Нярайлсан ээжүүд шөнө хүүхдээ хөхүүлэхдээ хөхөөрөө дарж бүтээх тохиолдол  мэр сэр гардаг. Тодруулбал, хөхүүл ээжүүдийн хувьд нойрмоглох, анзааргагүй байдлаас болж 10 сар тээж төрүүлсэн үрээ  санамсаргүйгээр амь насыг нь хохироодог. Сэлэнгэ аймагт ийм тохиолдол гарсан бөгөөд эх нь согтуудаа хүүхдээ хөхүүлэхдээ зургаан сартай үрээ хөхөөрөө дарж амт насыг нь хохироожээ.

30 настай бүсгүй 2018 оны 04 дүгээр 08-наас 2018 оны 04 сарын 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн 6 сартай хүү Б.Дгийг хөхөөрөө дарж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон хэрэг гарсан байна. Тэрбээр нөхөр болон найзуудынхаа хамт архидан согтуурсан ажээ. Талийгаач хүүгийн ээж энэ тухай   “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5үүлээ архи ууж байсан гаднаас 2 хүүхэн орж ирээд нийтдээ 4 шил архи 1 пиво уусан тэгээд би согтоод унтчихсан байсан. Тэгээд шөнө манай нөхөр намайг сэрээгээд чи хүүхэд алчихлаа ш дээ гэж хэлж байсан. Хэдэн цаг болж байгааг би мэдээгүй...” гэж мэдүүлсэн байна.

Талийгаач хүүгийн аав “...Би рамныхаа эзнээс хэдэн төгрөг авчихаад гэртээ орж ирээд байж байсан чинь манай хажуу талын айлын хүн орж ирээд ядарсан юм чинь ганц юм уух уу гэсэн тэгэхээр нь за за ганц 2 татчихаад унтлаа гээд байж байсан чинь буцаж намайг сэрээгээд хүн ороод ирлээ гээд тэгээд эхнэр хүүхдүүдэд хоол хийж өгчхөөд газар ор засаад унтаад өгсөн. Тэгээд би хүүгээ тэвэрч сууж байгаад уйлаад байхаар нь хөхүүлэх гээд очиж эхнэрийн гарыг нь дээш сөхөж хөхүүлчихээд хүүгээ буцаагаад авах гэтэл уйлаад байсан юм заавал амандаа хөхөө зууж унтах гээд байсан тэгэхээр нь том охиндоо за миний охин дүүгээ сайн хараарай аав нь ядарч ирсэн нойр хүрээд байна унтлаа шүү гээд эхнэрийнхээ цаана гараад унтсан. Тэгээд 12 өнгөрөөд 01 цагийн үед босч шээх гээд гал тогооруу орж ус уучхаад харсан чинь эхнэр баруун талаараа хэвтчихсэн гар дор нь хүүхдийн хөл харагдаж байсан тэгээд би хүүгээ татаж аваад хамар доор нь хуруугаа тавиад, хиймэл амьсгаа хийж зөндөө үзсэн. Тэгээд гэртээ унтаж байсан эхнэрийнхээ найзыг сэрээгээд хажуу талын айлын хүмүүсийг сэрээгээд байхаач гэж хэлсэн. Тэгтэл түргэний машинаас өмнө цагдаа орж ирэхэд хиймэл амьсгаа хийж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эхнэрт аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж гуйж байна” гэж болсон хэргийн талаар мэдээлсэн байна.

Тэдний хувьд хэргийн талаар үнэн мэдүүлсэн байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №31 тоот дүгнэлтээр батлагддаг.  Уг дүгнэлтэд “...талийгаач Б.Дгий цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь механик амьсгал бүтэлт, дарагдалын улмаас нас баржээ..."  гэжээ.

Хүүхдээ болгоомжгүй хөнөөсөн бүсгүйд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Улмаар прокурорын байгууллагаас хүүгийн ээжид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүхээс болгоомжгүйгээр хүүгээ хөнөөсөн эхэд  хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, төлөх төлбөргүй бөгөөд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал / 3 хүртэлх насны хүүхэдтэй байх тул/ Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.3 дахь заалтад “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн. Улмаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг оногдуулж, 2 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл,  эх нь 6 сартай нярай хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нэг  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэхдээ талийгаач хүүгийн ээжид оногдуулсан хорих ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон.

Нярай хүүхэдтэй эцэг эхчүүд үрээ алдаж уй гашууд автахын зэрэгцээ ял эдлэх хуулийн ийм заалт байдаг. Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.