Хайтангийн хашаанд хадагдсан далай вангийн Мөнхтөмөр
2019/09/06
НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД
Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.
ХАЙТАНГИЙН ХАШААНД ХАДАГДСАН ДАЛАЙ ВАНГИЙН МӨНХТӨМӨР
19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үед Да хүрээний зүүн өмнөд хэсгийн “Гоожингийн гудамж”-нд Далай вангийн Мөнхтөмөр хэмээх сайхан хүүхэн амьдарч байсан бөгөөд хожим түүний хашаанд жанжин Д.Сүхбаатарын эцэг “Цагаан дээлт” Дамдингийнх ирж суурьшсан гэдэг. Гэхдээ энэ нь Мөнхтөмөрийн эцэг эхээсээ өвлөсөн хашаа биш, түүний нөхөр Хайтан хэмээх баян хятадын хашаа байж. 19-р зууны сүүл үед “Гоожингийн гудамж”-ийг хувийн худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг Хайтан гэгч анх үүсгэжээ. Энэ тухай манай судлаачдын бичсэн “Хүрээний зүүн өмнөд хороо харчууд” хэмээх өгүүлэлд бас дурдсан байх аж. Жишээ нь “1920-иод оны үед Гоожингийн гудамжны баруун жигүүрт хойноосоо гурав дахь хашаанд Хайтан гэгч хятад, цахарын эрлийз суудаг байв. Энэ хүн Мөнхтөмөр гэгч монгол эхнэртэй, тэр нь Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харьяат Даваагийн ойрын хамаатан учир түүний бэлбэсэн эхнэр Хишигтийнхийг хашаандаа суулгасан. Бас энэхүү Хишигт нь Сүхбаатарын дүү Долгоржавыг үрчилж авсанаараа урагсаж 1909 онд Сүхбаатарын эцэг “Цагаан дээлт” Дамдингийнх энэ хашаанд суух болжээ” гэж өгүүлсэн байх бөгөөд жирийн нэг худалдаачин Хайтан, түүний эхнэр Мөнхтөмөр нарын нэр ийнхүү түүхэнд бичигдэж үлдсэн нь жанжин Д.Сүхбаатарын нэр сүртэй холбоотой болов уу. Хэрвээ Хайтангийн хашаанд хэн ч биш нэг этгээд сууж байсан бол ингэж нэр нь дурдагдахгүй байх байлаа. Гэхдээ Хайтан гэгч нь тухайн үедээ Да хүрээнд бас л зартай нэгэн байж. Тэрбээр “Гоожингийн гудамж”-нд үүсгэсэн жижиг дэлгүүрээрээ ихэд алдаршсан тул түүний гудамжийг нэг үе “Хайтангийн гудамж” гэж нэрлэдэг байжээ. Харин 1913 оноос эхлээд уг гудамжны урд аманд Сангийн яамны ойн түрээс бичдэг газар буй болж, хүрээнийхэн энэхүү ажлыг Монголд анх сэдсэн орос сургагч А.Козин гэгчийн нэрээр “Козингийн яам” гэх болсон бөгөөд яваандаа энэ нь “Гоожингийн гудамж” болж сунжирсан байна. Энэхүү гудамжны ганц бийлэгжүү эр болох Хайтан гэгч нь царайлаг эхнэр Мөнхтөмөрийгөө хашаа хорооноосоо гарахыг эрс хориглодог байж. “Хай, алтан саатай хоргой дээлтэй, сувдан гуталтай, ганган чамайг хараад монгол эрчүүдийн нүдний хор унана” гээд эхнэрээ гэрийн хорионд байлгадаг байсан гэх бөгөөд царайлаг эхнэрийг нь харахын түүс болсон ойр хавийн нь эрчүүд,
“Хайран сайхан хүүхэн
Хятадын хашаанд өтөллөө
Ханчин сувдан гутал нь
Ханзны ёроолд үгжирлээ
Далай вангийн Мөнхтөмөр
Данжаадын өвөрт хөгширлөө
Даавуун хоргой дээл нь
Дараастай чигээрээ торлогдлоо” гэх мэтээр шоолдог байжээ. Гэхдээ Хайтангийн энэ арга нь тухайн цаг үедээ өөртөө болон эхнэртээ зөвдөж байсан байна. Учир нь Ардын хувьсгал ялан мандсаны дараачаар баян хятадуудтай дэр нэгтгэсэн монгол хүүхнүүд олон түмэнд нүд үзүүрлэгдэх болсоноор хятад эр нь ч тэр, халх хүүхэн нь ч тэр Да хүрээний гудамжаар явахад их л хэцүү болжээ. Сүүлдээ хятадуудтай суусан монгол хүүхнүүд зохиолчдын анхааралд өртөж элдвээр бичигдэх болсон байна. Энэ тухай жүжгийн нэрт найруулагч, зохиолч Д.Намдаг агсан жараад оны үед зохиолч Л.Түдэв гуайд маш нарийн мэдээлэл өгсөн байдаг. Тухайн үед түүний яриаг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авсан Л.Түдэв зохиолч 2005 онд хэвлэгдсэн “Үзэг чихаруун, шүд хавируун” хэмээх номондоо тэрхүү тэмдэглэлээ дэлгэн тавьж байлаа. Товчлон сийрүүлбээс: “...Зохиолч Ядамсүрэн хятад хэл сайтай байсан. Тиймээс ч түүнийг Манжуурт авч явсан юмдаг. Тэрний эгч, дүү хүүхнүүд ч хятад хүнтэй суусан байв. Өөрөө ч бас нэг ийм юманд орж билээ. Тэр үед хүрээнд нэг ганган авгай байв. Бээжин аялгуугаар ярина. Бас хятад шийнд хятадаар тоглоно. Ер нь авъяас билэгтэй, зүс царай сайхантай хүүхэн байв. Хүрээний харчуул түүн рүү хошуурна. Гэтэл Ядамсүрэн сургуулиа орхин тэр хүүхэн рүү гүйгээд болж өгдөггүй болж дээ. Багш нь Цэрэндорж гуай байсан юм гэдэг. Тэгээд арга барахдаа Цэрэндорж гуай Эвлэлийн төв хороон дээр ирж “Би нэг шавьтай юмсан. Одоо замаа алдах нь. Та бүгд нэг аргалж өгөөч” гэхэд цаадуул нь “Өө, таньд бид яаж хүрэх вэ. Та л өөрөө аргалж үз” гэжээ. Цэрэндорж гуай Шүүх яаман дээр очиж “Би ч аргалж болох юм, гэхдээ хуулиас л гадуур юм хийчих гэх бий дээ” гэж. Тэгээд нэг өдөр Ядамсүрэнг банздуулж орхисон юм гэдэг шүү. Цэрэндорж гуай сайн болгож тавьсан юм. Банзадсаныхаа дараа нарийн бичгийн даргаараа ажиллуулсан юм даа. Тэр үед хөдөөнөөс хотын сургуульд хүүхнүүд ирээд л удалгүй алга болчихдог байв. Тун удалгүй баян хятад худалдаачны авгай болчихсон ихэмсэгээр явж байдаг буюу замаа алдан завхардаг байв. Иймд бид тэр байдлын эсрэг зохиол бичих болов. Ядамсүрэнгийн “Залуу хос”, “Гурван хүүхэн” зэрэг зохиол тэгж гарав. Бас бус зохиолчид ч тийм юм бичив. Тэр үед театрын дарга Гомбожав жаахан задгай амтай. “За энэ хятадтай хүүхнүүд суухыг эсэргүүцсэн юм бичээд л байна. Ядамсүрэн нөгөө эгч дүү нараа яах юм бол. Цөм хятадтай суучихсан” гэж ирээд л шоглон дамшигладагсан...” гэж өгүүлсэн байх бөгөөд энэ нь ёстой л үзэг чихаруун, шүд хавируун мэдээлэл мөн болой.
Б.Ойдов
Өмнөх цуврал:
Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар
Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд
Цэвээн тэргүүний ганган охин Цэрмаа
Зочин · 2019/09/06
Монгол хүхнүүд хэзээнээсээ өнгө мөнгөнд дурладагв