Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1956 онд гаргаж байсан  ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтаар  /2019.12.05/ зочилж, институтын удирдлагуудтай санал солилцлоо.

Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүсийг Гипрогор институтын Ерөнхий захирал Елена Станиславовна, орлогч захирал Андрей Сергеевич, Дмитрий Львович, Сергей Иванович, хүрээлэн буй орчин, экологийн асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Олег Николаевич нарын албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

С.Амарсайхан “ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн  урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д байгаа ажлын айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэн биднийг Гипрогор институтын хамт олон та бүхэн  урьсанд баяртай байна. Улаанбаатар хот дэлхийн хотуудтай ах дүүгийн найрсаг харилцаатай. Эдгээр хотуудаас түүхэн уламжлал, бас хамтын ажиллагаараа Москва, Улаанбаатар хотууд тэргүүлдэг. Та бүхэн бол бараг биднээс илүү Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг мэдэж байгаа хүмүүс. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг танай байгууллага гаргаж, хожим нь 1963, 1971, 1986 онд  ерөнхий тодотгол хийснийг та бүхэн хэрэгжүүлсэн байдаг. Хэдхэн жилийн өмнө буюу 2013-2015 онд  онд та бүхэн Улаанбаатар хотод хэд хэдэн удаа зочилж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, зураг төслийн хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байсанд талархал дэвшүүлье. Энэ удаа бид та бүхэнтэй уулзаж байгаа нь өмнө нь ярьж төлөвлөж байсан олон ажлыг хэрэгжүүлэх тал дээр харилцан санал солилцож, ярилцахаар ирсэн. Улаанбаатар хот 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгө батлан ажиллаж байгаа. Энэхүү төлөвлөгөөний үндэс суурь та бүхний 1956 онд болон дараа нь хэд хэдэн удаа гаргасан ерөнхий төлөвлөгөө бөгөөд түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх байдлаар төлөвлөгөө хийгдсэн. Бид Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг дагуул хот болгож хөгжүүлэх, мөн Төв аймгийн нутагт дэвсгэрт байрлаж буй шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, мөн шинээр Майдар сити зэрэг шинэ хотуудыг төлөвлөж байна.  Эдгээр төлөвлөлтөд та бүхний санал зөвлөмжийг авах нь чухал байна.  Мөн бид өмнө нь байсан Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн Хот байгуулалт, судалгааны институт болгосон. Ингэснээр хот төлөвлөлтийн үйл явцыг илүү мэргэжлийн, оновчтой, үр дүнтэй зохион байгуулах боломжтой гэж харж байна. Энэ байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэхэд та бүхэн шиг туршлагатай, хотын үүх түүх, төлөвлөлтийг маш сайн мэддэг, мэргэжлийн байгууллагын оролцоо чухал байна. Институтын үйл ажиллагааг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн гишүүд чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ хүрээнд та бүхнийг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлд орж ажиллахыг урьж байна” гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн С.Амарсайхан даргын зүгээс Гипрогор институтын удирдлагуудад  хандан  нийслэлийн хот байгуулалтын салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр дадлагажуулах, туршлага солилцох боломжийг бий болгох зэрэг асуудлыг дэмжиж  өгөхийг хүслээ.

ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтын Ерөнхий захирал Елена Станиславовна “Манай институт энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ байгууллага бол ОХУ-ын Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн анхны институтуудын нэг юм. Бид үйл ажиллагаагаа орчин үеийн техник дэвшлийн ололт амжилттай уялдуулан улам бүр хөгжүүлэн ажиллахыг эрмэлзэж байгаа.  Москва хотын төлөвлөлтийн хувьд иргэд амьдрахад таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг цөм асуудлыг үндэс болгон хэрэгжүүлж байна. Аливаа хотын ерөнхий төлөвлөгөө нь  эрх зүйн орчин, статистик тоон судалгаа, орон зайн боломж, эдийн засгийн чадавхи гэсэн дөрвөн хүчин зүйлтэй уялддаг. Мөн иргэдийн санал хүсэлтийг цахим хэлбэрээр авч төлөвлөгөөнд тусгах нь чухал. Цаашдаа бид хамтын ажиллагаага өргөжүүлж, бидний зүгээс та бүхэнд мэддэг чаддаг зүйлээрээ туслахад бэлэн байна” гэв. 

Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг батлахад оролцож байсан, Улаанбаатарт  хэдэн удаа очиж байснаа тоолж байгаагүй гэдгээ хэлсэн ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтын Орлогч захирал Фадеев Олег Николаевич хэлсэн үгэндээ “С.Амарсайхан дарга таны хэлсэн Хот байгуулалтын газрын дэргэд Зураг төслийн судалгааны хүрээлэнг өөрчилж Хот байгуулалт, судалгааны институт болгосон гэдгийг сонсоод би их баярлаж байна. Энэ нь хот төлөвлөлтийн үйл ажиллагааг зөв тийш нь хандуулах зөв шийдвэр болжээ. Судалгаа тооцоонд үндэслэхгүйгээр хот төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах нь алдаа мадаг гарах үндэслэл болдог. Миний хувьд та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно” хэмээлээ.

Уулзалтын үйл ажиллагааг дүгнэж Ерөнхий захирал Елена Станиславовна хэлсэн үгэндээ “С.Амарсайхан даргын хэлсэнчлэн бид хамтын ажиллагааны шинэчилсэн санамж бичгийг боловсруулан Москва хотод Улаанбаатарын хот төлөвлөлтийн мэргэжлийн боловсон хүчинг тодорхой хугацаагаар сургаж дадлагажуулах, зураг төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэснээр уулзалт ярилцлага өндөрлөлөө.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Хот байгуулалтын Гипрогор институтын захирал Чугуевская Елена Станиславовна болон орлогч захирал Фадеев Олег Николаевич нарт Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагнаж, дурсгалын зүйл гардуулан өглөө.


 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс