500 төгрөг & Бухимдал
2014/08/24
Энэ сарын 22-ноос эхлээд иргэд бухимдаж эхэлсэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/714 дугаар захирамжийн дагуу 08 дугаарын сарын 22-ноос 31-нийг дуустал автомашины сүүлийн тоо тэгш, сондогойгоор ялган замын хөдөлгөөн оролцуулах зохицуулалт хийгдэж эхэлсэн.
Харин эдгээр өдрүүдэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш нийтийн тээврийн бүх хэрэгслээр сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг иргэддээ санал болгож байна гэх нэрийн дор кондукторгүй автобусыг үйлчилгээнд гаргасан. Эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл иргэдийн бухимдлыг хүргэж байна. Энэ сарын 23-ны өдөр "Бөмбөгөр" худалдааны төвийг зорьсон юм. Гэвч гэр лүүгээ буюу 3,4-р хороолол руу алхах уу, таксидах уу гэдэг асуудал сөхөгдлөө. "Бөмбөгөр" худалдааны төвийн автобусны буудал дээр 3-4 минутын зайтай дан нэг чиглэлийн автобусууд ар араасаа ирж зогсоно. Хүмүүс хаана, хаана зогсоод явах дундын буудлын мэдэхгүй будилсаар л... Зарим нэр автобус цонх нь дээрээ шинэ чиглэлээ бичсэн маршрутаа гаргасан байв. Энэхүү жижиг маршрутын зургийг харж байх хооронд өнөөх автобуснууд нь давхиж одно. Настай хүмүүс залуучуудаасаа хаана зогсох юм бол гээд буух буудлаа сайн асууж байж суух юм төөрчих байх гэхээс айдаг бололтой. Мэдээж настай хүмүүс битгий хэл залуучууд нь хаана хаана нь зогсохыг нь мэдэхгүй будилж явахад араг ч үгүй биз. Хэдэн хөгшчүүл автобусны буудал дээр маршрут гарган хадсан самбарыг уншаад тэдэн номерын автобус тэнд тэнд зогсохын байна л гээд байв. Очоод өнөөх самбарыг нь харахад, хуучин автобусны чиглэлийн маршрут байж таарлаа. Энэ чинь шинэ биш "хуучин" нь байна гэж хэлсэн чинь "Даанч тийм байх аа , түрүүнээс хойш бид хэд энийг хараад суугаад байсан чинь ийм дугаартай автобус ерөөсөө ирэхгүй байсан юм аа. Өө, баларсан юм аа одоо юунд суух юм бол доо" гээд бас л чиглэлээ мэдэхгүй будилцгаана.
Энэ хооронд бараг 30 минут хэртэй хугацаа өнгөрлөө, хороолол явах чиглэлийн автобус ганц ч ирсэнгүй. Дамжаад сууя гээд ирсэн автбуснуудыг харахад ихэнхи нь нарны титэмээрээ явах автобуснууд. Буудал дээр зогсож байгаа хүмүүсийн ихэнхи хороолол чиглэлд явах бололтой биенээсээ нийлээд таксидах уу гээд л асууцгааж байна. Тэгээд таксидах юм болоод л нэг нь такси барих гэтэл бас л явах такси олдсонгүй. Ингээд нэлээд хүлээсний эцэст, 3,4-р хороолол гэсэн автобус ирж пиг дүүрээд хорооллыг зорив.
Олон автобус ойр ойрхон зайтай ирж байсан ч ихэнхи нь шууд Баянбүрд чиглэлээрээ явах автобус ирж байсан юм. Харин “Хороолол III- IV, БММЗ” хуучин чиглэлийг рүү явах автобус тун цөөн явж байгааг нь анзаарагдсан нь энэ. Буудал дээр өчнөөн хүн үлдэж байсан. Тэд ч мөн адил өөрсдийнх суух автобусаа хүлээгээд ирэхгүй байна гэцгээж байсан юм. Нэг чиглэлийн автобус олон ирэв. Тодруулбал, "10а Баруун 4 зам-Их тойруу-Баруун4 зам-Нарны зам" гэсэн хаягтай автобус хоорондоо 2-3 минутын зайтай ирж зогсож байхад бусад чиглэлийн тэр тусмаа хороолол талын автобус удаж ирж байгаад иргэд бухимдаж байв.
Уул нь нийслэлийн 60 гаруй чиглэлд үйлчилж байгаа гэсэн. Мөн хотын төвийг зорих гэж бөөн бухимдал. Аль ч чиглэлээс хотын төв рүү тун цөөн автобус үйлчилж байгаа юм. Дээрхтэй адил 30 минут хүлээж байж шууд явах автобусанд суух эсвэл 3-4 удаагийн сэлгэлт хийж хотын төвийг зорих нь төвөгтэй. Ингэсээр байтал бараг түгжрэл яваатай адил 40-50 минутыг зарцуулж байж очих газраа хүрч байна.
"Хэмнэлт" хийж байгаа ч нөгөө талдаа цаг их зарцуулж байгаадаа иргэд ундууцаж эхэллээ. Тухайлбал, Ханын материалаас багшийн дээдийг зорьё гэвэл заавал 3 удаа сэлгэн сууж байж хүрч байх жишээтэй. Ерөнхийдөө бол хотын төв рүү гэсэн чиглэл тун ховор байгаа юм. Үүнээс үүдэн иргэдийн дунд Э.Бат-Үүл дарга нөгөө хотын төв замаар зорчих машинтай иргэд 40-50 мянган төгрөг төлж зорчино гээд байсан журмаа хэрэгжүүлэх гээд энэ шинэ чиглэлд цөөхөн төв замаар зорчих автобусыг явуулж байгааг байх гэх яриа ч гараад байна.
Анх бүтэн өдөржин 500 төгрөгөөр сэлгэн сууна гэхийг сонссон иргэд баяртай хүлээж авсан ч олон дахин сэлгэн гэдгээ мэдээгүй байсан нь өнөөдрийн энэ их бухимдлыг төрүүлж буй.
Ямартай ч 3 хоног болж байхад гайхаж, будилсан иргэд буудал дээр зогссон хэвээр л байна. 10 хоног үргэлжлэх энэхүү шинэ өөрчлөлтийг цааш нь хэрэгжүүлж магадгүй гэх яриа ч чих дэлсээд авлаа. Энэхүү ҮҮЛ даргын маань санаачилсан ажлын үр дүнд хотоор дүүрэн төөрсөн, алхсан хүмүүсээр дүүрлээ гэхэд нэг их буруутахгүй байх. Автобусны дундын зогсоол болон өөрийнх нь суух чиглэлийн автобус ирэхгүй бол алхахаас өөр яалтай билээ.
Х.Даваа