Монголын PR-ын салбарын пионеруудын нэг Габи буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатарын ярилцлага өчигдөрийн хэвлэлүүдэд гарчээ.


Ярилцлагын гол агуулга нь өнөөгийн Монголын улс төр, эдийн засгийн амьдралд үүсч буй асуудлын талаархи Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийн тухай.
Бүр тодруулбал Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяатай холбоотой асуудлын тухай тун ойлгомжтой зүйлийг Ерөнхийлөгчийн зөвлөх ярьжээ.


Тухайлбал:

Ерөнхийлөгч өмнө нь Чингис бондын зарцуулалтын тайланг Засгийн газраас шаардаж байсан. Ард түмэн ч үүнийг шаардаж байгаа. Захын хүнээс асуу л даа.

Эдийн засгийн асуудлыг Ерөнхий сайд хариуцах нь зөв гэж УИХ-ын гишүүд ч ярьж байна лээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Чингис бондын зарцуулалтыг хар толгойгоороо хариуцах  ёстой.  

хэмээгээд эцэст "Ерөнхийлөгчийн хүн" гэгдэх Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлаар
:
"Хамтарч засаг барьж байгаа АН, эвсэл хоёр ийм юманд автаж, шинэчлэл хийж байгаа хүний асуудалд ингэж хандаж байгаа нь харамсалтай байна. Хэрэв эдийн засгийг шүүмжилж байгаа бол Чингис бондын зарцуулалтын тайлан, Монголоос хөрөнгө оруулалтыг хөөсөн популистууд, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яамтай л ярих ёстой. Ядуурал ярих гэж байгаа бол яагаад Хууль зүйн яамтай ярьдаг юм бэ?"  гэж асуужээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар эдгээр үг бүрийн ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаа байгаа нь нууц биш.
Товчхондоо Ерөнхийлөгч "давхар дээл"-ийн хуулийг батлах замаар ч  бус шуудхан л Ерөнхий сайд, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Ч.Улаан нартай хариуцлага тооцож болох хувилбарыг ч Шинэчлэлийн Засгийн газарт дээрх ярилцлагаар дамжуулан  анхааруулжээ гэж үзэж болох талтай аж.

П.Мандах