Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн "Гитартай танилцсан түүх"-ийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Тайзан дээр анх гарсан нь..

1985 онд 6-р ангийн бацаан Пионерийн ордны цахилгаан хөгжмийн дугуйланд хөгөө чирж байж тэнцэв ээ. Яаж баларсан гэхээр шалгалт авч байсан төгөлдөр хуурийн Шагдарсүрэн багш Цаашаа харж бай гээд төгөлдөр хууран дээр аккорд дуугаргаж хэдэн өнгө дуугарч байгааг "тататунгаадаж" шалгадаг юм байна.

Би тэр талаар ямар ч ойлголтгүй байдаг. Харин хажууд бас шалгуулах гэж байгаа 2 охин зогсчихсон багшийн гар руу харж байгаад над руу хуруугаараа тоо зааж мань ч тэрийг нь хараад авч өглөө. Тэр шал танихгүй 2 охин надад яагаад надад туслаад байсан юм бүү мэд ккк. Тэгсэн Шаагаа багш бүх хуруугаараа төгөлдөр хууран дарж байгаа дүр үзүүлээд ганцхан нот дарсаныг нь нөгөө охидууд над руу 10 гэж дохиод би нөгөөхийг нь хэлээд шууд будаа болсон.

Дараа нь Батболд багшид гитар тоглож, дуу дуулж шалгууллаа. Азаар багш харин намайг хурууны эвсэл муу юм гэсэн ч дугуйландаа авсан шүү бурхан тэнгэр минь. Тэгээд ороод хэд хонож байтал улс төрийн дууны хамтлаг байгуулах шийдвэр гарч шууд намайг тэр хамтлагтаа авчихлаа.

Нэг банжо, 3 банзан гитарчнаас бүрдсэн 2 охин дуучинтай хамтлаг "Солонго" гэж нэр өгөөд хэд хоног бэлтгэл хийгээд тоглолтонд орлоо. Орох орохдоо тэр үед шив шинэхэн байсан хүүхдийн ордны том тайзан дээр шүү.

Вэнсеремос гэж ахмад болон миний үеийнхэн мэдэх нь мэдэх байх нэг улаан хувьсгалч дууг дуулахаар гарахдаа үхтлээ сандарч, хамаг хөлс нь гоожсон амьтан тайзан дээр бүүр балрав. Учир нь дөнгөж тайзан дээр гарангуутаа сандарсан айснаас болсон уу бүү мэд зүүн гарын 2 хурууны шөрмөс татчихдаг байна ш дээ.

Азаар өөр гитарчид байсан болохоор миний гитар дуугарахгүй байгаа нь мэдэгдэхгүй өнгөрсөн.
Мэдвэл ч шууд дугуйлангаас хөөгдөнө дөө гэсэн айдас бол байсан.  Тэр цагаас хойш 34 жил өнгөрч дээ.

Гитарыг 2 дахь удаагаа хаясан нь

 

1988 оны намар Нийслэлийн хамтлагуудын уралдаан болох сураг гарав. Пионерын ордны Солонго хамтлагийн бид Пионер наснаасаа өнгөрөөд тарсан. "Цэцэг" хамтлаг ид хүчээ авсан байсан үе. "Солонго" хамтлагт бөмбөр тоглож байсан Наянтай манайд ирж хоёулаа Микро рүү манай нэг найзынд очьё гээд цуг гарлаа.

Микрийн Моодроо хочтой Баярсайхан гэж залуу байна. Гаднаас тэднийд Элкондорын Цогоо, гитарчин Вовка, Номин хамтлагийг үүсгэсэн Равжаа агсан гээд хэдэн хотын хөвгүүд цугларлаа.

Хамтлаг байгуулж уралдаанд орох юм боллоо. "Сэтгэмж" гэж нэр өгөхөөр тохиролцов. Тэгээд л бэлтгэл хийж эхэллээ. Бид нар бэлтгэл хийж эхэлсэн сургаар хөгжим дуртай хөвгүүд хотын өнцөг булан бүрээс цуглаж эхэллээ. Ямар хөөлтэй нь биш бүгдийг нь авсаар байгаад 9 хүний бүрэлдэхүүнтэй 3 дуучин, 3 гитарчин, 2 бөмбөрчин, нэг төгөлдөр хуурчтай хөл бөмбөгийн баг шиг нүсэр хамтлаг бүрэлдэх нь тэр.

Дуучид нь Лхагварагчаа (Хөгжим бүжгийн эвэр бүрээч) Элкондор Цогоо, Ариунболд ( Одоо бол Алтан дорнодын Ариунболд)
Гоцлол гитарч Вовка, Цогтбаатар.
Би басс гитарч
Наянтай Равжаа гэдэг 2 бөмбөрчинтэй гэхчилэн.
Эхлээд Моодрогын гэрт баахан банзан гитар цуглуулж байгаад балбаж гарлаа.
Бэлтгэл хийх цахилгаан хөгжим олддоггүй ээ.
Өргөө хамтлаг дээр өдөржин очиж царайчилж сууж ч үзэв.
Өөрсдөө тэмцээнд бэлдээд маниусыг тоох сөхөө алга.
Аргаа бараад цөмөөрөө мөнгө цуглуулж 3 шил архи аваад Соёл-Эрдэнийн ах нарыг Моодроогынд урив.
Галсаа ах, Баяраа ах Даймий ах болон тэдний найз балетийн Энх-Амгалан ах 4 ирж нөгөө 3 шилийг сайхан гөвлөө дөө.
Бидэнд баахан хөгжим ярьж зөвлөгөө өгч байгаад дүү нар маргааш хүрээд ир гээд явав. Тэгж нэг тэр үедээ Монголдоо хамгийн сайн хөгжимтэй байсан агуу Соёл-Эрдэнийн хөгжмийг барьж үзэх завшаан тохиолдсон юм.

Тэр үед хамтлагууд бүгд адил тоглолтын хувцсаар жигдэрдэг байлаа. Бидний бацаануудад тийм боломж байх биш нэг арга олсон нь бүгд жинс өмсөөд, дээгүүрээ ноосон цамц өмсөхөөр тохиров.
Тэгээд л Залуучуудын Соёлын төвд тэмцээндээ орлоо доо.
Шүүгчид нь АЖ хурандаа Хаянхирваа гуай, Чингис Жагаа ах бас нэг нь хэн байлаа даа, мартжээ.

Манай хамтлагийн өмнө Улаанхуарангын 51-р сургуулийн Балжаа, Отгонжав нарын хамтлаг Europa-н Final Count down-г тоглоод шууд хөөгдөж байна.
Манай дараагийн хамтлаг болохоор Мөнгөн харандаа.
Манай Сараа тэнд дуулдаг байсан.
Бидний ээлж болов.
Бид нар гарангуутаа шууд Beatles Let it be-г тоглов.
Дараа нь нөгөө Би чамд хайртай кинон Дэлгэр гүйхэд явдаг Bee Gees-н дуу.
Дуулаад дууссан тэндээс Хаянхирваа гуай тачигналаа.
Орцгоо, хангалттай. Хөрөнгөтний үзэл суртал гэх нь тэр.
Маниус орохгүй гүрийсээн.
Дахиад нэг дуу.
Манай Вовкагын зохиосон Сэтгэмж гэдэг шинэ дууг шууд эхлээд явж байсан чинь урдаас шууд хөгжим унтраав
Тэгээд л аргагүй дээ л тайзнаас буусан юм даа.

Нээрээ тэр тэмцээнд Өргөө хамтлаг түрүүлсэн.
Ямар дуугаар гээч Status quo Army now
Болоож ах тэрийг дуулахынхаа өмнө бяцхан тайлбар хийсэн.
Энэ бол Америкын империалист армийн эсрэг дуу гээд
Тэр үед хамтлаг дуучид Соц нийгмийн захиалга болсон улстөрийн өнө аястай дуунууд голчлон дуулдаг байлаа.
Залуус болохоор барууны гоё хайр дурлалын дууг сонсохыг хүснэ.
Бид тийм л дуунууд дуулдаг хамтлаг болохыг хүссэн.
Даанч тийм хамтлаг амьдрах ямар ч нөхцөл тэр үед байсангүй.
Тэгээд л гитарыг шууд хаяж түүхч юм уу хуульч болохоор шийдсэндээ би.

 

Холбоотой мэдээ:

 Өөжгийгийн гитартай танилцсан түүх-1