Нийслэлийн СХД-ийн есдүгээр сургууль хоёр ээлжинд шилжлээ
2019/06/04
Хүн амын хэт нягтаршлын улмаас сүүлийн жилүүдэд Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиуд ачааллаа дийлэхээ больсон. 2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээгээр нийт 38 сургууль, эдгээрээс нийслэлийн 26 ЕБС 3 ээлжээр хичээллэж байна. СХД-ийн 9-р сургууль 320 хүүхдийн суудалтай 3 давхрын өргөтгөлийн барилгыг энэ хичээлийн жилд багтаан ашиглалтад оруулснаар бүрэн 2 ээлжинд шилжлээ.
Тус сургууль нь хичээлийн хоёр байранд 2782 сурагчидтай, 162 багш ажилчидтайгаар сургалтынхаа үйл ажиллагааг 3 ээлжээр хичээллүүлдэг байсан байна. Өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор хоёр ээлжинд бүрэн шилжиж одоогоор зургаан анги нэг ээлжээр хичээллэж эхэлжээ.
Тус сургуулийн өргөтгөл ашиглалтанд орсноор багш хөгжлийн төвтэй, багш сурагчид, ажилчид чийрэгжүүлэлтийн өрөөтэй, сургалтын 14 тэнхимтэй, сурагчдын сайн дурын байгууллага ажиллах өрөөнүүдтэй болжээ. Мөн хүүхдүүд чөлөөт цагаараа секц, дугуйлангуудад явах, мөн багш нарын танхимд заасан хичээлийг бататгах, хичээлийн бусад цагаар өөрийн олж авсан мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон олон боломжууд бүрдлээ. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад энэ боломж маш хязгаарлагдмал байдаг.
Сургуулийн хамт олон, 2782 сурагчид, төгсөгчид, тэдний эцэг эхчүүдийн мөрөөдлийг биелүүлж сургалтын таатай, ая тухтай орчинг бүрдүүлэх ажлыг бүх талаар ажилласан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн ИТХ, СХД-ын Засаг дарга түүний ажлын алба тус дүүргийн Боловсролын хэлтэс мөн барилгыг хугацаанд нь чанартай хүлээлгэн өгсөн гүйцэтгэгч компанийн хамт олонд багш нарынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ.
1978-оноос хойш 9-дүгээр сургуулийн дээвэр дээр нэг ч тоосго нэмэгдэж баригдаагүй байсан. Өнгөрсөн жил 950 сая төгрөгний хөрөнгө оруулалттайгаар тус сургуулийн өргөтгөлийг барьсан. Харин энэ жил мөн 900 орчим сая төгрөгөөр сургуулийн шинэ спорт заал баригдаж энэ оны 9-дүгээр сарын нэгэн гэхэд хүүхдүүддээ хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна.