Олон улсын эрдэмтдийн хийсэн коронавирусний судалгаа, дүгнэлт
2020/04/27
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирустэй холбогдох судалгаа, шинжилгээнүүд үргэлжилж байна.
Шинэ төрлийн коронавирусний халдвар авч эдгэрсэн хүний биед хангалттай хэмжээний эсрэг биет хуримтлагдахад гурван 7 хоногийн хугацаа шаардагдаж байгаа ч хуримтлагдсан эсрэг биет нь дахин өвчлөхөөс хэдхэн сар хамгаалах чадвартай болохыг Өмнөд Солонгос улсад бүртгэгдсэн тохиолдлуудыг судалсан вирус судлаачид тогтоосон байна. Үүнээс үндэслээд өндөр үр дүнтэй вакцин гарах хүртэл “Covid-19”-ийг дарах боломжгүй гэж дүгнэжээ. Тэгвэл, “Covid-19”-ийн вирус маш хурдан мутацад орж, одоогоор дэлхийд 4,300 мутацын төрөл бүртгэгдээд байгаа нь вакцин гаргах ажилд хүндрэл учруулж байна. Мөн эрдэмтдийн тооцоолж, хүлээж байгаагүй хэлбэрээр өөрчлөгдөн хувьсаж, зарим нь маш аюултай төрөл зүйлийг үүсгэж болзошгүйг анхааруулсаар байна. Судлаачдын дүгнэснээр, БНХАУ-ын Жөжян мужид илэрсэн шинэ төрлийн коронавирусний хэлбэр нь маш аюултай бөгөөд Европын орнууд болон АНУ-ын Нью-Йорк хотод түгээмэл тархсан. Харин АНУ-ын Вашингтон мужид илэрсэн хэлбэр нь хоруу чанар багатай. Иймээс улс орон, бүс нутагт “Covid-19”-ийн улмаас нас барж буй иргэдийн тоо харилцан адилгүй байгаа нь тухайн газар оронд тархсан шинэ төрлийн коронавирусний мутацын хэлбэрээс хамааралтай хэмээн эрдэмтэд дүгнэж байна.
БНХАУ-ын вирус судлаач зарим эрдэмтэд коронавирусний судалгааг вирус илрүүлэх, цитокин (дархлааны болон бусад эсээс ялгардаг молекул), дархлаа судлах, саармагжуулах эсрэг бие, эмийн концентрац гэсэн 5 хэсэгт хуваан судалж байна. Судалгааны дүнд “Covid-19”-өөр өвдсөн хүмүүсийн биед өндөр хэмжээний цитокин ялгарч буй нь өвчнийг эрт илрүүлэх сэжүүр болж байгааг тогтоожээ.
Жөжяний Их Сургуулийн харьяа Нэгдүгээр эмнэлэг “Covid-19” өвчний халдвар авсан 3497 өвчтөнөөс сорьц аван, вирусний хүний өтгөнд хадгалагдах хугацаа болон хүчийг судалжээ. Судалгаагаар, вирус амьсгалын замд 18 хоног, цусанд 6 хоног байх бол хүний өтгөнд 22 хоног хадгалагдаж байгааг тогтоосны зэрэгцээ эрчүүд эмэгтэйчүүдээс удаан хугацаагаар вирус тээж байгаа нь ажиглагдсан байна. Ялангуяа хүнд хэлбэрээр өвчилсөн хүний өтгөн дэх вирус илүү удаан хугацаанд халдварлах чадвар өндөртэй байна.
БНХАУ-ын Халдварт өвчний удирдлагын төвийн захирал Гао Фү, одоогийн судалгааны явцаас харахад яаралтай ашиглах эхний ээлжийн, тодруулбал эмч, сувилагч зэрэг эмнэлгийн байгууллагын хэрэгцээний вакцин 9 дүгээр сард бэлэн болох магадлал өндөр бөгөөд 2021 оноос олноор үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд аюулгүй, чанартай, үр дүнтэй вакцин бүтээхэд анхаарч буйгаа онцлов. Бээжингийн Үндэсний хүнс, эмийн хяналтын хүрээлэнд бүтээж буй шинэ төрлийн коронавирусний эсрэг 3 дахь вакцины клиник туршилт өнгөрсөн долоо хоногт эхэлж, туршилтын үр дүн эерэг гарч байгаа аж. Гэхдээ тус улсын хэмжээнд “Covid-19” өвчний клиник туршилтын 598 төсөл батлагдсан ч, халдварын тоо буурснаар клиник туршилтад орох хангалттай тооны өвчтөн байхгүй болж, судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэл тулгарах болжээ. Мөн “Remdsivir” эмийн клиник туршилтыг хийж байсан хоёр төсөл зогссон бөгөөд тус эм хатгалгааны үрэвслийг намжааж байсан ч, вирусийг хоргүйжүүлэх нөлөө үзүүлэхгүй байгаа нь тогтоогдсон байна.
АНУ-ын Калифорни мужийн хоёр хотод шинэ төрлийн коронавирусний эсрэг биет илрүүлэх шинжилгээг сайн дурын үндсэн дээр хийхэд тооцоолж байснаас өндөр үр дүн гарсан байна. Тодруулбал, шинжилгээнд хамрагдсан 3330 иргэний 1.5 хувь “эерэг” хариу авсан бөгөөд нийт хүн амын тоог “эерэг” хариутай харьцуулахад дээрх хотуудад 220-442 мянган хүн халдвар авсан байх магадлалтай гэсэн тооцоо гаргасан байна. Шинжилгээ авах үед эдгээр хотод халдварын батлагдсан тохиолдол 8000 орчим байжээ.
“Covid-19” өвчний хариу урвалын талаарх судалгааг хурдасгахын тулд Европын Комисс холбогдох судалгааны ажил эрхэлдэг эрдэмтдэд зориулсан мэдээллийн портал нээсэн бөгөөд үүнд вирусний ДНХ-ийн дараалал, уургийн бүтэц, эмнэлзүйн судалгаа, туршилт, халдварт өвчний эсрэг судалгааны талаарх мэдээлэл байх гэнэ.
ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Спан, Paul Ehrlich институци шинэ төрлийн коронавирусний эсрэг BNT162b1 вакцины эхний клиник туршилтыг эхлүүлснийг мэдэгдэв. Тэрээр, аливаа вакцин нь вирусний судалгааны үе шат, вакцины орц бүрдлийг тодорхойлж, бүтээх үе шат, үр дүнг тогтоохын тулд амьтан дээр турших үе шат, нас, хүйсийн хувьд ялгаатай хүмүүс дээр турших үе шат, тусгай байгууллагаар зөвшөөрүүлэн батлуулах үе шат, үйлдвэрлэлийн шат гэх 6 үеийг дамжиж бэлэн болдгийг онцолсон байна.
Цюрихийн их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн коронавирус нь өвчтөний уушгинаас гадна судасны ханыг гэмтээдэг болохыг тогтоожээ. Уг вирус нь судасны эндотелийн давхаргад нэвтэрч хялгасан судсаар дамжин цусны эргэлтэд саад учруулж, улмаар цусны эргэлт, цусан хангамжийг бууруулж зогсоход хүргэдэг байна.
ХБНГУ-ын эрдэмтэд Итали, Испани, Франц, Герман улсын засаг захиргааны 66 нэгжид “Covid-19”-ийн улмаас нас барсан 4,443 тохиолдолд судалгаа хийж, агаарын бохирдолтой орчинд удаан хугацаанд байх нь тус өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэх дүгнэлтийг хийсэн байна. Судалгааны явцад дээрх нас баралтын 78 хувь нь агаар дахь азотын давхар ислийн концентрац өндөртэй, агаарын урсгал муутай хойд Италийн 4 муж болон төв Испанид бүртгэгдсэн болох нь тогтоогджээ.
Их Британи-ийн Эрүүл мэндийн сайд Матт Ханкок, Оксфордын Их Сургуулийн судалгааны багийн бүтээж буй “ChAdOx ncov-19” нэртэй коронавирусний эсрэг вакцин 80 хувийн амжилттай явж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 23-ны өдөр хүн дээр туршиж эхлэх болсныг мэдэгдэв. Одоогоор дэлхийн хэмжээнд 30 гаруй компани вакцин бүтээхээр өрсөлдөж байгаагийн дотор Нидерланд Улс “BCG“ вакцины туршилтад орох хүмүүсийг бүрдүүлсэн бол Лондоны Эзэн хааны коллежэд RNA ашиглан вакцин бүтээж байна. ХБНГУ-ын “CureVac” компани mRNA суурьтай вакцины хүн дээр хийх туршилтаа зунаас өмнө, Италийн “Takis Biotech” компани “DNA” вакцины туршилтыг ирэх намар эхлүүлэхээр төлөвлөжээ.
БНФУ-ын судалгааны баг, коронавирусний халдвартай 343 өвчтөний биед ажиглалт судалгаа хийж, никотин нь хүний эсийн хүртэхүйтэй нэгдсэнээр вирус эсэд нэвтэрч, биед тархахад нь саад болдог гэсэн дүгнэлтийг дэвшүүлж, клиник туршилт явуулах зөвшөөрлөө хүлээж байна. Судалгааны баг никотинтой наалтыг Парисийн Pitie Salpetriere эмнэлгийн эрүүл мэндийн ажилтнуудад хэрэглэж, коронавирусний халдвараас тэднийг сэргийлж байгаа эсэх, түүнчлэн эмнэлэгт эмчлүүлж буй коронавирусний хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнд хэрэглэж, өвчнийг хэрхэн намдааж буйг тогтоохоор төлөвлөжээ.
ОХУ “Covid-19”-ийн эсрэг вакцины клиникийн өмнөх туршилтыг 5 дугаар сард багтаан эхлүүлэхээр болсон учир томоохон хувийн эмнэлгүүд нь “Covid-19”-ийн эсрэг биет тогтоох шинжилгээг авч эхлэхээр төлөвлөжээ.
БНКазахстан Улс-ын Биотехнологийн үндэсний төвийн Генетикийн инженерийн лабораторын мэргэжилтнүүд, коронавирусний эсрэг вакцин уламжлалт технологийн дагуу генийн инженерчлэл хийгдэж, вакциныг биотехнологийн бүтээгдэхүүн болгон хүлээн авах, амьтад дээр туршиж, дархлалын өвөрмөц хэлбэрүүдийг тодорхойлох, албан ёсны аюулгүй байдлын шалгалтууд хийгдэж, вакциныг баталгаажуулах гэсэн үе шатлалын дагуу гурван жилийн хугацаанд хийгдэх бөгөөд энэ үйл явцыг хурдасгах, алгасах боломжгүй гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх