2019 онд Монгол улсын эдийн засагт гарсан өөрчлөлтийг тоймлон хүргэж байна. Мөн ирэх оноос дагаж мөрдөгдөх татварын багц хуулиас онцлов. Энэ оны төгсгөлд манай улс "Саарал жагсаалт"-д багтаж хөл дээрээ босох тэнхэлгүй боллоо. Ам.долларын ханш өнөөдрөөс нэг жилийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын  01-ны өдөр 2654 төгрөгтэй тэнцэж байлаа.

Харин өдгөө буурсангүй улам чангарч 2733 төгрөгтэй тэнцэв. Энэхүү ам.долларын өсөлтийн улмаас Монголчууд өргөн хэрэглээндаа "дарлуулсаар" шинэ онтой золгож байна.

-Махны үнэ өмнө нь байгаагүйгээр өссөн жил байлаа-

Улсынхаа нийт хүн амаас 20 гаруй дахин олон толгой малтай Монголдоо дэндүү өндөр үнэтэй мах худалдан авч байгаагаа ер ойлгодоггүй улс манайхаас өөр байхгүй. Эндээс уншина уу Түүнчлэн Иргэд махны үнээ "дийлэхгүй" дарамтанд орж байна

 

-Нийслэлчүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил гарчээ-

Манай улсын эдийн засаг өсөж өндийж байгаа зүйл өнгөрөгч гуравдугаар сард харагдсангүй. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй гарав. 

2019 оны 3-р сарын 27-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.8 хувиар өссөн байна.Тухайлбал, махны дундаж үнэ  хонины ястай махны үнэ өмнөх сараас 14.3 хувь, үхрийн ястай махны үнэ 7.1 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, ямааны ястай махны үнэ 7.3 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, нэг килограмм үхрийн /ястай/ мах 9534 төгрөг, үхрийн цул мах 11614 төгрөгөөр худалдаагдсан юм. Харин хонины /ястай/ мах дунджаар 8368 төгрөг, үхрийн /ястай/ мах 9534 төгрөг, үхрийн цул мах 11614 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.

Тэгвэл бидний гол хэрэглээний нэг болох нэгдүгээр зэргийн гурилын үнэ  0.3 хувиар өссөн, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 5.0 хувь өмнөх 7 хоногоос 4.3 хувиар өссөн байна. Төмс, хүнсний ногооны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.0 хувь, луувангийн үнэ 12.2 хувь, байцааны үнэ 10.5 хувь, хүрэн манжингийн үнэ 13.1 хувь, бөөрөнхий сонгины үнэ 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.  Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 2.2 хувь, байцааны үнэ 0.2 хувь, хүрэн манжингийн үнэ 2.6 хувиар өссөн бол лууван болон бөөрөнхий сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Мөн ургамлын тосны үнэ өссөн байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутам нэмэгдэх нь иргэдийн худалдан авалт буурахад хүргэдэг гэх. Гэхдээ бид хоол ундгүй амьдарч үл чадна. Тэгвэл бид эдийн засгийн хямралтай энэ цаг дор дэлхийн өндөр зэрэглэлийн хоттой адил үнэтэй хүнсээр худалдаж авдаг гэдгийг "Economist Intelligence” судалгааны байгууллагаас гаргажээ. Тодруулбал, Тус судалгааны байгууллагаа дэлхийн хотуудын амьдрах өртгийг судлан эрэмблэсэн байна. Энэхүү судалгаанд манай Нийслэл хотын хувьд амьдрах өртгөөрөө Ази тивдээ 55-д, дэлхийд 349-т бичигджээ. Манай улсын үзвэр үйлчилгээ, хоолны үнэ Япон, Сингапур зэрэг дэлхийн хамгийн үнэтэй хотуудынхтай ижил өндөр үнээр зарагддаг гэнэ. Тэгвэл хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил, зарим нь түүнээс ч үнэтэй байгаа талаар тус эдийн засаг, хэмжил зүйн судалгаанд онцлов. 

-Ирэх онд төлөх өр-

Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал гэж ардын үг бий. Гэтэл манай улс энэ үгний эсрэг явж байна. Өр, өвчиндөө баригдсан улс болчихов. Дөнгөж төрсөн нярай хүүхдээс эхлээд идэр залуу насныхан эмчилгээний зардлаа дийлэхгүй тусламж, хандив хүссээр...Улс нь өрөө зээлээ төлж барахгүйд хүрсээр л...

Манай улсын гадаад өр нийтдээ 29.521 сая ам.долларт хүрчээ. Үүнээс зөвхөн урд хөрш болох БНХАУ-д зөвхөн засгийн газрын өр 746 мянган ам.доллар байна. Гадаад өр гэдэгт Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллагууд, бусад салбарын нийт гадаад өр болон хөрөнгө оруулагчийн зээлийн нийлбэр багтаж байгаа юм. Дэлгэрэнгүйг эндээс харна уу

-Монгол улс саарал жагсаалтад багтав-

Уг нь манай улсын эдийн засаг нэлээд өссөн хэмээгээд буй. Гэхдээ энэхүү өсөлт нь бодит амьдралд үр дүнгээ өгсөнгүй. Тухайлбал, 2016 оны 1.3 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг өнөөдөр 7.1 хувийн өсөлттэй байна. ДНБ ч 31.8 их наяд төгрөг буюу 7.3 хувийн өсжээ. Гадаад валютын нөөц түүхэндээ байгаагүй хэмжээгээр өсч, дөрвөн тэрбум ам.долларт хүрэв. Гадаад худалдааны эргэлт 2019 оны аравдугаар сард 11.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 хувиар өслөө. Экспорт 6.5 тэрбум ам.долларт хүрч, 10 хувиар өссөн байна. Төлбөрийн тэнцэл 2018 оны есдүгээр 475.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2019 оны есдүгээр сарын гүйцэтгэлээр 264.3 сая ам.долларын ашигтай гарсан гэдгийг сангийн сайд онцолсон.

Улсаа саарал жагсаалтад оруулсан эрх баригчид хар жагсаалтад ороогүй нь их юм гэж өөрсдийгөө өмгөөлсөн удаатай. Хилээр их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч, гаалийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх явдалд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллахыг хүртэл гадныхан зөвлөөд авсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил бол хэзээ ч дуусахгүй хэмээсэн. Гэтэл манайх оффшер данстай нөхдүүдтэйгээ тэмцэхгүйгээр хоёр эрх бүхий мэдэлтнийг ажлаас нь чөлөөлөөд болчихож байгаа бололтой. Тодруулбал,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг ажлаа хийж чадаагүй гэж үзсэн.

-Татварын шинээр батлагдсан багц хуулинд дараах өөрчлөлтүүдийг орууллаа-

-НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болно.

– Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.

– Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсан бол хүсэлтээ гаргаснаар нэг удаа хялбаршуулсан тайлан өгч орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Мөн дээрх хэмжээний орлоготой, одоогийн хуулиар цэвэр ашгийн 10 хувийг татварт өгдөг байсан хувь хүнд энэ заалт хамаарна.

-Улаанбаатар хотоос алслагдсан буюу 500 км-ээс хол зайнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж болон хувь хүний үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувь, 1000 км-ээс хол зайнд байгаа бол 90 хувь хөнгөлнө.

-Татварын өр төлөх хугацааг хоёр сар байсныг 24 сар болгож байгаа.

-Татварын систем цахимжсанаар татварын цэнхэр дэвтэр хэрэглэхгүй.

-Татварын тайлангаа өгсөн өдөртөө татвараа төлж барагдуулах үүрэг хүлээх бөгөөд хоног тутамд алданги тооцдог болно.

-Тайлангаа хоцроосон ААН, иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгоно.

-НӨАТ-ын баримт өгөөгүй тухай гомдлыг гурав хоногийн дотор шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно. /Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/

-Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

-Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол, алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн, албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого буюу компани байгуулахгүйгээр төрөл бүрийн бизнес эрхэлж олсон орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.