Нийслэлийн прокурорын газраас “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд

"2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн мэдээллийг ирүүлсэн. Улсын прокурорын ерөнхий газарт 2025 дөрөвдүгээр сарын 17-нд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагааны хэлтсээс уг хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээхээр ирүүлсэн. 

Уг тогтоолын дагуу Нийслэлийн прокурорын газраас хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай 22.1 Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, Эрүүгийн хуулийн тусгай 22.10 Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Тус хэлтэс дээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хэд хэдэн мөрдөх байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл үүссэн тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулдаг.

Улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Уг саналыг үндэслэж Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын тогтоолын дагуу Цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Өнөөдрийн байдлаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж, буруутай этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ёстой. “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хүнийг холбогдуулж яллагдагчаар татаагүй. 

Олон нийтийн мэдээллээр явж буй асуудлыг шалгаж байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцын талаар нууцлалтай байдаг. Тэгэхээр тухайн хэрэгт хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссаны дараа хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж, хүн хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, холбогдох мэдээллийг өгөх боломжтой" гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "39 стратегийн ордууд дээр хэлэлцээр хийхэд төвөг учирна. Хөдөө орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэдэд авч ирье гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга яриад явж байна. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг бид ярих цаг ирсэн.

Тусгай АМНАТ-өөр тооцвол 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор гадаадын дөрвөн иргэнд зарсан. Хонконгийн сайт дээр байна. Үүнийг хэлэлцэх үү, эсвэл ялгаж аваад хэлэлцээр хийх үү. Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдлээрээ энэ ажлыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа" хэмээн ярьж байв.