Төгрөгийн ханш сулрах хэрээр засаглалын чанар доройтож иржээ

Ам.доллар мягмар гарагт 2808 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк зах зээлд 35.6 сая ам.доллар нийлүүлэв. 

Долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулж, төгрөгийн ханшийн уналтыг тогтоон барих гэж мөнгөний бодлого тодорхойлогчид зорьж байна. Гэвч тэдний санаснаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн ханш чангарч байгаа юм алга. Харин ч эсрэгээрээ ам.долларын ханш жолоогүй өссөөр. Зах зээлд долоо хоног болгон дунджаар 50 орчим сая ам.доллар нийлүүлсэн ч хамгийн өсөлт зугуухан урагшилсаар байна. Улсын гадаад валютын албан нөөц хөшигний ард хорогдсоор. Дөрвөн тэрбум ам.доллар давж байсан гадаад валютын нөөц дундарч, ам.доллар төгрөгийн зах зээлд бүхэлд нь ноёрхсоор. COVID-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалаас жил болгон орж ирдэг орлого агшиж, валютын нөөцийг нэмэх боломж хумигдсаар байна. Гадаад худалдааг илэрхийлэх төлбөрийн тэнцэл оны эхний улиралд 350.2 сая ам.долларын алдагдал хүлээж, худалдааны алдагдал тэлсээр. Экспортын орлого тасалдаж байгаа нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах хөрс суурийг үндсэндээ бүрдүүллээ. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь тэр хэрээр төгрөгийн ханш сулрах дарамт авчирлаа. Үүнээс гадна Европын Холбооны “хар” жагсаалтаас болж хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүсэв. Европын орнуудаас Монгол руу чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эрч саарсан нь, дотоодын валютын зах зээлийн эрсдэл бизнесийн орчинд томоохон сорилт болохоор байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны сул талыг бид валютын ханшаар илүү мэдрэх болсон. Валютын зах зээл тогтворгүй байх тусам бизнесийн орчин доройтсоор. Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монголын бизнесийн орчин” гурван жил тутмын судалгааг хоёр дах удаагаа үндэсний хэмжээнд авч эхэлсэн. Энэхүү судалгаа нь бизнесийн орчны өнөөгийн байдлыг үнэлэх, сайжруулах шаардлага, арга замыг тодорхойлох зорилготой аж. Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест хүндрэл бий болсон энэ үед бизнес эрхлэгчдийн нэгдсэн санал, байр суурь маш чухал. Энэхүү судалгааны дүнд үндэслэн тодорхой саналуудыг гарган шинээр байгуулагдах УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. Бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны эргэлт саарсан. Үүн дээр ам.долларын ханшийн өсөлт багагүй нэрмээс болох нь. Шинээр бүрдэх УИХ, Засгийн газрын хамгийн том даваа валютын ханш, гадаад өрийн эргэн төлөлт болохоор байна. Ханшийн энэхүү өөрчлөлтийг тогтворжуулж, өрийн менежментийг зөв засаглалаар хангахгүй бол дараалсан олон хямрал биднийг хүлээж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний улиралд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оныхоос 5.4 хувиар буурчээ.

Тодруулбал, 284.7 тэрбум төгрөгөөр агшсан. Нийтийн хоолны салбарын орлого нэгдүгээр улиралд 2.6 хувиар буурсан. Эдгээр үзүүлэлтээс худалдаа үйлчилгээний салбар хэрхэн муудсаныг харж болох юм. Үүнээс гадна аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа саарсны улмаас зочид буудлын салбарын орлого оны эхний улиралд 35.3 тэрбум төгрөгөөр буюу, хоёр дахин буурсан байна. COVID-19 цар тахланд дээрх салбар хамгийн их нэрвэгджээ. Эдгээр салбарт валютын ханш гүнзгий нөлөөлсөн хэвээр байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН