Х.Батсуурь: Манайх үнэхээр оффшортой тэмцэхийг хүсвэл боломж нь нээлттэй болсон
2019/08/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр тус улсаас оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан Америк дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн. АНУ-ын зүгээс хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ. Энэ талаар эдийн засагч, судлаач Х.Батсуурьтай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчидтой тэмцэхэд АНУ-аас дэмжлэг хүсч, хамтран ажиллахаар болсон. Тус улсын хувьд энэ чиглэлд хэр арвин туршлагатай вэ?
-Оффшорын асуудал 1950-иад оноос яригдаж эхэлсэн. Олон улсын түвшинд шийдэхэд хүндрэлтэй байсан шалтгаан нь нэгдсэн холбоо байгаагүйтэй холбоотой. АНУ нь 2009 оны эдийн засгийн хямралын үеэр оффшор бүсэд онцгой анхаарал хандуулах болсон. Эдийн засгийн хямрал нүүрлэж, өсөлт нь буурч байгаа шалтгааны нэг нь чинээлэг иргэд оффшорт өөрсдийнхөө хөрөнгийг нууж байгаатай холбоотой гэж олон жил яригдсан. Хямрал үүнээс улбаатай гэсэн эдийн засгийн судалгааг ч хийсэн байдаг. Иймд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Америк үүнд анхаарлаа илүүтэй тавьж, оффшорт хөрөнгөө нуусан иргэдийнхээ мөнгийг өөрийнхөө эрх зүйн орчинд оруулж ирэх, татвараа авах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрч хөөцөлдөж эхэлсэн. Америк хөдлөөд ирэхээр бусад улс орон болон олон улсын байгууллагууд энэ асуудлыг зориглон тавьж, үр дүнд хүрэх болсон. Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага илүү их анхаарал тавьж ажиллаж байгаа. Европын холбоо, Дэлхийн банк зэрэг санхүү эдийн засгийн хамгийн нөлөө бүхий олон улсын байгууллагууд оффшорын эсрэг тэмцэх ажиллагаанд нэгдэн орж, хамтарч эхэлсэн. Энэ үүднээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш том дэвшил гарсан. Мөн оффшорын асуудлыг шийдэх эрх зүйн орчин, олон улсын хамтын ажиллагаа бүрэн хэмжээгээр бүрэлдэн тогтоод 2-3 жил болж байна гэж ойлгох хэрэгтэй.
Яагаад энэ асуудал манайх шиг хөгжиж буй орнуудад бүрэн шийдэгдэхгүй яваад байна гэвэл тухайн улс орны удирдлагууд оффшортой тэмцэхийг хүсч байна уу, үгүй юү гэдгээс бүрэн хамааралтай. Мөн оффшорын талаар хэр мэдлэгтэй байна, Засгийн газар нь оффшорын эсрэг тэмцлийн конвенц буюу тодорхой хөдөлгөөнүүдэд нэгдэн орсон уу, тэрийг хүлээн зөвшөөрсөн үү гэдгээс ихээхэн хамаарч байгаа юм. Үнэхээр оффшортой тэмцэхийг хүсэх юм бол ямар ч улс орон оффшорт нуусан хөрөнгийг нутагтаа оруулж ирж, авах ёстой татвараа авч, эргэлдүүлэх ёстой хөрөнгөө эргэлдүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах боломж нь нээлттэй байна.
-Оффшортой тэмцэхэд АНУ-ын дэмжлэг зайлшгүй шаардлагатай юу?
-АНУ-ын туслалцаа авах шаардлагагүйгээр өөрсдийн хүсэл сонирхлоор оффшортой тэмцэх боломж манайд байсаар ирсэн. Энэ боломж 2017 оноос бүрдсэн. Яахав, оффшортой тэмцэхэд бусад улс орноос дэмжлэг авах шаардлага байж болно. Гэхдээ дотоодын хууль эрх зүйн орчин нь ажиллаад явах юм бол олон улсын хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрэлдсэн. Асуудалгүй болсон. Гол нь дотоодын хууль эрх зүйн орчин хэрхэн ажиллах юм. Тэрийг зохицуулж байгаа эрх бүхий албан тушаалтнууд нь авлигачидтайгаа тэмцэх, оффшорын хөрөнгийг оруулж ирэх, татвар ногдуулах хүсэл эрмэлзэл байна уу гэдэгт асуудал байгаа юм. Нөгөө талаас мэдлэг алга уу. Гадаад эрх зүйн орчин бүрэлдчихээд байхад оффшорчидтой тэмцэхэд яагаад хүндрэлтэй гэж үзээд байгаа юм бол, мэдэхгүй.
Магадгүй Америктай харьцах асуудал дээр тодорхой дэмжлэг туслалцаа хэрэгтэй байсан байж болох юм. Олон улсын туршлага талаас нь судалж өөрсдийн мэдлэгээ нэмэгдүүлж болох байх л даа. Тухайлбал, бүх хэрэг нь илэрсэн авлигач нөхөр АНУ-д очиж нуугдаж болно. Гэтэл тэр нөхрийг авах гэхээр тодорхой хэмжээнд хамгаалах эрхзүйн орчин тэнд байж болно. Хүний эрх талаасаа авч үзэж байна шүү дээ. Энэ талаасаа хамтран ажиллах бололцоотой байх.
-Та манай дарга нарт хүсэл сонирхол нь байвал оффшорчидтой тэмцэх гадаад эрх зүйн орчин бүрэн бүрэлдсэн гэлээ. Энэ боломжуудыг тодруулахгүй юу. Манай улс оффшорын эсрэг олон улсын гэрээ конвенцуудад хэрхэн нэгдсэн байдаг вэ ?
-Оффшор руу чиглэсэн олон улсын байгууллага, гэрээ, конвенцууд бий болсон. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын татварын танхимаас санаачлан хэрэгжүүлж буй хоёр төсөл бий. Эхнийх нь BEPS буюу татварын суурийг багасгах замаар татвараас зайлсхийхийн эсрэг ажиллагаа гэж орчуулж байна. Улс орнууд үүнд нэгдсэнээр татварын олон улсын дүрэм журманд нийцсэн хуультай болно. Нөгөөх нь “Глобал форум” гэж байгаа юм. Энэ форумд жил гаруйн өмнө 140 гаруй улс нэгдэн орсон байсан. Түүнээс хойш нэгдэж орсон улсын тоо өссөн нь гарцаагүй. Үүнд манай ойрын улсуудаас Орос, Хятад, Казахстан нэгдэн орсон. Мөн оффшор гэдэг улсууд, жижиг арлууд, Арабын нэгдсэн Эмират улс гэх зэргээр нэгдсэн. Уг форумд нэгдсэнээр банкны мэдээллийг чөлөөтэй солилцох боломжтой юм. Ямар улсын, хэн гэж иргэн аль банкинд ямар данс эзэмшиж байгааг чөлөөтэй шалгаж болно гэсэн үг. Жишээ нь Монгол Улсын иргэн Кайманы арлын аль нэг банкинд данстай байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл тус арлын засаг захиргаа “Глобал форум”-ын дүрэм журмын дагуу интернэтээр шууд гаргаж өгөх боломжтой. Өмнө нь Монголын Засгийн газар хүсэлт явуулж гаргуулж авдаг байсан. Харин одоо интернэтээр банкны системд холбогдоод маш богино хугацаанд мэдээллийг гаргаж авах эрх зүйн болоод техникийн шийдлийг гаргаж тавьсан байгаа.
Манай улсыг “Глобул форум”, BEPS-д нэгдэн орохыг аль 2011-2012 оноос шаардаж ирсэн байдаг. 2017 онд орох ёстой гэсэн тодорхой шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, эдгээр форумд орохгүй явж байгаа цөөн улсын нэг нь Монгол байна. Энэ нь терроризмын эсрэг ажиллагааг дэмжихгүй, оффшор мөнгийг нуух эрмэлзэлтэй, олон улсын санхүүгийн байгууллагуудын стандартад нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг гэж шахсан. Гэтэл 2017 онд Сангийн яамнаас “Глобал форум”, BEPS-д нэгдэж татвараас зайлсхийхтэй тэмцэх асуудал манайд хамааралгүй. Бид үүнд нэгдэн орох шаардлагагүй гэсэн хариу өгсөн байдаг. Үүний дараа манай улсыг саарал жагсаалт руу оруулж, хар жагсаалтад ороход бэлэн байгааг анхааруулсан. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс мөнгө угаах, татвараас зайлсхийх асуудалтай тэмцэх эрмэлзэлгүй байна, ийм ажиллагааг дэмжсэн гэсэн 10 гаруй орны жагсаалтад оруулсан гэсэн үг. Хэрэв тодорхой хугацаанд энэ асуудлаа цэгцлэхгүй бол хар жагсаалтад оруулна гэж мэдэгдсэн. Ийм шахалтаас үүдэж манайх нэгдэж орсон байгаа.
-Манай улс анх дээрх конвенцуудад нэгдэж орохоос татгалзсан шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
-Манайхаас яагаад ийм хариу өгснийг мэдэхгүй. Ач холбогдлыг нь ойлгоогүй байсан уу. Эсвэл оффшорчид, авлигачдынхаа мөнгийг нуух, тэднийгээ хамгаалах Засгийн газрын бодлого явуулах гэж оролдсон юм уу. Ямар ч байсан хар жагсаалтад орохын өмнө “Глобал форум”, BEPS-д нэгдэн орохыг зөвшөөрсөн.
-Тэгвэл манай улс олон улсын гэрээ конвенцид нэгдсэн. Оффшорчидтой тэмцэх бүрэн боломж байхад тэр боломжоо ашиглахгүй байгаа юм биш үү?
-Манайх оффшортой тэмцэх тал дээр бодит санаачилга үнэндээ гаргаагүй. Яахав Ж.Батзандан гишүүн оффшортой тэмцэх хуулийн төсөл боловсруулаад явж байсан. Тэр нь УИХ дээр унасан. Оффшортой тэмцэх асуудал дээр олон улсын байгууллага, нөлөө бүхий улс орнуудын шахалт шаардлага, дарамтан дор л хөдөлж эхэлж байгаа болохоос биш Монгол Улсын Засгийн газар, эрх баригчид оффшор дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэр бүү хэл хамгаалах гэж оролдсон гэдэг нь 2017 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын тавьсан шаардлагад өгсөн хариунаас харагдаж байгаа юм. Тухайн үед Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, дэд сайдаар Х.Булгантуяа байсан, одоо ч байгаа. Харин иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс оффшортой тэмцэх асуудал дээр нэлээн санаачлага гаргаж ажиллаж ирсэн. Зарим нь оффшорын эсрэг жагсаал хийсэн, тодорхой мэдээллийг олон түмэнд ил болгосон асуудал байгаа.
-“Глобал форум”, BEPS-д нэгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм байна. Ингэснээр оффшорчдынхоо мэдээллийг хянах бүрэн боломжтой болжээ. Гэхдээ олон улс шаардаад байсан учир элсчихсэн. Яг хэрэгжүүлэх тал дээр хойрго байна уу даа?
-Манай хууль хүчний байгууллагууд, нөгөө талд тэднийг чиглүүлж зохицуулж байгаа төр засгийн эрх мэдэлтнүүд үүн дээр санаачлагатай ажиллахгүй болохоор явахгүй байна. Манайх оффшортой тэмцэх асуудал дээр сүүл барьж байгаа улс боллоо. Тодорхой бус байна. Яахав, BEPS-ын хэрэгжилт нь тодорхой цаг хугацааны дараа, нэг жил ч юм уу явдаг. BEPS-д ороод жил хагас боллоо шүү дээ. Одоо л бүрэн хэрэгжих хэмжээнд очиж байна. “Глобал форум”-ын хувьд яг оффшорын эсрэг ажиллагаа юм. Энэ нь аль хэдийн үр дүнгээ өгөөд явж байх ёстой. Гэтэл элсэж орсон л гэсэн. Тэрнээс хойш чимээгүй болчихлоо. Энэ талаар тодорхой мэдээллийг Татварын ерөнхий газар, Сангийн яам, Монголбанк өгөх ёстой. Асуувал хариулна. Үгүй бол тэгээд л явж байдаг байдалтай байна. Дээрх конвенцуудын дагуу үйл ажиллагаагаа явуулсан бол манайд оффшорын асуудал үндсэндээ шийдэгдсэн байх ёстой. Нөгөө талдаа Монголд хууль эрх зүйн орчин боломжийн хэмжээнд бүрэлдсэн. Хууль бус мөнгө угаалттай тэмцэх, авлигатай тэмцэх гэх зэргээр. Энэ чинь оффшортой холбогдож байгаа шүү дээ. Энэ мэтээр эрх зүйн орчин нь бүрэлдчихсэн байхад яагаад ажиллахгүй байна вэ гэсэн асуулт гарч байна.
-Ерөнхийлөгч оффшортой тэмцэхэд АНУ-аас дэмжлэг хүсэх нь зүйн хэрэг. Манай улсыг туйлдуулж буй шударга бус явдалтай тэмцэх санал санаачилга байгаа нь сайн үйлдэл. Гэхдээ айлаас эрхээр авдраа уудал гэдэг шиг дотоод нөөц боломжоо ашиглавал оффшорчдыг илрүүлж, хариуцлага тооцох, гадаадад байгаа хууль бус мөнгийг татаж, зохих татвараа авах боломж бүрэн байгааг олж харахгүй байна уу?
-Ерөнхийлөгч ямар мэдээлэлтэй байгааг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн албаныхан буруу зөрүү мэдээлэл гаргах тохиолдол байдаг гэх шүүмж явдаг шүү дээ. Тэрэнтэй нь холбоотой юм уу. Эсвэл Сангийн яам, Монголбанк зэрэг нь тодорхой мэдээлэл өгдөггүй юм уу. Монгол Улс ямар орчин бүрдүүлчихээд юу хийгээд яваад байгааг аль аль талдаа ойлгохгүй, мэдэхгүй яваад байх шиг. Мэдсэн нэг нь төдийлөн ярьдаггүй. Олон түмэнд сурталчилдаггүй юм болов уу гэж харж байна. Манайд оффшорчидтой тэмцэхэд болохгүй зүйл үндсэндээ байхгүй. Гэтэл олон улсад маш үр дүнтэй тэмцлүүд өрнөж байна.
ОХУ гэхэд “ФЗ-79” буюу төрийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд оффшор данс эзэмшихийг хориглох хуулийг аль дээр гаргасан. Мөн иргэдийнхээ оффшорт нуусан хөрөнгийг авчирах тусгай заалт гаргаж, хэрхэн авчирах бүх зүйлээ тодорхой болгоод явж байна. Үүний үр дүнд Орост маш их хэмжээний хөрөнгө орж ирж байгаа. Хятадад “Үнэгний ав” гээд оффшорт хөрөнгөө нуусан нөхдийг илрүүлж баривчилж байна. Бүр хил даваад явсан нөхдийг ч бариад ирж байх жишээтэй. Би Швейцарьт очсон. Хүмүүстэй нь уулзсан. Манайхны яриад байгаа шиг нууцлал тэнд байхгүй гэж байна. Эрх зүйн орчин нь маш тодорхой болчихсон. Монголын Засгийн газар хүсэх юм бол бүх мэдээллийг авч болно. Нуусан хөрөнгө мөнгийг нь шилжүүлж өгнө гэж байсан. Түүнээс биш жирийн иргэн очиж хэлээд гаргаж өгөхгүй шүү дээ. Монголчуудын дунд хамгийн алдартай оффшор бүс нь Швейцарь улс. Гэтэл ийм боломж байхад Швейцарьт хөрөнгө нуусан нөхдүүдийг яагаад ил болгохгүй байгааг ойлгохгүй байна. яагаад хариуцлага тооцохгүй байгааг мэдэхгүй байна. Швейцарийн ерөнхий прокурор, Засгийн газар, хуулийн фермүүд нь хамтран ажиллах боломжтой гэдгийг бүрэн илэрхийлээд байхад шүү дээ. Ер нь манайх оффшортой тэмцэхэд өөр юун дээр гацаад байгааг ойлгохгүй байна. Швейцарь гэлтгүй бусад орнуудын хувьд ч боломжтой байгаа шүү дээ. Олон улсын авлигатай болоод оффшортой тэмцэх гэрээ конвенцид нэгдсэн улс орнууд тэр үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. америк ч ялгаагүй. Яахав, тухайн улс орны хууль эрх зүйн орчны онцлогоос хамаарсан ганц хоёр асуудал байж мэднэ. Гэхдээ бараг үгүй байх. яагаад гэвэл олон улсын гэрээ конвенцыг хүлээн зөвшөөрсөн бол тухайн улс орны хууль эрх зүйн орчноос давуу байдлаар хэрэгжих ёстой.
-Саяхан МХЕГ ажиллаж дарга нар их хэмжээний авлига авсан бичлэг цацагдсан. үүнээс улбаатайгаар ер нь төрийн албан хаагч нарын дунд авлига авах явдал түгээмэл байна. Мөнгөн дүн нь их юм. Цаашлаад энэ мөнгөө оффшор бүс рүү гаргаад байна гэх хардлага улам лавширсан. Манайд энэ чигийн судалгаа бий юу?
-Манайд асар их мөнгө хөрөнгө байна. Баялагаа экспортолж байна. Тооцоод үзэхээр эдийн засгийн өсөлт, орж ирж байгаа мөнгө хоёрын хооронд их зөрүү гарч байна. Тэр зөрүүнд гарч байгаа их мөнгө хаашаа явсан нь тодорхойгүй байгаа л даа. Тэртэй тэргүй манайд олон тооны оффшорч байна гэдэг нь тодорхой болсон. 4-5 жилийн өмнөөс ил болж, зарлагдсан. Гэхдээ энэ бол зөвхөн зах зух нь. Ингээд бодоод үзвэл Монголын хууль эрх зүйн орчин чангарч, авлигачидтай тэмцэхтэй зэрэгцээд авлигачид оффшорт л мөнгөө оруулж байна гэж хардаж байгаа юм. Судалгаа байхгүй учир ийн хардаж байна. Ер нь олон улсад энэ чигийн судалгаа байдаг. Тодруулбал, оффшорт байгаа хөрөнгийг тооцож үзвэл дэлхийн эдийн засгийн хөрөнгийн 10-15 хувь нь байна гэж үздэг. Энэ нь 8-12 их наяд ам.доллартай тэнцэх хөрөнгө байна. Манайд харин ямар ч судалгаа алга.
Г.БАТЗОРИГ
зочин · 2019/08/14
тэгээд яагаад тэмцэхгүй байнаа, нэг хэсэг шуугиад л бөөн юм болоод байсан, одоо дараагийн сенсацдаа дарагдсан байна хэхэхэ