Нэгэн үе Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар ажиллаж байсан О.Магнай сүүлийн хэдэн жил нам жим болчихжээ.

Тэрбээр 2002-2005 онд Санхүү, Эдийн Засгийн яаманд мэргэжилтэн, 2005-2007 онд Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагчаар ажиллаж, улмаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга, АН-ын Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан юм. О.Магнай Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар томилогдон ажиллаж, хэрэглэгчдийн эрхийн төлөө цогтой тэмцэж олон хүмүүсийн талархлыг хүлээж байлаа. Тэрээр уг байгууллагын даргаар томилогдон ажиллаж байхдаа маш олон хууль бус үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, хэрэглэгчдийн эрх хаана ноцтой зөрчигдөж байна тэнд дуу хоолойгоо хүргэн ажиллаж байв.  

 

Түүнийг тухайн үед ШӨХТГ-ын даргаар томилогдох үед ёстой л “нүдээ олсон” томилгоо болжээ гэж олон хүн талархаж байсан юм. О.Магнай Улсын Цирк устаж буйг хүлээн зөвшөөрч чадалгүй, эсэргүүцэн тэмцэн, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржтой хүртэл шөргөөцөлдөж, “Би Д.Дагвадоржийн бяр чадлаас айхгүй” гэж хүртэл мэдэгдэж байв.  

 

Үүнээс гадна О.Магнай Монголын шүүхийн бузар булайг илчилж, Монгол Улсын шүүхийн байгууллага авлига хээл хахуульд идэгдсэн гэдгийг нийгэмд хэлж өгсөн гавьяатай.  УИХ-ын 2016 оны сонгуулийн МАН-ын дарангуйлал эхэлж байх үед ч айлгүй дуугаран, тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдын ургийн модыг дэлгэж байв. Тэр үүднээсээ өнөөдөр Монголын нийгэмд О.Магнай шиг хүмүүс үгүйлэгдэж байна. Яагаад гэвэл хүн төрөлхтөн үргэлж, шударга үнэний талд зогсдог хүнийг эрж хайдаг. Харамсалтай нь ийм хүн өнөөдөр манай нийгэмд тийм ч олон биш байна. 

 

Тэр утгаараа өнөөдөр Монголын нийгэмд болж буй увайгүй явдлыг зоригтой илчилж чаддаг О.Магнай шиг хүмүүсээ Монголчууд бид дэмжих хэрэгтэй байна. Тийм хүмүүстэй байсан цагт Монголын ард түмэн хүчтэй байдаг. 

Тэгвэл яг л ийм хүмүүсээ улс төрд дэмжин гаргаж, төрд бугширсан энэ их идээ бээрийг шахах хөдөлгөөн өрнүүлцгээе. Тэгэхгүй бол эрх баригчид биднийг номхон хонь шиг байлгаж юу дуртайгаа хийсээр л байх болно. Тийм болохоор энэ ялзарсан нийгмийг үтэр түргэн сольж, улс орноо аврахын тулд О.Магнай шиг олон олон хүмүүс хэрэгтэй байна. Ийм хүмүүс олон болж, төрийн удирдлагад гарсан цагт Монголын нийгэм бага ч гэсэн цэвэрлэгдэх байх. Хэрвээ тэгэхгүй бол Монголчууд үргэлж номхон хүлцэнгүй байж, энэ нийгэм маань хэзээ ч өөрчлөгдөхгүй энэ хэвээрээ байсаар л байна.   

 

Ж.Эгшиглэн

sonin.mn