Дэлхийн даяар тархаад буй цар тахал болох Коронавирус буюу COVID19 үүдэж эдийн засгийн хямрал нүүрлэх нь тодорхой боллоо. Гэтэл манай улсад энэ оны төсөвтөө тодотгол хийхгүй хэмээж байна.

Хөл хорио тогтоосны улмаас хувиараа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд доголдол гарч, эдийн засгийн эргэлт хийх боломжгүй болсон. Ганц сарыг тэсээд гарсан хувийнхэн өдгөө ирэх саруудад хэрхэхээ мэдэхгүй байна. Ганцхан манай улсад төдийгүй дэлхийн дахинаа логистик сүлжээнд хямрал нүүрлэх аюул тулгарав. БНХАУ-ын үйлдвэртэй хамтарч ажилладаг өнцөг булан бүрийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орлоо. Коронавирусийн улмаас Дэлхийн эдийн засгийн өсөлт нь 0.5 нэгж хувиар буурна гэж судлаачид үзжээ. Тэгвэл манай улсын судлаачид болох МҮХАҮТ-с Төсвийн хөрөнгө оруулалтыг эхний байдлаар танах ёстойг судалсан байна. Энэ жилийн төсвийн орлогоос зайлшгүй тэвчиж болох зардал нь 410 тэрбум төгрөг болжээ. Уг зардлыг тэвчиж чадвал ажлын байр, өрхийн эдийн засгийг аврах боломжтой аж.

Мөн таван багц 21 саналыг гаргажээ. Тодруулбал,

1. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах

1. Монгол банк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх 
2. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах (тухайлбал энэ онд эхлэх хөдөөгийн соёлын төвүүдийн шинэ барилга, сумын захиргааны конторын барилгын ажилд төсөвлөсөн 220 орчим тэрбум төгрөг). Ийнхүү танасан зардлыг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийхэд хуваарилах

2. Covid-19 вирусын бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах

3. Үйл ажиллагааг нь зогсоосон, эсвэл хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн НӨАТ, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг 3 сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх
4. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах 
5. Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монгол банкнаас зохих бодлого чиглэл гаргах
6. Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэг төрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыг түр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах
7. Бизнест үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах үүднээс томоохон Түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих 

3. ЖДҮ-үүдэд дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг хадгалах

8. Худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг тодорхой салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн 3 хүртэл сарын төлбөрийн 50 хувийг төрөөс төлөх. Үүнд тооцоогоор ойролцоогоор 100 тэрбум төгрөг шаардагдах ба улсын төсвийн хөрөнгө оруулалтаас танах зардал болон Төсвийн тогтворжуулалтын сангаас шийдэх боломжтой гэж үзэж байна.
9. Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 оны дуустал хугацаанд тэглэх
10. Засгийн газраас тогтоосон харьцуулалтын аргаар ба шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх
11. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх 
12. Засгийн газрын сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хуучин ажлын байруудыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх
13. Вирусын тархалтын эрсдэлтэй нөхцөл байдалд онлайн худалдан авалт хийх, цахимаар төлбөр төлөх зэргийг дэмжин банкны цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд багасгах, чөлөөлөхийг дэмжих бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэх

4. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих

14. “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа эзэмшигчдэд тараахаар шийдвэрлэсэн байгаа 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг 4 дүгээр сард багтаан олгох, ноогдол ашгийн тодорхой хувийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах ваучер байдлаар тараах
15. Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах
16. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан үйлчилгээний татвараас Татвар төлөгчийг 6 сарын хугацаанд чөлөөлөх
17. Орон сууцны ипотекийн зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах

5. Хүнсний гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах

18. Хүнсний гол нэр төрлийн барааны өөр улсаас импортлохтой болон тээвэрлэлттэй холбоотой гарах нэмэлт зардлыг зөрүүг Засгийн газраас олгох
19. Импортоор оруулж ирэхэд төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөлтийг гурван сараас доошгүй сараар хойшлуулах
20. Хүнсний гол нэр төрлийн барааны импортын зориулалтаар хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
21. Гурилын үйлдвэрүүдийн импортлох хүнсний улаанбуудайн квотыг 120000-150000 тонн болгож нэмэгдүүлэх

Дээрх асуудлын хүрээнд энэ цаг үед үйл ажиллагаагаа явуулж буй компани, аж, ахуй нэгжүүдийн бодит нөхцөл байдал болон нэн даруй төрөөс ямар арга хэмжээ авах ёстой талаар Худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч онцлоод буй. Харин тэднийн ийн судалж гаргасан саналууд болон төсвийн тэвчиж болох хөрөнгө оруулалтын талаар Сангийн сайд хэрхэх вэ? гэдэг асуулт хариултаа хүлээж байна. Монголын бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар компаниудын 89.5 хувь тэр дундаа 57.4 хувьд нь шинэ коронавирус маш хүндээр тусч байгааг илэрхийлсэн гэдгийг цохон дурдая.

 

 

 

Холбоотой мэдээ:

Өрхийн орлого, бизнес нь зогссон иргэддээ чиглэсэн бодлого дутагдаж байна