Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрбээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө буюу 2027 оны гуравдугаар улирал гэхэд эхний бүтээгдэхүүнээ гаргаж авахаар ажиллаж байна. Төлөвлөгөөгөөр 2028 оны эхний улирал багтааж ашиглалтад орох юм. 

1.5 сая тонн түүхий тосыг бэлэн байлгах үүрэг хүлээж байгаа учир маш өндөр түвшинд ажиллаж байгаа. Петрочайна Дачин тамсаг компанитай энэ жил түүхий тосны олборлолтыг 750,000 хүргэхээр ярилцсан ч гацсан байдалтай байна. Гэсэн ч энэ тоондоо хүргэж ажиллана. 

Петрочайна дачин тамсаг компанийн дансыг хаах, бүтээгдэхүүн хуваах гэрээнд байхгүй ₮350-аад тэрбумын татвар, аудит, нийгмийн даатгалын төлбөр төлсөн зэрэг асуудлууд байна. Мөн дунд түвшиндээ аймаг, сумын удирдлагууд байнга эсэргүүцэж, хамтарч ажилладаггүй. Түүнчлэн компанийн зүгээс хэлж байгаагаар "голцуу эмэгтэй дарга нартай танай Монголын ТББ-уудын дарамт маш их байна" гэсэн. Саяхан буу тулгасан гэх асуудал үүссэнд Хятадын элчин сайд эмзэглэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Эдгээр асуудлуудыг шийдэж байж том ажлуудаа явуулна. 

Дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод 80 орчим мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэнэ. Түүнийгээ дотооддоо аваад онгоцоо цэнэглээд явна" гэв.