Муухай дээрээ улцан буюу саарлаас хар жагсаалт руу
2020/05/11
COVID-19 цар тахлын уршгаар дэлхийн эдийн засаг агшиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахын зэрэгцээ бизнесүүд хүндэрч, шинэ түншлэл эхлүүлэхэд улам амаргүй болж эхэллээ. Хөгжиж буй орнуудаас гадагшлах мөнгөний урсгал нэмэгдэж, санхүүгийн зах зээлийн уналт үргэлжилсээр.
Томоохон төслүүд зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт татах өрсөлдөөн тэр хэрээр ширүүсэх болов. Ийм эгзэгтэй үед хөрөнгө оруулалт авах, хамтрах, түншлэх боломжоо Монгол Улс алдаж байна. Учир нь дэлхий нөлөө бүхий Европын эдийн засгийн гадна бид үлджээ. Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудыг нэрлэдэг “Хар жагсаалт”-д Европын холбооны манай улсыг оруулсан нь санхүүгийн ээлжит нэгэн хориг тулгалаа. Иймээс Европын орнуудтай цаашид хийх эдийн засгийн харилцаанд багагүй саад бэрхшээл гарч ирэх нь. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан нь нөхцөл байдлыг улам дордуулсан юм. Тус холбооны боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр нэг сарын дараа хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Уг төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж энэ оны 10 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан.
Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орсон. Хэрэв энэхүү жагсаалтад ороогүй байсан бол Европын холбооны “Хар жагсаалт” холуур өнгөрөх байлаа. Энэ сард болох ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа манай улс хэлэлцүүлж, хамгаалахаар зэхэж байгаа. Тус хурлын үр дүнгээс энэ оны 10 дугаар сард багтан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах эсэх хамаарах юм. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн “Хар жагсаалт”-ын талаар Төв банк үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдэлд “ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл, Европын холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэт үйлдэл гарахгүй. Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно” хэмээв. Гэвч оффшорчдын татвараас зугтсан хууль бус үйлдлийн талаар эдийн засагчид өөр байр суурьтай байна.
-Европын холбооны “Хар жагсаалт” эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
Шаардлага, шалгалт их болно
Б.Дөлгөөн /Эдийн засагч/
-Шаардлага, шалгалт их болно. Европын холбоотой хийж буй худалдаанд хүндрэл гарна. Мөнгөн гуйвуулга зэрэг банк санхүүгийн үйлчилгээнд бэрхшээл үүсэх магадлалтай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч байгаа. Орж ирэх байсанд нь сөргөөр нөлөөлнө. Худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаанд их багаар нөлөө нь мэдэгдэж эхэлнэ. Үүнээс аль болох хурдан гарах нь чухал.
Европын орнуудаас хөрөнгө татахад хүндрэл үүснэ
Б.Мөнхдөл /Cover Mongolia компанийн үүсгэн байгуулагч/
-Европын сэргээн босголт хөгжлийн банк манай улсын хувийн хэвшлийн маш олон салбарт өндөр дүнтэй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ирсэн. Одоогийн үүссэн нөхцөл байдлаас болж цаашид дээрх банкны дэмжлэг, санхүүжилтийн хэмжээ багасах, удаашрах эрсдэлтэй болж байна. Энэ мөнгө Европын холбооны улсуудын Засгийн газраас гардаг. Засгийн газруудын нь зүгээс дэмжлэг үзүүлэх эрхгүй болж байна.
Монгол улсад үзүүлэх дэмжлэг багасах талтай
Н.Мөнхсоёл /Эдийн засагч/
-Банк хоорондын гүйлгээнд хүндрэл гарна. Монголыг хардах, сэжиглэх нь нэмэгдэнэ. Европын холбоо Монголд цөөнгүй хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр нь багасах сөрөг талтай. Иргэд хооронд болон банк хооронд мөнгөн гүйлгээ хийхэд илүү их бэрхшээл бий болно. Монгол Улсад үзүүлэх дэмжлэг мөн багасна. Үүнээс зөвхөн нэг удаагийн мэдэгдэл хийгээд гардаг зүйл биш бөгөөд улс төр, эдийн засгаас их хамаарна. Европын орнуудад суугаа манай дипломат ажилчидтай холбоотой гэмт хэргүүд “Хар жагсаалт”-д ороход нөлөөлсөн.
Хяналт шалгалт давхар хийнэ
Г.Мөнх-Эрдэнэ /Шинжээч/
-Эдийн засагт, тэр тусмаа хөрөнгө оруулалтад хүчтэй сөрөг нөлөө ажиглагдахгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт уналттай байгаа. Манай улсын хувьд Европын орнуудтай харилцахад нягтлах, шалгах нь илүү их нэмэгдэх байх. Хяналт давхар давхар хийнэ гэсэн үг.
Засгийн газрын мэдээ сонин
bat · 2020/05/12
Бид үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгохоос л эхлэх байлаа одоо бас л их хугацаа алдахнээ чухамдаа эрхмүүд идэж ууж ханаагүй байгаа гэсэн үг
Зочин · 2020/05/11
Угаасаа л пад хар бочихсон зүгээр хар гэж өгч байгаа нь их юм
зочин · 2020/05/11
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд олон зуун тэрбумаар зарсан Ч. Хүрэлбаатар гэгч хулгайч Сангийн сайд байхад хар жагсаалтад орох нь баараггүй шдээ.