Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар мэдээлэл өглөө. 

- Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарал татсан нэлээдгүй хэргүүд прокурорт шилжсэн талаар мэдээлэл цацагдах боллоо. Ямар хэргүүд прокурорт хянагдаж байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар прокурорын хяналтад ирүүлээд байгаа хэргүүдийг дурдая. 

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчтэй холбоотой хэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэрэг, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан албан тушаалтан тухайн үед албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргүүдийг прокурор хянаж байна.

Харин Ховд аймгийн байгалийн цогцолбор газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмалыг хууль бусаар олборлож байсан "Өгөөжтэй Өв" ХХК, "Бэлон" ХХК-ийн захирлуудад холбогдох хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2019 оны 10 дугаар сарын 23-нд Авлигатай тэмцэх газарт буцаалаа.

- Эдгээрээс гадна шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн талаар?

- Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдээд харьяалагдах шүүхүүдэд шилжүүлсэн нэлээдгүй хэрэг байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан, мөн тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг байна. 

Мөн Монголбанкны захирлаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тус банканд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг дурдаж болно.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнууд бүлэглэн удаа дараагийн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн.

Олны танил дуучин Б.Амархүүд холбогдох хэрэг байгаа. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэн бусдад худалдсан гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгасан Нигер улсын хоёр иргэн бусадтай хамтран аж ахуйн нэгж байгуулах нэрийдлээр бусдаас их хэмжээний евро, доллар залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

- Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

- С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн, хянагдаж байгаа.

- Энэ сарын 22-ны өдөр хууль бус мөрийтэй тоглоом тоглуулж байсан газарт цагдаагийн байгууллага нэвтрэх гэсэн боловч прокурорын зөвшөөрөл ирээгүй байна гэдэг мэдээлэл гарч байсан. Прокурорын зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ?

- Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт очиж үзлэг хийсэн байгаа. Үзлэгээр мөрийтэй тоглоомын зориулалтын төхөөрөмж илэрсэн учраас Зөрчлийн тухай хуулийн 5.7.2-т зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа прокурорын зөвшөөрөл олгогдоогүй гэдэг нь ташаа мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагаас тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах албан ёсны хүсэлт прокурорт ирээгүй. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэргийн газарт үзлэг, нэгжлэг хийх, эд мөрийн баримт хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийхээр зохицуулсан байдаг. Гэвч эрх бүхий албан тушаалтан хойшлуулашгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр дээрх ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Ажиллагаа явуулсны дараа 24 цагийн дотор хойшлуулашгүй явуулсан үндэслэл, нотлох баримтаа прокурорт ирүүлж, тухайн зөвшөөрлийг прокурор хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай байгаа юм.

 

Эх сурвалж: Essa.mn