Оюу толгойн ордыг ашиглах үйл ажиллагааны шинэ шатны гараа болох гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн баталлаа.

 

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг компанийн хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” компани 5.3 тэрбум ам.доллараар баталсан байна. Улмаар “Оюу толгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл авч, төслийг эцэслэн баталлаа.

 

Төслийг ийнхүү баталсныг тэмдэглэж өнөөдөр Өмнөговь аймаг дахь Оюу толгой төслийн талбайд "Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа" арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирлын орлогч Жан-Себастьян Жак, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх болон бусад төлөөлөгчид оролцов.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэхүү хөрөнгө оруулалт манай түншүүд “Оюу толгой” болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж буйг тод илэрхийлж байгаа юм. Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдсэнийг мөн харуулж байна. Ингэснээр дараа дараачийн хөрөнгө оруулалтыг татахад түлхэц болж, Монголын эдийн засгийг бэхжүүлнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр монголчууд бид бахархах ёстой, учир нь бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна” хэмээн цохон тэмдэглэв.

 

Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирлын орлогч Жан-Себастьян Жак “Рио Тинто Групп, Монгол Улсын хоорондын түншлэл нэгэн арван жилийг туулжээ. Бидний хамтдаа барьж байгуулсан дэлхийн хэмжээний бөгөөд аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлсэн уурхайн цогцолбор нь гурван жилийн турш зэсийн баяжмал амжилттай олборлож, экспортолж ирлээ. Өнөөдрийн хөрөнгө оруулалт нь “Оюу толгой”-н баялгийн 80 хувийг эргэлтэнд оруулж, тус уурхайг зэсийн салбарт дэлхийн хамгийн үнэ цэнэтэй төслийн нэг болгох юм.

 

“Оюу толгой” цаашид ч өргөжиж, хөгжих боломжтой. Өнөөдрийн барьж байгуулсан дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээнд түшиглэн, хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсад олон арван жилийн турш арвин үр өгөөж хүртээх болно. Энэ бол харилцан ашигтай, урт хугацааны түншлэл юм” гэж тэмдэглэв.

 

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Оюу толгойгоор овоглодог хүн бүрт түүхэн өдөр тохиож байна. Хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч дотоод, гадаадын түншүүд, хамгийн гол нь манай хамт олны шургуу хөдөлмөр, нөр их хичээл зүтгэл өнөөдрийн үр дүнд хүргэсэн юм. “Оюу толгой”-н гүний уурхайн төслийг баталснаар энэхүү ордын гол үүцийг эргэлтэнд оруулж, Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд томоохон оролцогч болох эхлэлийг тавьж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж буй гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга нь эдүгээ олборлолт явуулж буй ил уурхайн зэсийн агуулгаас 3 дахин өндөр буюу дунджаар 1.66 хувь байх юм.

 

Гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд ингэснээр “Оюу толгой” компани жилд 500,000 тонн зэс (баяжмал дахь агуулгаар) үйлдвэрлэнэ. Тус компани одоогоор жилд 175,000-200,000 тонн зэс (баяжмал дахь агуулгаар) үйлдвэрлэдэг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд газрын гадаргаас 1.3 километрийн гүнд нийтдээ 200 гаруй километр хонгил барина. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар ашиглаж эхэлснээр “Оюу толгой” нь дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар "Оюу толгой" компанитай 989 ханган нийлүүлэгч компани хамтран ажиллаж байгаа бөгөөд Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд энэ тоо 2 дахин өсч, 3000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцжээ.

 

2010 онд ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт төлсөн татвар, хураамж, ажиллагсдын цалин, ханган нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөр зэрэгт 5.5 тэрбум орчим ам.доллар зарцуулсан. Өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд 2 сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргасан юм.

 

Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд 2.2 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд Монгол Улсын төсөвт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр төвлөрүүлэх төлөвлөгөөг гаргасан байна.

 

Энэхүү хөрөнгө оруулалтын шийдвэр нь 2015 оны 12 дугаар сард олон улсын санхүүгийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн засгийн газрын харъяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээнд үндэслэгдэн батлагджээ. Талууд зээлийн дээд хэмжээг 6 тэрбум ам.доллар хүртэл байхаар тохиролцсон бөгөөд ингэснээр цаашид 1.6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах боломжтой юм.

 

Н.Гантуяа

montsame.mn