Данийн улсын гуравдахь том банк болох Jyske Bank жилийн -0,5 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг үйлчлүүлэгчиддээ санал болгожээ. Өөрөөр хэлбэл, шинэ байр худалдан авахаар шийдсэн зээлдэгчдийн авсан зээлийн дутууг банк гүйцээж төлнө гэсэн үг юм. 

Ипотекийн зээлийг хасах хүүтэй олгож байгаа нь дэлхийд анхны тохиолдол гэнэ. Тодруулж тайлбарлаваас, сар бүрийн зээлийн үлдэгдэл нь сар бүрийн төлбөрөөс давж буй мөнгөний хэмжээгээр багасна гэсэн үг юм. Тэгэхээр банкнаас анх авснаасаа бага хэмжээний мөнгийг та буцааж төлөх нь.

Хасах хүүтэй зээлийг 10 хүртэлх жилийн хугацаагаар ипотекийн зээл авах гэж буй хүмүүст санал болгожээ. Тухайн банк зээлийн нөхцлийг өөрчлөхгүй, төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэдгийг гэрээнд тусгах аж. Дашрамд дурдахад, Nordea банкны Дани дахь салбар 20 жилийн хугацаатай 0 хувийн хүүтэй ипотекийн зээл, 30 жилийн хугацаатай 0,5 хувийн хүүтэй ипотекийн зээлүүдийг ойрын үед олгож эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Харьцуулахад, Орос улсад ипотекийн зээлийн хүү жилийн 7,6 хувьтай бөгөөд зарим зээлдэгчдэд 5 хувийн хөнгөлөлттэй зээл олгож буй тохиолдол бий.

 

“Үнэгүй бяслаг”

Анх зээлж мөнгөнөөсөө бага хэмжээний мөнгийг банкинд буцааж төлнө гэдэгт хүмүүс эргэлзэнэ хэмээн үзсэн Jyske Bank цахим хуудсандаа тусгай мэдээлэл нийтэлжээ.  Уг мэдээлэл “тиймээ, та зөв ойлгосон байна” гэсэн үгээр эхлээд хоёр догол мөрийн дараа “ийм зүйл байх боломжтой юу” гэсэн гарчигтайгаар гол асуудлаа хөндсөн байна. 

Уг асуултанд тус банкны Ипотекийн зээлийн газрын дарга хариулахдаа “би өөрөө ч үүнийг сайн ойлгохгүй байна. Ийм зүйл байх боломжгүй гэж би өөрөө хэлж байсан л даа. Харин бид бүх эрсдэлээ тооцож, нарийн тооцоо хийж үзэхэд хасах хүүтэй зээл олгох бүрэн боломжтой гэдэг нь харагдсан” хэмээн ярилаа.  Гэхдээ бодит байдал дээр, Jyske Bank-ийн үйлчлүүлэгчид авсан зээлээсээ арай ахиу  хэмжээний мөнгийг буцааж төлнө. Учир нь тэд зарим төрлийн хураамж шимтгэл болон гэрээ байгуулахтай холбоотой нотариатын зардал зэргийг төлөх ёстой.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд, ойрын үед Дани улсад орон сууцны үнэ буурч тун магадгүй болоод байна. Энэ тохиолдолд шинээр байр авсан хүмүүсийн хувьд хасах хүүтэй зээл авсан ч гэсэн ашиг олох боломжгүй бөгөөд алдагдалд орох магадлал бий.

Гэсэн хэдий ч хасах хүүтэй зээл олгох санал тун аятайхан сонсогдож байгаа бөгөөд ялангуяа ойрын үед шинэ байр авах гэж байгаа болон хуучин ипотекийн гэрээгээ шинэчлэх гэж буй хүмүүсийн хувьд таатай мэдээ юм.

 

Хасах хүүтэй ипотек гэж байх боломжтой юу?

Зээлдэгчид ашигтайгаар ипотекийн зээл олгоно гэдэг нь банкны салбарын хувьд шинэ зүйл мэт боловч үүнийг гэнэтхэн гаргасан шийдвэр гэж хэлж болохгүй.

Банкууд хүмүүсийн мөнгийг тодорхой хэмжээний хүүтэйгээр хадгаламж болгон аваад цааш нь уг мөнгийг бусдад зээл болгон олгож, эсвэл үнэт цаас худалдан авдаг. Ингэхдээ үйлчлүүлэгчийн хадгаламжийг өсгөхөөс гадна гаргасан зардлаа нөхөхийн тулд хадгаламжийн хүүнээс илүү хувьтайгаар зээл олгодог билээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд Дани, Швед, Швейцари зэрэг улсын эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэн инфляцийн түвшин маш бага хувьтай болоод байна. Тухайлбал, Данид инфляцийн түвшин 0,2 хувь байх жишээтэй. Ийм учраас банкууд мөнгөө өсгөж чадахгүй болтол нь зээлийн хүү буурчээ. Тэгэхээр зардлаа нөхөхийн тулд банкууд үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг ямар нэгэн аргаар хөдөлгөхөөс аргагүйд хүрнэ. Үүний тулд хадгаламжинд О хувьтай хүү, тэр ч байтугай хасах хүү олгох болжээ. Жишээ нь, Швейцарийн UBS банк 500 мянгаас дээш еврогийн хадгаламжтай хүмүүсээс жилд 0,6 хувийн шимтгэл авна гэдгээ 8 дугаар сарын эхээр зарлалаа. Ингэснээр хүмүүсийн хадгаламжин дахь мөнгө өсөх бус харин буурах болно.  

Нэг талаас харахад, ийм нөхцөлд мөнгөө банкинд хадгалуулах нь ашиггүй. Нөгөө талаас, мөнгөө банкнаас аваад өөр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийе гэхээр эрсдэл нэмэгдэнэ. Ийм учраас ихэнх хадгаламж эзэмшигчид мөнгөө банкинд байршуулахаас аргагүйд хүрч байгаа юм. 

Харин Данийн арилжааны банкууд хадгаламжийн хасах хүү санал болгоогүй байгаа боловч Jyske Bank жилийн 0 хувийн хүүтэйгээр хадгаламж авч байгаа бөгөөд цаашдаа швейцарчуудын жишээгээр хадгаламжийн хүүг хасах руу оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүнээс дүгнэвэл, хасах хүүтэй ипотекийн зээл гэдэг нь логикийн хувьд байж болохоор зүйл юм. Jyske Bank банк Данийн Төв банктай адилаар хадгаламжинд сул байгаа мөнгийг жилийн -0,65 хувийн хүүтэй байршуулж магадгүй байгаа бөгөөд ипотекийн зээлийг -0,5 хувийн хүүтэй олгоход алдагдал багасахаар харагдаж байна.   

Орост байдал ямар байна вэ?

Харин Оросын иргэд ийм хямдхан зээл авна гэж найдахын хэрэггүй юм. Гэхдээ хоёр долоо хоногийн өмнөхөн нэгэн эрэгтэй хүн Чехийн Хадгаламжийн банкны сурталчилгааны зурагт хуудсуудыг барьж буйг харуулсан зохиомжит дүрс бичлэгийг /видеоролик/нийгмийн сүлжээгээр цацжээ. Тус банк 3,9 хувийн хүүтэй хэрэглээний зээл, 0,8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг санал болгосон нь энэ аж. Гэтэл тус банкны цахим хуудсанд нэвтэрч үзвэл, жилийн 2,89 хувийн хүүтэй ипотекийн зээлийг санал болгож байв. 

Харин Оросын банкуудын олгож буй ипотекийн зээл үүнээс хэд дахин өндөр хүүтэй. Үүний учрыг Оросын Сбербанкны тэргүүн дэд захирал Лев Хасис-аас лавласан юм.

Чехийн банк бол өөр улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд тус улсад инфляци зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь Оросынхоос өөр байгаа. Европ, тэр дундаа Чех улсад хадгаламжийн хүү маш бага байдаг. Өнөөдрийн байдлаар, Данийн Төв банк арилжааны банкуудад жилийн 0,05 хувийн хүүтэй зээл, Европын Төв банк 0 хувийн хүүтэй, Английн Төв банк жилийн 0,75 хувийн хүүтэй, Чехийн Төв банк 1,75 хувийн хүүтэйгээр зээл олгож байгаа юм. Гэтэл Оросын Төв банкны хүү 7,25 хувьтай гэдгийг Л.Хасис дурдлаа.

“Хадгаламжийн хүү Оросын банкуудынх шиг, зээлийн хүү Чехийн банкуудынх шиг байгаасай гэж хүн бүр хүсч байгаа. Гэвч тодорхой ойлгомжтой шалтгаанаар ийм зүйл байх боломжгүй шүү дээ” гэж тэрбээр ярьсан юм. 

montsame.mn

Б.Адъяахүү 

Эх сурвалж:http://www.bbc.com/russian/features-49397382