Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцсэн байна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар яллагдагч 20 хүн, 2 хуулийн этгээд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан түүний үйлдлүүдээс хамааран Эрдэнэтийн 49 хувийн гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл гаргаагүй болно. 

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хэргийг тусгаарлах ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Учир нь Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэв.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр