Сүүгээ үнэгүйдүүлж биш үнэ цэнтэй болгоё!
2014/03/26
Сүүг боловсруулан хэрэглэх нь нүүдэлчдийн хувьд ахуй амьдралтай нь салшгүй холбоотой хэдэн зууны турш үе дамжин өвлөгдөж ирсэн том соёл билээ.
Хүний бие физиологид сүүний ашиг тус нэн их бөгөөд кальци уургаар баялаг тул хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дээшлүүлж, ясны бат бөх байдлыг ханган, хүүхдийн өсөлт хөгжилтыг дэмждэг байна. Уг шинж чанарыг нь үндэслэн Монголчуудын хүнсний хэрэгцээний гол 4 бүтээгдэхүүний нэгээр сүүг зүй ёсоор оруулжээ. Нэгэн цагт “хэл хил мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян” хэмээн уран зохиолчид шүлэглэж, аж үйлдвэржилт цэцэглэн байсан социолист нийгмийн үед манай орон өөрийн сүүний хэрэгцээгээ хангах олон талт ажлуудыг өрнүүлж байлаа. Тухайлбал сүүний гарц өндөр алаг үнээг өсгөн үржүүлж, малчдыг нэгдэлжүүлэн сүү бэлтгэлийн ферм, хадлан тэжээлийн аж ахуйг бүрэн утгаар нь явуулж байсан туршлага бий. Тэрхүү үндэс суур нь 1990 онд Монгол улс хамгийн их сүүг буюу 45,3 сая литрийг малчдаасаа авах нөхцөл болж сүүнээсээ 14000 тонн хуурай сүүг боловсруулан ЗХУ-д экспортонд гаргаж байсан статистик баримт бий. Өнөөдөр сүүний үйлдвэрлэл хэдий бага багаар сэргэж байгаа ч гэлээ хөгжлийг нь хурдасгах малчдаа дэмжиж дотоодын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.
Саяхан миний таньдаг олон жил мал дагасан малчин хөгшин зовлонгоо надад тоочиж билээ. Хэдэн малын буянаар ёстой л хоёр идэхгүй хоосон хоноогүйгээ дурсаад тэдний ганц амжиргаа болсон сүүг нь зуны цагт хэдэн ченжүүд нь томоохон компаниудтай нийлээд хар усны үнэд хүрэхгүйгээр худалдан авдаг тухай ярьлаа. Зун нь нэг хэл ам болж байж авчихаад өвөл нь болохоор нүүрээ буруулж тэдний сүүг бус гадаадын хуурай сүүг худалдан авдаг гэнэ. Түүний ярианаас үзэхэд малчдын сүү үнэгүйдэж амжиргаагаа залгуулах нь хүнд болсоны дээр ченжүүд болон компаниуд нь өөрийн дураар үнээ хэлж улирлын шинж чанартайгаар сүүг худалдан авсаар өнөөг хүргэжээ. Тиймээс 3 сая хүрэхгүй хүн амтай хэрнээ 40 гаруй сая толгой малтай манай улсын хувьд өөрийн орны дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь тун харамсалтай. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сүүг малчдын гар дээрээс авж үйлдвэрлэлийн аргаар боловсруулахад гардаг хүндрэлүүд нь улирлын шинж чанараас үүдэн малчдаас авах сүүний тослог нь харилцан адилгүй, малчид фермерүүдийн ариун цэвэр, аюулгүй байдал дутмаг, шингэн сүүн дэх бичил биетний тоо өндөр зэргээс хамаарч сүүний чанар өөр өөр байдаг байна. Мөн тэд хэлэхдээ энэ бүхнийг даван туулах гарц нь хуурай сүүний үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж жилийн дөрвөн улиралын аль ч үед малчдаас сүү татан авж, үйлдвэрийн аргаар боловсруулан, хуурай сүү үйлдвэрлэвэл малчдаа дэмжсэн нүдээ олсон ажил болохыг онцоллоо.
Энэ бүхэнтэй холбоотой сайхан мэдээ дуулгахад саяхан телевизүүдээр “Малчдаас сүүг өндөр үнээр авч байна!” гэсэн реклам олон удаа явж өнгөрөхийг үзээд баярлах сэтгэл төрж уг компанитай холбогдлоо. Ингээд сэтгүүлч миний бие малчин болон хувирч тэдний малчдыг дэмжих хөтөлбөртэй биечлэн очиж танилцах боломж нээгдсэн юм. Бидний сайн мэдэх олон бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдэд танигдсан “Тэсо” корпораци өнөөх асуудлуудыг шийдэх зорилгоор өөрийн компаний хөрөнгөөр хуурай сүүний үйлдвэрийг барьж байгуулах их ажлыг эхлүүлж, малчдаа дэмжин сүүг нь худалдан авч эхэлсэн байна. Тэд өөрсдийн байгуулсан төвийн бүсийн шингэн сүү хүлээн авах цэгүүдээр дамжуулан малчдаас сүүг нь өндөр үнээр худалдан авч зориулалтын зөөврийн машинаар хуурай сүүний үйлдвэрт нийлүүлэн өөрийн итгэмжлэгдсэн лаборторидоо шинжилж шаардлага хангасан сүүг үйлдвэрлэлд нэвтрүүлэн цааш өндөр технологиор боловсруулж хатаамал сүү бэлэн болгох гэнэ. Энэ мэтчилэн манай үйлдвэрлэгчид хуурай сүүний үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлээд эхэлсэн нь сайн хэрэг. Хэрэв бид томоохон хэд хэдэн хуурай сүүний үйлдвэрүүдтэй болчихвол өөрийн орны хуурай сүүний хэрэгцээний тодорхой хэсгийг эх орны үйлдвэрийн чанартай баталгаатай бүтээгдэхүүнээр хангах улмаар импортыг орлох сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангаж, олон улсын стандартыг хангасан экспортын бүтээгдэхүүнүүдийг бий болгож болно. Үүнийг дагаад малчид сүүнийхээ гарцыг сайжруулах, малынхаа эрүүл ахуйд анхаарах, сүүгээ борлуулж амжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байгаа нь чухал юм. Харин хэрэглэгч бидний хувьд эх орны эрүүл хөрсөнд боловсорсон ургамлаар идээшилсэн эрдэнэт малын хишиг болсон сүүгээ хүртэж эрүүл аж төрөх нөхцөл бүрдэж буй билээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх