Эдийн засагт дөнгө болсон хөгжлийн банк
2014/03/31
Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яам, Монголбанк хэр гар нийлж ажиллахаас хамаарч Монголын эдийн засаг өгсөх үү, уруудах уу гэдэг нь тодорхойлогддог болсоор хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
“Монголын эдийн засаг хямарсан” гэдгийг саяхан болж өнгөрсөн эдийн засгийн форумын үеэр хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихлөө. Тэгэхээр дээрх гурван байгууллага өнгөрсөн хугацаанд гар нийлж ажиллаж чадаагүй гэсэн үг болж таарлаа.
Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын харьяанд байдаг гэгдэх Хөгжлийн банк үүргээ биелүүлэхгүй атлаа эрхээ давуулан эдэлснээс болж эдийн засагт нэлээд хүндрэл үүсээд байгааг эдийн засагчид онцолж байгаа юм. Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний чиглэлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэг бүхий Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Батбаяр сайд өөрийн туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Н.Мөнхбат гэгчийг томилсон нь олон хүний итгэлийг алдахад хүргэсэн. Нөгөөтэйгүүр, “Н.Батбаяр сайдыг дагавал ямар нэгэн албан тушаалд түвэггүй очиж болох юм байна” гэдэг сэдлийг ч олон хүнд төрүүлсэн биз. Юуны төлөө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар өөрийн хүнийг томиллоо гэсэн шиг шийдвэрүүдийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнгөрсөн хугацаанд багагүй гаргасан гэх. Тухайлбал, Монголбанк болон Сангийн яам гэх хамтрагчид нь эдийн засгийн нөхцөл байдал хэрхэхийг эртнээс тооцоолж, судлаад авах ёстой арга хэмжээнүүдээ авчихсан байхад нь Хөгжлийн банкнаас хамтрагчдынхаа хэнд ч мэдэгдэлгүйгээр зах зээлд их хэмжээний мөнгийг цацах тохиолдол хэд хэд гарсан аж. Ингээд л хамтрагчдынх нь тооцоолол, төсөөлөл хумхын тоос болон замхардаг юм байх. Эцэст нь валютын ханш өсч, иргэдийн худалдан авах чадвар муудаж, эдийн засагт тооцоолоогүй үр дагавар үүсч байна. Монголын эдийн засагт төсөв, Хөгжлийн банк, Монголбанк гэсэн гурван эх үүсвэрээс л мөнгө нийлүүлэгддэг байхад нэг нь ингэж дур мэдэн хувийн тоглолт хийгээд байхаар эдийн засаг чөдөрлөгдөхгүй гээд яах вэ гэдгийг Н.Батбаяр сайд ухаарах цаг болоогүй л юм байх даа. Энэ бүхнийг Сангийн сайд Ч.Улаан болон Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал нар Эдийн засгийн хөгжлийн сайддаа сануулах зүрхгүй юм гэж үү. Хэзээ болтол Н.Батбаяр сайдыг дураар нь дургиулж, эдийн засагтаа чөдөр тависаар байх вэ.
Хөгжлийн банкны хэрээс хэтэрсэн энэхүү үйлдлээс гадна Эдийн засгийн хөгжлийн яам ч хэдэн хуулийн төсөл батлуулснаас өөр дорвитой ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэнгүй. Үүний үр дүнд хамтарч ажиллах ёстой хоёр байгууллага болох Сангийн яам болон Монголбанкны үүрэх ёстой ачаалал нэмэгдэж, амьсгаа авах боломж олдохгүй байсаар эдийн засаг хямарсан гэж болно. Үүнийгээ ч мэдээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр жил бүр зохион байгуулагддаг Эдийн засгийн форумд оролцолгүй зугтсан сураг дуулдсан.
Уг нь Хөгжлийн банкийг анх байгуулахдаа төсөвт санхүүжилтийг нь суулгаагүй ч хөрөнгө шаардлагатай байгаа ажилд хөрөнгө оруулах замаар бүтээн байгуулалт хийх замаар улстөрчдөөс хараат санхүүгийн эх үүсвэртэй болох зорилгыг хамтарсан Засгийн газар тавьж байсан. Ингэхдээ Засгийн газрын баталгаатай бонд гаргах эрх олгох замаар Хөгжлийн банкны санхүүжилтийн асуудлыг нь шийдэж өгсөн юм. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк гурван ч эх үүсвэрээр дансаа цэнэглэж амжсан. Хамтарсан Засгийн газрын үед 600 сая ам.долларын бонд гарган дансаа мялааж байсан бол шинэчлэлийн Засгийн газраас гаргасан “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар дансаа дахин цэнэглэсэн. Үүний дараа өнгөрсөн оны сүүлчээр Японы зах зээл дээр “Самурай” бонд гаргах эрхийг авч, 600 сая ам.доллартой тэнцэх хэмжээний иенийн бонд гаргаж, санхүүгээ арвижуулаад байгаа. Хамтарсан Засгийн газрын үед гаргасан бондынхоо тал орчим хувийг бүтээн байгуулалтад зарцуулсан Хөгжлийн банк шинэчлэлийн Засгийн газартай золгохдоо дансандаа 300 орчим сая ам.долларыг хадгалж байсныг Ардын намынхан баталдаг. Тэгэхээр Хөгжлийн банк 2.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт хийх эрхтэй байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банк гэгч байгууллага Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын эдийн засагт тавих гав гинж болон хувирчээ.
Р.САРАНГОО