Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 6-наас эхлэн ажлын 3-10 хоногт багтаан олгоно гэв
2019/08/30
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
“2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авч байна. Сургуулиуд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд карт шинээр болон сунгуулах хүсэлтийг нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх ёстой байгаа. Есдүгээр сарын 6-наас эхлээд ажлын 3-10 хоногт багтаан сургуулийн хүүхдүүдийн тооноос хамаарч олголтыг хийж эхэлнэ” хэмээн нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг ярилаа.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Манай газраас мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежийн оюутан залууст автобусны хөнгөлөлтийн карт олгодог. Энэ хичээлийн жилд 14194 оюутанд карт олгохоор төлөвлөөд ажиллаж байна. Оюутан залуучууддаа хандаж хэлэхэд “Сонор плаза” төвийн таван давхарт байрлах цагийн ажлын биржээр дамжуулан картыг олгоно” хэмээв.
Өмнө нь оюутны смарт картын сунгалтын ажлыг есөөс арванхоёрдугаар сарын хооронд хийдэг байсан бол энэ жил есөөс зургадугаар сар хүртэл хийх юм байна. Оюутнууд карт, сургалтын төлбөрөө төлсөн баримттайгаа очиж сунгалт хийлгүүлэх ёстой юм байна.