Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэх, оновчтой удирдах, эрсдэлээс хамгаалах үүргийг хуулиараа Төв банк хариуцан ажилладаг. Энэ ч утгаараа манай улсаас 2020 онд их хэмжээний гадаад төлбөр тооцоо хийхтэй холбогдуулан Монголбанкнаас ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд, судлаачдыг оролцуулан зохион байгууллаа.

Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй саад бэрхшээл гэсэн үндсэн хоёр салбар хуралдаан болов.

"Монгол улсын макро эдийн засгийн эмзэг байдал, түүнийг бууруулах нь", "Таван толгойн төслийн бүтээн байгуулалт", "Гадаад валютын нөөцийн хүрэлцээ", "Эдийн засгийн гадаад эрсдэл" сэдэвт итгэлүүд тавигдаж хэлэлцүүлэгдлээ.

 

Манай улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд эрсдлийг даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Үүний нэг нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх явдал юм гэдгийг хэлэлцүүлгийн хүрээнд онцоллоо.

Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцон гадаад валютын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, экспортын төсөл хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлж буй талаар мэдээлэл өгч санал солилцлоо. 

МУХБ-ны хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг бодлогын банк бөгөөд “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 280 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгоод байна. Төслийн үр дүнд манай улсын ноолуурын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт 30-40 хувиар нэмэгдсэн байна.

Хэлэлцүүлгийн асуулт хариултын үеэр Монгол улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат "Монгол Улсын Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийдэг. Тухайлбал гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор экспортын  төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Алт, Ноолуур хөтөлбөрүүдийг амжилттай санхүүжүүлж, хэрэгжүүлсэн. 2018-2019 онд Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 280 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 2018 онд ноолуурын экспорт өмнөх оноос 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хөдөө аж ахуйн чиглэлд тухайлбал махны экспортыг нэмэгдүүлэх болон малын гаралтай түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн валютын гарах урсгалыг багасгах зорилгоор импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Жишээ татвал газрын тосны боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг хийж эхэлсэн, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс ТЭЦ-4-ийн нэгээс дөрөвдүгээр турбины шинэчлэл, Амгалангийн дулааны станцыг цахилгаан дулаан хосолсон станц болгож 50 мегаватаар нэмэгдүүлэх, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар нэмэгдүүлэх зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийн эх үүсвэрийг шийдэж санхүүжилтийг олгосон болон олгох шатанд явж байна.

Түүнчлэн шинэ эх үүсвэр олох тал дээр анхаарч байна. Монгол Улсын Хөгжлийн банк ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой эх үүсвэр татах, зээл олгох тал дээр хязгаарлалттай байгаа. Энэ хүрээнд бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 600 гаруй сая долларын эх үүсвэрийг татсан. 2018 онд 500 сая долларын бондыг гаргаж амжилттай арилжсан.  Энэ нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Бид эдийн засгийг дэмжсэн, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны банк, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийг ашиглаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ажиллаж байна. Цаашид ч урт хугацаатай бага хүүтэй гадны эх үүсвэрийг татах тал дээр чиглэн ажиллаж байна.  

Уг хэлэлцүүлэгт гадаад валютын орлоготой томоохон компаниудын төлөөлөл /уул уурхай, ноолуур, авто тээвэр/, арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд мөн оролцсон юм.