Б.Хурцын талаас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан гэв
2019/08/14
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Эхний өдрийн өглөө 10:00 цагт эхэлж арав гаруй цаг үргэлжилсний эцэст оройн 20:00 цагт завсарласан юм. Шүүх хуралд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар болон болон хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны эхнэр Б.Булган, гэрчээр Д.Амгаланбаатар нар оролцож байгаа юм. УИХ-ын Түр хорооны гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь зүйлийг зөрчинө гэж үзэж татгалзсан. Тэгвэл өчигдөр өглөө 09:00 цагаас үргэлжилсэн шүүх хурал өдөр 13:30 цагт түр завсарласан юм. Шүүхийн гадна хурлыг нээлттэй явуулах, шударга ёсыг тогтоохыг шаардсан утга бүхий уриа лоозон хадсан байв.
Л.Жавзмаа: Хэд хоносон ч хамаагүй шүүхийн шийдвэрийг хүлээнэ
Эхний өдөр шүүх танхимын гадна шүүгдэгчдийн ар гэр болон иргэний хөдөлгөөнийнхөн жагсч, Б.Хурц нар руу дайрах зэргээр эмх замбараагүй үйлдэл гаргаж байсан бол өчигдөр нам гүм байлаа. Уриа лоозон барьсан иргэний хөдөлгөөнийхөн шүүх хурлын завсарлагаанаар цугларчихаад буцаад тарсан гэдгийг ойр хавийнхан хэлж байв. Мөн биднийг үдийн 14:00 цагт очиход жагсагчид цөөн байв. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхэн эхний өдрийг бодвол цөөхүүлээ иржээ.
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Өглөө 08:00 цагт ирсэн. Хэд хоносон ч хамаагүй шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Хамгийн гол нь үнэн зөвөөр шийдэгдээсэй. Орхоноос хүүхдүүдтэйгээ ирсэн. Өнөөдөр /өчигдөр/ бэртэйгээ үлдээд бусдыг нь буцаачихлаа” гэсэн юм.
Харин иргэний хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан хийхгүйгээр шүүх хурлыг холоос ажиглаж байна гэв. Тэд “Өчигдөр 17 өмгөөлөгч байсан. Өнөөдөр 21 болж нэмэгдсэн мэдээлэл байна. Тэгэхээр гэрч, хохирогч, холбогдогч гээд бараг 40 гаруй хүнээс тайлбар авч байна гэсэн үг. Бидний хувьд шүүх хурлын шийдвэр гартал жагсах болно. Энэ удаагийн шүүх хурлаас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мухарлах ёстой. Б.Хурцын талаас гэрчээр Ц.Элбэгдоржийг дуудахыг шаардаж байгаа юм билээ” гэсэн юм. Шүүх хурлын дундуур С.Зориг агсны гэргий Б.Булган гарч ирсэн ч тэрээр “Түр салхи амьсгалахаар чөлөө авч гарч ирлээ. Хурал нэлээн цэгцэрч байна” гэсээр шүүхийн хашаанаас гаралгүй буцаж орсон юм.
Харин өчигдөр шүүх хуралд Б.Хурцын авга ах Батсүх, үеэл Н.Төгсжаргал, хүргэн ах нар нь иржээ. Тэд сэтгүүлчидтэй уулзахаас татгалзаж, машиндаа шүүх хурлыг хүлээж байв. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын үеэл Н.Төгсжаргалаас тодрууллаа.
Н.Төгсжаргал: Захиалагчийг нь гаргаж ирээд энэ хэргийг дуусгаасай
-Манай гэр бүлийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа. Ц.Нямдорж сайд захиалагчийг мэдэж байгаа бол хурдхан зарлаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нэг мөр эцэслэсэн нь дээр. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн ихэнх нь нууцаас гарсан. Тиймээс захиалагчийг зарлаж, эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг улсын нууцаас гаргаж шүүх хурлыг нээлттэй явуулахгүй л бол улсын нууц гээд шүүх хуралд орж байгаа хүмүүс хэзээ ч үнэнийг ярьж чадахгүй.
20-30 жил болж байхад С.Зоригийн хэрэг яагаад ил болохгүй байна вэ. Энэ хэрэг Б.Хурцыг тагнуулын байгууллагад ажиллахаас өмнө болсон. Тагнуулын байгууллагын өмнөх даргыг С.Зоригийн хэргийг будлиулахын тулд шоронд хийсэн. Гэтэл одоо Б.Хурцыг бас л цагдан хорьж байна. Б.Хурцыг шийтгэлээ гээд энэ хэрэг эцэслэгдэхгүй. Дараагийн хүмүүсийг дахиад л холбогдуулж, одоогийнх шиг байдалд оруулна. Тиймээс ул суурьтай хандах ёстой. Захиалагчийг нь гаргаж ирээд энэ хэргийг дуусгаасай. Нууцлаад байгаа баримт мэдээллийг ил болгох хэрэгтэй.
Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр: Хүүхдүүддээ аавыг нь аваад очно гэж зорьж ирсэн
-Миний нөхрийг гэнэт авч явснаас хойш дөрвөн жил гаруй боллоо. Тэр үед ээжийнхээ гэдсэнд байсан хүүхэд минь одоо дөрвөн нас хүрч, нэгдүгээр байсан охин маань тавдугаар ангид орж байна. Энэ хугацаанд манай гэр бүлийнхэн хүмүүст нүд үзүүрлэгдэж үгээр илэрхийлж боломгүй зовлон зүдгүүрийг туулсан ч нөхөртөө итгэх итгэлээ алдаагүй. Бусдад алуурчны эхнэр гэж дуудуулж, хүүхдүүд маань сургуулиасаа гаръя гэж өдөр бүр гуйдаг байсан. Хүүхдүүдээ зодуулаад хамарнаас нь цус гараад орж ирэхэд зугтчихмаар санагддаг юм билээ. Сүүлдээ цөхөрсөн. Одоо бол хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэдэгт л итгэж байна. Өөр найдах зүйл үлдсэнгүй. Гэмт хэрэгтний үгээр гэмгүй нөхрийг маань ялласанд итгэж чаддаггүй. Энэ удаагийн шүүх хурлаар үнэн зөв нь тогтоогдож нөхрийг авч явахаар ирсэн. Хүүхдүүддээ аавыг нь аваад очино гэсэн зорилготой ирсэн.
Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2019/08/14
Хурц зөв Таравагдоржтой цуг нүхэнд нь орох хэрэгтэй
Зочин · 2019/08/14
Элбэгдорж улс эх орныг минь ёстой хошгоруулан самарч дээ нүгэлд новш эх орон ард түмэнээсээ урвасан хог шаар яс 25 жилээр хорих ёстой
Зочин · 2019/08/14
КККККК нөгөө Элбэгтарвага халуун зунаар иччихсэн болохоор чаж гаргаж ирэхийн бэ? Хугацаа хожих хамгийн айдвартай аргаа хэрэглэжбайна даа новш чинь