ТЭР ТӨРИЙГ ХОХИРООСОН 60 ТЭРБУМЫГ ТӨЛҮҮЛБЭЛ ХУУЛЬ ЗҮЙН САЙДАД ИТГЭЛЭЭ
Зочин · 10 цагийн өмнө
ЗӨВ ХӨӨ ЭНЭ ЧИНЬ ДЭМЖИХЭЭР ЮМ ХИЙГЭЭД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ