Өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн хэвлэл мэдээллийн 20 гаруй мэдээллийн хэрэгслийн гучин сэтгүүлч Орхон аймагт зочилж,  уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. "Эрдэнэт" үйлдвэрийн шинэ удирдлагууд ажлаа хүлээж аваад нэг жил болохдоо юу хийж бүтээж, ямар амжилтад хүрснээ олон нийтэд нээлттэй тайлагналаа. Тус үйлдвэр өнгөрсөн онд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, үргүй зардлаа багасгаснаар 38 тэрбум төгрөг хэмнэсэн чадсан байна.

Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн бүх орлогч захирал нарын хамт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан ярилцлагыг хүргэе.

-Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн тодорхой хэмжээг бүрдүүлдэг. Монгол улсын гадагшаа гаргадаг зэс, нүүрсний үнэ ханш буурч байгаа нөхцөлд Эрдэнэт үйлдвэр 2014-2015 оны эдийн засгийн төсөөлөл мөн татварын дарамт ирдэг болов уу?

-Дэлхийн зах зээл дээр хямрал явагдаж байна. Үүнтэй холбогдоод гол үнэт металиудын үнэ бол бидний санасанд хэмжээнд байж чадахгүй байгаа. Гэхдээ 2013 онд дэлхийн зах зээл дээр байсан зэсний үнэ бол 1000 гаран доллараар буучихсан. Бидний хувьд бол дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг тохируулж чадахгүй учраас өөрсдийн өртөг зардлаа бууруулах. Тийм учраас үйлдвэр дээр хэмнэлтийн бодлого гээд маш том бодлогыг хэрэгжүүлээд  аль болох зардлыг хэмнэж, бага зардлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулахыг зорин ажиллаж байгаа юм.  Улсын төсөвт өнгөрсөн онд 520 тэрбум төгрөгийг улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Манай үйлдвэр улсын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж яваа.  Ашигт малтмалын нөөц ашигласнытатвараа 13 хувиар өлж байгаа. Энэ нь өндөр талтаа ордог. Гэхдээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд л явж байна. Үүнийгээ бид нар татварын дарамт гэж харахгүй. Бололцоогоороо зардлаа хэмнээд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг оновчтой ажиллана. Тасралтгүй 35 жил ажиллах хугацаандаа 4 сая гаруй тонн цэвэр зэс үйлдвэрлэж экспортонд гаргаж 4 их наяд гаран төгрөгийг төвлөрүүлсэн.

-Эрдэнэт үйлдвэр агуулахдаа 10 жил өмсөөд ч дуусахгүй их ажлын бээлийн нөөцөлсөн гэх мэдээлэл гарсан. Агуулахдаа байгаа бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэх боломж байгаа юу?

-Манай үйлдвэрийг томоохон үйлдвэр гэж бүгд ярьдаг. Тэгээд хэдий хэмжээний зүйл хэрэглэдэг вэ, хоногт хэдий хэмжээний зүйл шаардлагатай байж гэмээн хоногт 24 цаг тасралтгүй ажилладаг үйлдвэр вэ гэдгийг хүмүүс гадарладаг байх. Намар хэсэг сэтгүүлчид ирсэн тэгээд агуулахаараа чөлөөтэй оруулсан.  Сумын агуулах биш, дэлгүүрийн агуулах ч биш асар том үйлдвэрийн агуулах байгаа. Ажлын бээлий бол ороод харахад  хаа ч байхгүй хэмжээгээр бий. Гэтэл 6 мянган ажилчид ээлжинд гарах болгондоо солих ёстой шаардлага байдаг. Үүнийг бид хаа хамаагүй газраас авч ирээгүй. Манайх хажуудаа оёдлын цехтэй тэндээ хийдэг юм. Бид энд өөрсдөө үйлдвэрлэж байгаа учраас илүү тоогоор үйлдвэрлэх ямар ч шаардлага байхгүй. Үүнийг мэдэх хүмүүсийн хувьд ийм зйүл гардаг байх л даа. Манай агуулахад нууж хаагаад байх зүйлгүй. Ердөө л 1 сарын нөөц хуримтлуулдаг.  Агуулахад 120 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Үнийн дүнг сонсоод юмны баримжааг мэдэхгүй хүмүүс их гайхдаг.  Зайлшгүй сайн нөөцөлж чаддаггүй. Хэрэгцээтэй үедээ байхгүй байвал өдөрт 23 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийн хувьд  том хохирол учирна.

-Шахааны бизнес одоо байгаа юу. Энэ талаар?

-Ер нь бол Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнес бол байсан талаар хүн бүр ярьдаг. Энэ хэмжээгээрээ манай хүмүүсийг  харддаг байсан. Тодорхой менежментийн бодлогын чиглэлээрээ шахааны бизнесийг байхгүй болгохыг хичээж ажиллаж байгаа.  Нэг талаасаа өөрийн өртөг зардлаар бол сөрөг нөлөөлтэй. Нөгөө талаасаа бодитой үнээр бараа, материалаа худалдаж авах  хэрэгтэй.

Агуулахад  нормчилсон бодлого гэж бий. Тухайлбал, 3 сарын эсвэл 6 сарын нөөцтэй байх уу? Жилийн нөөц хадгалах ёстой юу гээд аюулгүйн үүднээсээ нөөцийг бий болгох нь чухал. Тэрнээс биш учиргүй хэрээс хэтэрсэн хэмжээтэй нөөц бол байхгүй. 130 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бараа, материал байсан харин одоо 109 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа. Харин хэрэглээний шаардлага хангахаа больсон бараа бол байсан. Зарим хугацаа нь дууссан барааг устгалд оруулсан. Шахааны бизнес гэдэг нь ерөөсөө бодит үнээр үйлдвэр тогтоож авдаг болчихсон болохоор одоо бол байхгүй.

-Жаст группийн стандарт банкнаас авсан зээлд баталгаа гаргаж өгсөн гээд байгаа. Авлигатай тэмцэх газарт “Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдээхүүн зарсан тодорхой нэр бүхий компаниудыг шалгаж байгаа гэх мэдээлэл бий?

-Бид найдваргүй компаниудын жагсаалт гаргасан юм. Үүнд 105 компаны нэр орсон байгаа. Эдгээр компаниудын манайтай гэрээ байгуулаад  олонхи нь гэрээ байгуулсан атлаа цаг хугацаанд нь бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Урьдчилгаа аваад алга болсон компани маш олон бий. Гэхдээ зарим нэг нь хоцроод ч гэсэн гэрээний үүргээ биелүүлсэн, бидний нэр төрийг сэргээж өгөөч гээд явж л байна. 37 тэрбум төгрөгийн найдлагагүй авлага үүссэн байсан. Гэрээ байгуулаад урьдчилгаа авсан ч бараа материалаа нийлүүлээгүй алга болсон компаниудын балгаар үүссэн алдагдал дүн. Гэхдээ бид өр барагдуулах алба гэж байгуулаад 20 орчим тэрбум төгрөг болгож бууруулсан. Зарим нь бол үнэхээр олдохгүй, хилийн цаана гараад явчихсан тохиолдол байгаа. Үүнийг хууль, хяналтын байгууллага руу шилжүүлчихсэн, албан ёсоор шалгаж байна. Харин одоо тус үйлдвэр урьдчилгаа шилжүүлэхээ больж банкуудтай хамтран зээл олголтоор асуудлаа шийддэг болсон.

Жаст группийн хувьд манай өмнөөс хуурамчаар захирлуудын гарын үсгийг скайнердэж баталгаа хийгээд Өмнөд Африкт байдаг Стандарт банкны салбараас манай нэр дээр 109 сая доллар авсан. Энэ хэргийг улсын мөрдөн байцаах газар хуурамч гарын үсэг хэрэглэсэн гэдгийг тогтоосон байгаа.

-Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтийг нэмээд өгвөл 31 сая тонн хүдэр олборлох чадвартай гэж Ерөнхий сайд мэдээллэсэн. Эцсийн бүтээгдэхүүн гаргахад танай үйлдвэрт юу хэрэгтэй байгаа вэ?

-Анх Эрдэнэтийн овоо гэж далайн түвшингээс дээш 1606 метр байсан. Өнөөдрийн байдлаар бол 1265 метртэй доошоо болсон. Энэ 35 жилд  үйлдвэрийг байгуулж байхад хүдэрт байгаа зэсийн агуулга бол 1 орчим хувьтай байсан. Тэгээд  35 жилийн хугацаанд агуулга нь багасаад өнөөдөр О хэм дээр ажиллаж байгаа. Анх энэ үйлдвэр ашиглалтанд орохдоо 1971, 1981 онуудад бид жилд 16.5  сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон. Харин гаргаж буй баяжмал маань 550 мянган тонн зэсийн баяжмалаа 23.5 хувийн агуулгатай гаргах төслийн хүчин чадалт хүрсэн. Ингээд ашиглах явцад агуулга нь доошоо бууж боловсруулах хүчин чадал маань улам нэмэгдэж байна. Иймээс бид нар өнөөдөр өргөтгөлийн ажлаа хийж байгаа юм. Үүнд бидний тооцоолсноор 51 сая долларын санхүүжилт хэрэгтэй болоод санхүүгийн хүндрэлд орчихсон. Өнөөдөр эцсийн бүтээгдэхүүн гаргавал бидний мөрөөдөл ганц зорилго. Одоо ашиглаж буй бүтээгдэхүүн нь 23 тонн зэс  үлдсэн хувьд шороо ачиж байгаа. Тийм болохоор олон жил ярьж эхэлсэн зэс хайлуулах үйлдвэрээ байгууллахаар олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм. Хүхрийн хүчлээ хаашаа хийх үү гээд асуудал бий. Үүнийгээ цогц шийдэх шаардлагатай.

-Тулгамдсан ямар асуудал байна. Төр засгаас ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Цаашдаа хийх ажлууд олон бий. Тухайлбал,  үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг хийх хоёр төслийг энэ ондоо хийж дуусгах ёстой. Нэг нь баяжуулах папракын өөрөө  нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил, нөгөөдөх нь үйлдвэрийн дэргэд баригдаж буй эмчилгээ, оношлогооны төвийн ажлыг дуусгах хэрэгтэй. Харин энэ оношлогооны төвийг дуусгахад 2О орчим сая долларын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Урт хуагцааны бага хүүтэй зээл олох нь хамгийн чухал асуудал байгаа. Яагаад гэвэл нэлээн удаан хугацаанд үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлээ хийхдээ дандаа зээлийн хөрөнгөөр хийж байсан. Тийм учраас манай зээлийн өр хуримтлагдсан байдаг юм. Тэгэхээр ойрын хугацаанд энэ өрийг багасгах, төлж бариагдуулах тал дээр бодитой ажил хийхэд урт хугацааны зээл хэрэгтэй. Богино хугацааны зээл бол манай үйлдвэрийн мөнгөн урсгалд нөлөөлдөг болохоор эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Гэхдээ энэ хоёр төслөө энэ ондоо дуусгана. Цаашдаа томоохон төслүүд хэрэгжүүлэх гээд төлөвлөсөн. Жишээлбэл, 48мегабатын 50 цахилгаан станцын өргөтгөлийн асуудал, ил уурхай дээр авто тээврийн төслийн асуудал бий. Мөн бутлах дамжлагыг сайжруулах чиглэлийн ажил байгаа. Энэ төслүүдийг дараа дараагийн шатанд хэрэгжүүлнэ.

Төр засгаас биднийг ойлгож дэмжих асуудал бол татварыг цаг хугацаанд нь төлөөд явах, жилдээ ашигтай ажиллаж буй ноогдол ашгийг бид нар тодорхой хугацаагаар өргөтгөж шинэчлэлийн эх үүсвэрт зориулж үйлдвэрт үлдээвэл санхүүгийн үйл ажиллагаа цаашдаа жигдрэх юм гэж ойлгож байгаа.

-Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагаа болгон дээр Эрдэнэт үйлдвэрийн асуудал дурдагддаг. Энэ онд хийгдэх энэ ажлуудад ОХУ-аас туслаж дэмжихээр яригдсан  зүйл байгаа юу?

-Оросын талаас хөрөнгө оруулагчид бүхий л дэмжлэгийг үзүүлдэг. Цаашдаа ч энэ асуудал дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно.

Шинэ удирдлагууд зөв менежмент барьснаар нэг тонн зэс боловсруулах өртөгийг 6625 ам.доллараар төлөвлөсөн ч 5800 болгож тонн тутмаас 825 ам.доллар хэмнэж чадсан байна. Тэгэхээр жилд 74 сая гаруй ам.доллар хэмнэж чадсан гэсэн үг. Өмнө нь нэг тонн ган бөмбөлөгийг 2200 ам. доллараар шахдаг байсныг болиулж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс авдаг болсноор үнийг нь 950 ам.дол­­­лар бол­­гон бууруулж тонн тут­маас 1250 ам.доллар хэмнэдэг болсон аж.  Жилдээ 22 мянган тонн ган бөмбөлөг авсан гэхээр 27,5 сая ам.доллар хэмнэжээ.































































 

Х.Даваа