Монгол бахархлын өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байна
14 минутын өмнө

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ. Тэгвэл Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой энэ онд тохиож байна.
Уг өдрийг Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд "Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээдэг.
Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан Гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг уг одонгоор шагнадаг уламжлалтай.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиодог.
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг өнөө жил Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлал нэгэнт тогтжээ.
Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018, 2020 онд олгоогүй, алгасч байжээ. Өнгөрсөн хугацаанд 17 удаагийн шагналыг 18 эрхэмд хүртээжээ. Харин энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг хэнд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсан Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээсэн билээ. Ингээд үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.
“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсан юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан.
Үүний дараа жил буюу 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан.
Харин 2009 онд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнаж байв.
2010 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн.
2011 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор шагнасан.
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн юм.
2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн “Чингис хаан” одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм.
2014 онд алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан.
2015 онд “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн.
2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн.
2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.
2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Чингис хаан" одонг “The Hu” хамтлагт хүртээж ерөнхий продюсер Б.Дашдондогт гардаж авсан. Анх удаа хамтлагт “Чингис хаан” одон гардуулж, жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.
2021 онд монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулсан.
2022 онд академич Д.Доржготов болон монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одон хүртээсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн.
2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээсэн. Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм.
Тэгвэл өнгөрсөн 2025 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд олгосон юм.






