Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг нэг хэсэг нь зөвтгөж байхад нөгөө хэсэг нь суудлаас нь огцруулах төсөл хүртэл боловсруулснаа дуулгаад авсан.

Учрыг хөөвөл, Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд хуралдана.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан билээ.  Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж үзэж ийнхүү тогтоолын тогтоолын төсөл өргөн барьсан. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаарджээ. Байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Түүнийг эсрэг байр суурьтай байгаа хүний тоо үүгээр дуусахгүй ээ. Хүний эрхийн төлөө зүтгэгч хуульч, судлаач Х.Бат-Ялалт  Х.Тэмүүжинг МУ-ын төрөөс  зайлуулахаар тэмцэнэ хэмээн мэдэгдлээ.

Мэдэгдэлдээ "Цагдаагийн ахмадууд, амь нас эрүүл мэндээрээ хохирсон баатарлаг залуус болон тэдний өнчирч хохирч үлдсэн ар гэрийхэн, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийхэнд хандан мунхаг ХЗСайд Х.Тэмүүжингийн өмнөөс уучлалт хүсмээр санагдлаа.

Учир нь ХЗС Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж хулгай, дээрмийн хэрэгтэй л тэмцэж нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэж чаддаггүй хэмээн удаа дараа мэдэгдэл хийн олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөөр байгаа юм. Үнэндээ Цагдаагийн байгууллага нь өнгөрсөн хугацаанд олон нийтийн амгалан тайван байдлыг хангахын тулд маш олон цагдаагийн албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг золиослон төрөл бүрийн гэмт хэрэгтэй амжилттай тэмцэж ирсэн арвин түүхтэй. Ил далд үйлдэгддэг олон төрлийн гэмт хэрэгтэй олон төрлийн арга тактикаар тэмцсээр байгааг үгүйсгэж байгаа нь бодит түүхийг гуйвалсан хэрэг билээ.

Хууль зүйн салбарын шинэчлэл нэрээр Цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн аливаа төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадварыг бууруулж, хуулийн байгууллагуудыг улс төрийн албан тушаалтнаас шууд хараат болгон улмаар хуулийн байгууллагын тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж байгааг эсэргүүцэж байгаагаа энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Мөн ХЗС Х.Тэмүүжинг хүүхдээ хууль бусаар үрчилсэн, өндөр үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг устган төсөвт хохирол учруулсан, эх орноосоо урван гадаад улсын тагнуулын байгууллагатай холбоо тогтоосон, хар тамхи, мансууруулах бодистой нэр холбогдсон, Үндсэн хууль, хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомж санаачилсан гэх мэт үндэслэлүүдээр Монгол улсын Их хурал, Монгол улсын Засгийн газрын гишүүнээс эгүүлэн татаж хуулийн байгууллагаар нэн даруй шалгуулах нь зүйтэй. Үүний учир миний бие биеээ тоосон, хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон Хууль зүйн Сайд Х.Тэмүүжинг огцруулах, Монгол улсын төрөөс зайлуулахаар тэмцэхээр шийдсэнээ мэдэгдэж байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд авсан.

Харин эдгээр мэдэгдлийн хариу бариултыг Х.Тэмүүжин сайд "Хуулийн салбарын шинэчлэл эцэстээ нам дамжсан улс төрийн бүлэг, банк дээрэмдсэн цагаан цахтнууд, гэмт хэрэгтнүүдтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авлигачтай тэмцэхэд хүрч байна. Төрийн өмчийг, улс төрийн намыг, ЗГ-ын яамдыг хувьчилж авсан шигээ хуулийн байгууллагыг хувьчилж авна гэж бодож байгаа бол “БИ ТЭДЭНД ҮГҮЙ” гэж хэлж байна. Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй ээ. Юу ч гэж гүтгэж, доромжилсон сөрж зогсох л болно. Хүсэж байгаа бол ил гараад товчлуураа дарцгаа..." гэсэн юм.

Ямартай ч тэд дор бүрнээ байр сууриа илэрхийлж, өөрсдийн мэдэгдлээ хийгээд байна. Харин энэхүү тэмцэл хэрхэн дуусах бол гэдгийг харж л суухаас өөр замгүй.

 

Х.Даваа