Ам.долларын ханшийн өсөлт түр зуурынх
2019/10/22
Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан ам.долларын ханш сүүлийн долоо хоногийн турш тасралтгүй өслөө. Тэгвэл үүнийг холбогдох албаныхан зохиомол эрэлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Цаашид ам.долларын ханш тогтворжих төлөвтэй байгааг нэмж онцоллоо.
Монгол улс саарал жагсаалт руу орсон мэдээлэлтэй зэрэгцэн валютын ханш дотоодын зах зээлд эрчимтэй өсөж эхэллээ. Уг мэдээлэл баталгаажих буюу албан ёсны дүгнэлт эцсийн байдлаар гарах хүртэлх хоёр хоногт “Найман шарга” валютын захад ам.доллар 2690 төгрөгт хүрч, өнгөрсөн долоо хон гийн хамгийн том дуулиан шуугианы эзэн болов. Маш богино хугацаанд буюу нүд ирмэх зуур төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом чангарч, төв банк хоёр ч удаа дотоодын зах зээлд ам.доллар нийлүүлсэн билээ. Хэдий тийм боловч валютын ханшийг төв банк энэ удаа тогтоож дийлэхгүй, дээш алдсан. Монголбанкны албан ханшаар ам.доллар даваа гарагт 2683 төгрөгт хүрлээ. Харин “Найман шарга” валютын захад ам.долларыг 2720 хүртэл төгрөгөөр зарж байв. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш ийнхүү хүчтэй суларснаар иргэдийн бухимдал цахим орчныг донсолгосон гэж болно. Саарал жагсаалт тойрсон янз бүрийн дүгнэлт, хэн нэгнийг үүнд хамаатуулсан, буруутгасан зэрэг харилцан адилгүй байр суурь, сэтгэгдэл хөвөрч эхэлсэн. Тэгвэл нэгэнт өссөн ам.долларын ханшийг бууруулах ямар арга зам байна вэ. Дээрх өсөлт үнэхээр жам ёсны өсөлт байсан уу, уг өсөлтөд өөр хүчин зүйл нөлөөлөв үү, зориудаар хэн нэгэн үүнийг хөөрөгдөв үү. Эдгээр асуултад энэхүү нийтлэлээрээ дамжуулан хариулт өгөх гэж юуны өмнө зорилоо. Мөн цаашид валютын ханш тогтворжих эсэхийг албаны болон хөндлөнгийн эдийн засагчдаас нэмж тодруулав. төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар байгаа. ОУВСгийн тусгай хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээ мөн хүлээгдэж байна. Үнэлгээг үр дүнтэй хийж дууссанаар Монгол улсын эдийн засагт ойролцоогоор 700 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлт бий. Ийм нөхцөлд ам.долларын ханшийн өсөлт намжих, улмаар буурах төсөөлөл байна. Тэрчлэн “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт ирэх онд хэр хэн үргэлжлэхээс валютын урсгал шууд хамаарах юм. Манай улсад өнгөрсөн онд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг дээрх төслийн санхүүжилт дангаар бүрдүүлж буй. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” төсөл хэрэгжиж байвал валютын урсгал тасрахгүй гэж дийлэнх эдийн засагч үзэж байна. Тийм ч учраас ам.долларын огцом савлагааг түр зуурын шинжтэй гэж тэдний олонх тайлбарласан юм. Саарал жагсаалт гэнэтийн зүйл байгаагүй. Гэвч уг мэдээллийг хэтэрхий улстөржүүлж, үүгээр дамжуулан валютын ханшийн зөрүүнээс ашиг олох, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох, бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөх гэсэн нэг талын ашиг сонирхол ч дээрх хөдөлгөөнд илүү нөлөөлсөн гэх байр суурьтай бид түгээмэл таарлаа. Нөгөө талдаа албаны байгууллагууд олон нийтэд бодит мэдээллийг цаг алдаж дуулгасан, иргэдийн шийдвэр гаргалтад нөлөөлж чадаагүй нь валютын ханшийг мөн хөөрөгджээ. Эрсдэлийг зөв удирдах хамгийн оновчтой арга нь ил тод, нээлттэй байх явдал. Иргэд нэг үеэ бодвол харьцангуй мэдээлэлтэй болсон. Сэтгүүлчид ч мэргэшиж, зах зээлийн энгийн зарчмуудыг ойлгодог болсон. Ийм байхад илтээр мушгин гуйвуулсан, төөрөгдүүлэх гэсэн, цаг хожих гэсэн агуулгатай мэдээллийг эрх бүхий байгууллагууд гаргаж байгаа нь хардлага төрүүлэх, цаашлаад иргэд болон хэвлэл мэдээллийн бодлого тодорхойлох байгууллагуудад итгэх итгэлийг унагах сөрөг нөлөөтэй билээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хяналтад манай улс орсноор улс хооронд хийх мөнгөн гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад багагүй саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй байгаа. Саарал жагсаалттай холбогдуулан арилжааны зарим банк валютын арилжаанд тодорхой хязгаарлалт хүртэл тавьж эхэлсэн. Тэгвэл үүнд Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Зохиомол эрэлт үүсэхээс сэргийлж, зарим банк валют арилжаанд хязгаарлалт тавьсан. Иргэдийн дунд ам.доллар өсөх нь нь гэсэн хүлээлт үүссэн. Энэ хүлээлтээс үүдэн ам.доллар хомсдох, зохиомол эрэлт үүсэх үзэгдэл ажиглагдсан. Гэхдээ өнөөдрөөс хэвийн горимд шилжинэ” гэв. Саарал жагсаалтад орсноос болж банкны харилцагчийн олон улсын гүйлгээ, төлбөрийн карттай холбоотой ямар нэгэн доголдол, хүндрэл гарахгүй гэж тэрбээр мэдэгдсэн юм.
ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРЖИХ ШИНЖТЭЙ БАЙНА
С.Даваасүрэн /Санхүүгийн зохицуулах хорооны дарга/
“Найман шарга” валют арилжааны төв дээр манайхаас зөвшөөрөл авсан 50 гаруй ББСБ үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд валютын ханш хэлбэлзсэн. Манай байгууллагаас яагаад өссөн талаарх судалгаа, шалгалт хийж байна. Амралтын өдрүүдээр өссөн ханш тогтворжих шинжтэй байна. Саарал жагсаалтад орсныг дэвэргэж ашиг хонжоо олох гэсэн хүмүүст анхааруулга зөвлөмж хүргүүлж ажиллана.
УЛС ТӨРЖҮҮЛСЭН НЬ ВАЛЮТЫН ХАНШИД ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ
Г. Мөнх-Эрдэнэ /Эдийн засагч/
Сонгууль дөхсөн, олон улсад төлөх өр төлбөрийн хугацаа ойртсон цаг үед саарал жагсаалттай холбоотой мэдээлэл гарч таарлаа. Олон нийт энэ мэдээлэлд ихээхэн соргог хандсан, дээр нь улстөржүүлэх хандлага байсан нь валютын ханшид хүчтэй нөлөө үзүүллээ. Гэхдээ сөрөг нөлөө нь эдийн засагт дунд хугацаанд үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь цаашид ханш өсөөд байна гэсэн үг биш. Цаг алдалгүй дээрх жагсаалтаас гарах арга хэмжээг төрийн байгууллагууд юуны өмнө авах хэрэгтэй.
ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД НӨЛӨӨЛӨХГҮЙ
С. Дэмбэрэл /УИХ-ын гишүүн асан/
Бид өмнө нь саарал жагсаалтад орж байсан. Тэр үед санхүүгийн зах зээлд хүчтэй өөрчлөлт орж байгаагүй. Жагсаалт нь шууд бус замаар зээлжих зэрэглэлд нөлөөлж болох юм. Түүнээс макро эдийн засагт, бизнесийн орчинд, тэр тусмаа гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөхгүй. Манайхан дээрх мэдээлэлд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандав уу гэж харж байна. Хөрөнгө оруу лагчид хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, засаглал, хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг харгалздаг.
БИДЭНД ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ НЬ ГАДААД ТӨЛБАР ТООЦОО
Ж. Дэлгэрсайхан /СЭЗИС-ийн багш/
Саарал жагсаалт нь тухайн нэг улстөрч, хувь хүн, байгууллагын олон нийтийн анхаарал татах хэрэгсэл биш юм. Үүнтэй холбоотой үндэслэл багатай мэдээллээр олон нийтийн анхаарлыг татах, буруутныг хайх, шууд нэрлэх байдлаар хандаж байгаад харамсаж байна. Энэ нь “муу эр дайнд хөөрнө” гэдэгтэй агаар нэг. Бидэнд тулгарч болох эрсдэл нь гадаад төлбөр тооцоо. Түүнээс биш ам.долларын ханш одоо улам өснө, санхүүгийн хувьд Монгол улс олон улсаас тусгаарлагдах тухай ярихад дэндүү эрт байна.
МЭДЭЭЛЛИЙГ ДЭВЭРГЭХ БУС БОДИТОЙ ХАНДАХ ЧУХАЛ
Б. Баярдаваа /Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга/
Гадаад орчны эрсдэл гэвэл АНУ, БНХАУын хооронд өрнөж буй худалдааны маргаан. Монголын эдийн засагт энэ нь санхүүгийн зах зээлд хүүгээр дамжин нөлөөлж байна. Мөн эрдэс бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлж байна. Валютын ханшийн савлагаа эдийн засаг харьцангуй сайн байгаа үед үүссэн нь хүмүүсийн дундах шуугиантай холбоотой. Тиймээс мэдээлэлд илүү ул суурьтай хандаж, дэвэргэх бус бодитой хандаасай гэж хүсэж байна.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ