Нэрт зохиолч Буяннэмэхтэй амраглаж явсан Халтархүү
2019/10/12
НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД
Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүр
НЭРТ ЗОХИОЛЧ БУЯННЭМЭХТЭЙ АМРАГЛАЖ ЯВСАН ХАЛТАРХҮҮ
Эртний Монголын уран зохиолд халх бүсгүйн үзэсгэлэн гоог ханамжтай сайхнаар дүрсэлсэн байдаг. Эртний гэлтгүй хорь, гучаад оны зохиолч нар ч өнөөгийн биднээс их өвөрмөцөөр дүрсэлсэн байх ажээ. Жишээ нь зохиолч С.Буяннэмэх 1925 онд “Дотоод Монголын ардын сэтгүүл”-д “Уран гоо” хэмээх бэсрэг өгүүлэл нийтлүүлсэн байх бөгөөд үүгээр хорь гучаад оны хүмүүсийн гоо зүй, ертөнцийг үзэх үзэл, халх бүсгүйн эрхэмсэг чанарыг тодорхойлж бас болох юм. “Уран гоо” өгүүллээс товчлон сийрүүлвээс: “...Уран гоо охины төрсөн байдлыг өгүүлбээс үнэхээр энэхүү дорнод тивийн үзэсгэлэнт охидын манлай ажгуу. Энэ жил сая арван найман настай. Түүнийг нэгэнт инээмсэглэхүйд түмэн хүний зүрх чичирмүй. Түүний царайг нэгэнт үзвээс тэнгэрийн дагинас хэмээгчид учирсан мэт бие сэтгэл амгалан болж, зовлон жаргал цөм умартагдмуй. Царай нь хас мэт цагаан бөгөөд тунгалаг нь ус мэт ариухан. Уруул хацрын улаан нь энгэсэг түрхсэнээс илүүхэн, хондон тоорын адил ариухан бөгөөд зөөлхөн байдалтай. Хоёр нүдний хэлбэр нь хар алтан болор эрдэнийн гэрэл мэт бөгөөд нааш цааш инээмсэглэн хөдлөх нь есөн тэнгэрийн хувилгаан охин ертөнцөд илэрсэн адил. Хоёр зурвас, эелдэг байдалтай хөмсгийн зохилдоон нь цавчсан хадны ирмэг мэт тэгшхэн бөгөөд цорхируу шувууны өд адил үзэсгэлэнтэй. Аялгуу дууны нарийхан нь зургаан хөгжмийн аялгуу мэт бөгөөд үг хэлний зөөлөн нь хүний дурыг булаамаар. Улаан уруулын завсраар цагаахан шүдний гялалзах нь уриа дунгийн яс мэт цагаан. Хөдлөх алхах байдал нь хөнгөхөн үүл нүүх мэт бөгөөд хоёр тийш ганхалзан танхилзах нь хулс бургасны найгалзан хийсэх лугаа адил. Тийнхүү энэ охин бээр энэ мэт төрсөн нь бас ч охидын дотор манлай хэмээвээс болох бөгөөд нэн ялангуяа ухаан саналын сэцэн сэргэлэн нь энгийн бүсгүйчүүд тэнцэхүйеэ бэрх болой...” хэмээжээ. С.Буяннэмэх 1937 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдаж 35-хан насандаа таалал төгссөн билээ. Тэрбээр ногоон малгайтнуудад баригдаж яваад эсгийн дотор бүтэж үхсэн гэдэг. Нэрт зохиолч маань Нийслэл хүрээний гангачуулын нэг болох Халтархүү хэмээх дэгжин хүүхэнтэй дэр нэгтгэж явсан байдаг. Мэдээж тухайн үедээ алдаршиж явсан том зохиолч Нийслэл хүрээний сайхан хүүхнийг авч суух нь тодорхой. “Буяннэмэх судлаач” Дожоогийн Цэдэв гуай түүний эхнэр хүүхдийн тухай өгүүлэхдээ “Хэдэн жилийн өмнө Буяннэмэхийн нэг зургийг олоход ард нь дөрвөн мөр шүлэг бичээд “Эхнэр Халтархүү, дүү Цэвээнжав нарын хамт” гээд монгол бичгээр бичсэн байсан. Халтархүүгийнх нь талаар судалж үзэхэд Намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн, Сэлэнгэ аймгийн хүн юм билээ” гэж дурссан байх аж. Хүрээний сайхан хүүхэн Халтархүү гангалах их дуртай, бас жаахан хөнгөмсөг нэгэн байсан гэх бөгөөд зохиолч Буяннэмэх бараг л Халтархүүгээс болж хэлмэгдсэн тухай гуч, дөчөөд оны зохиолч нар хүүрнэсэн байдаг. Үүнийг нотолж байна уу гэлтэй маршал Х.Чойбалсангийн туслах явсан хуучин цагийн дипломатч Шагдарсүрэн гуай нэгэн содон дурсамж хүүрнэсэн байх ажээ. Жишээ нь “Маршал Чойбалсан царайлаг хүүхнийг зүгээр орхидоггүй байв. Наад зах нь монголчуудын сайн таньж мэдэх их зохиолч Буяннэмэхийн ханилж байсан Халтархүүг эргүүлээд амраадаггүй байв. Тэр бүсгүй зохих ёсны боловсролтой, царай зүсээрээ Нийслэл хүрээнд гялалзсан хүүхэн байлаа. Халтархүү байсхийгээд л алтан бөлзөг, сувдан ээмэг даруулгатай болчихсон үеийхэндээ “Чойбалсан бэлэглэсэн юм” гэж ярьж явах. Угийн ном бичгийн, чадал тэнхээ муутай ч гэсэн эр хүн гэсэндээ Буяннэмэх тэсч чадалгүй Чойбалсантай нэг удаа маргалдаж зодолдсон юм. Муу эр ч гэсэн муурын дайтай маажилгүй яахав. Тиймээс Буяннэмэх “За би ч энэ барзгар хард толгойгоо авахуулах нь тодорхой боллоо. Халтархүүгээс л боллоо. Ямар ч эр авгайг нь улайм цайм эргүүлээд байхад тийм болно биз дээ” гэж их л гашуудалтайгаар дүү Ёндонжамцдаа хэлсэн байдаг. Үнэхээр ч удалгүй Буяннэмэх баригдаж билээ” гэж өгүүлж байсан удаатай.
ээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.
Б.Ойдов
Өмнөх цуврал:
Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар
Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд
Цэвээн тэргүүний ганган охин Цэрмаа
Хэмжээлшгүй хөрөнгийн эзэн Хэенхуар
Данжаадын гэрийн хорионд орсон “дэгжин” Саран
Хайтангийн хашаанд хадагдсан далай вангийн Мөнхтөмөр
Богдын ногоон ордны “цэмцгэр” Ханд
Лосолын хайрыг татаж явсан Жамъян гүний Чимэд