Д.Cумъяабазар: Xожим гарах үр дагаварыг тооцолгүй гадны банкыг оруулж ирвэл үнэхээр харамсалтай зүйл болно
2014/04/16
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Улс төрийн амьдрал хаврын чуулган эхэлснээр өрнөж эхэлсэн. МАН-ын зүгээс давхар дээлийг тайлуулахад хүч хаяж байна. Тэгэхээр уг жагсаал эдийн засгийг сэргээхэд анхаарахаас илүүтэйгээр хэдэн сайдтай зууралдсан ажил болоод байна л даа?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуулийн төслийг өргөн бариад хэлэлцэх эсэхэд АН тав хоногийн завсарлага авснаар намрын чуулган завсарласан. Харин хаврын чуулган эхлэнгүүт Шударга ёс эвсэл тав хоногийн завсарлага авсан. Үндсэндээ уг хуулийг 70 гаруй хоног завсарлагатайгаар хэлэлцэх эсэх нь хүлээгдэж байна гэсэн үг. Энэ хууль зайлшгүй хэрэгтэй тул хуулийг хэлэлцэх л болно. Хүмүүс Ардын нам 2000 онд Үндсэн хуулинд долоон зүйл өөрчлөлт хийсэн. Өөрсдөө давхар дээлтэй үйл ажиллагаа явуулж байсан гэх мэтээр янз бүрээр л ярьж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг төслийг манай намын бүлэг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр нийгэм болоод парламентад үүсээд буй гажуудал, засаглалын хямрал гэх мэтээр хүмүүс олон янзын өнцгөөс тайлбарлаж байгаа юм.
Ардын нам өмнө нь засаг барьж байхдаа Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлсэн түүх байхгүй. Дангаараа засгийн эрх барьж байсан ч парламентын гаднаас төлөөлөлтэй байсан гэдгийг бүгд мэднэ. Төрийн үйл ажиллагааг тэнцвэртэй явуулахын тулд ийм ухаалаг шийдвэрүүдийг гаргаж байсан. 2004-2008, 2008-2012 онуудад хамтарсан хэлбэрээр төрийг удирдаж ирсэн. Гэтэл Ардын Нам ганцаараа шийдвэр гаргаж ирсэн мэт ярьдаг. Одоо бид өнгөрснөө ярих бус ирээдүйгээ харж түүндээ хүрэхийн тулд тэмцдэг байх ёстой. Парламентад олон жил ажилласан Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Н.Энхболд, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Р.Амаржаргал, Р.Гончигдорж гишүүн гэх мэт төрийн ажилд мэргэшсэн, дуу хоолой нь хүчтэй эдгээр гишүүдээс эхлээд үгийг нь сонсох ёстой. Монголын ардчиллыг ардчилсан хэлбэрт нь хүргэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Засгийн газрыг огцруулах нэг хэсэг хүмүүс гарч ирэх гэсэн мөчидхөн ойлголтоор эдгээрийг бүү хараасай гэж хүсэх байна. Монгол гэдэг улсыг хөгжүүлэхийн тулд хамтын шийдвэрээр харилцан бие биенээ ойлголцох, хүндэтгэх ёстой. Түүнээс биш хэн нэг нь Засгийн газрын гишүүний мууг үзэх гэж, Засгийн газрыг огцруулан дараагийн Засгийн газрыг байгуулбал нөхцөл байдал огцом сайжирна гэсэн гэнэн ойлголтоор юманд битгий хандаач ээ гэж хэлмээр байна. Ардчилал хүний эрх, эрх чөлөөг бүгд хүсч байгаа. Гэсэн хэдий ч улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай.
-Засгийн газар байгуулагдаад дөрвөн жилийнхээ хоёр жилийг үдчихлээ. Заавал Засгийн газрыг хөдөлгөөнд оруулж улс төрийн хямралд хөтлөх шаардлага байгаа юм уу. Ийм байдлаас л Украины нөхцөл өнөөдрийн хэмжээнд хүрсэн?
-Сайн муу гэхээсээ илүүтэйгээр бодит байдлаа дүгнэчих чадвартай, мэдрэмжтэй байх ёстой. Гүйцэтгэх засаглалд байгаа хүмүүс иргэдийн амьдрал ахуйг өмнө байснаас нь доройтуулах бус харин ч зохих түвшинд дээшлүүлж гэмээ нь ард түмний итгэл сэргээд л ирнэ. Тэгэхгүйгээр өмнө байсан нөхцөл байдлаас муутгаад ирэхээр бухимдаж байна. Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааныг харж байхад сайд нар нь бүгд байхгүй байх жишээтэй. Парламентын гишүүдийн 22 хувийг сайдууд эзэлсэн. Хариуцлагаа ухамсарлахгүй, шүүмжлэл, алдаа оноог нь хэлэхээр хүлээж авдаггүй. Энэ нь өөрөө маш хохирол дагуулж байгаа юм. Жилийн өмнө манай туршлагатай гишүүд ам.долларын ханшийг 1800 төгрөгт хүрнэ гэж хэлж байсан. Эдийн засгийг ийм байдалд хүргэсэн Засгийн газрыг огцруулахгүй цааш нь аваад явна гэдэгт би итгэхгүй байна. Монгол Улсыг цааш нь өнгөтэй өөдтэй аваад явчих боловсон хүчин Ардчилсан намд байгаа шүү дээ. Муу л бол хойд ар овоохой гэдэг шиг муу бүхнээ манай намд наах юм. Ардын намыг 100 жил төр барьсан гэх яриа сүүлийн үед чих дэлсэж эхэллээ. Үнэндээ тийм юм байхгүй. 1921 онд ардын хувьсгал ялсанаас хойш ард түмний сайн сайхны төлөө гадны томоохон гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц бодлого явуулж өнөөгийн туурга тусгаар Монгол улсыг бий болгосон. Тухайн үед МАХН гэсэн ганц намын тогтолцоо л байсан. Өөр бид хаашаа холдох байсан юм. Хагас тэрбумаар яригдах хүн амтай Манжчин гүрний эд эс болсон залуу Хятад улс босоод ирчихсэн, Батхааны үеэс суурь нь үүсэн бий болсон ЗСБНХУ гээд нэгдмэл том хүч гараад ирчихсэн байсан тэр үед бид хаашаа бултах байсан юм. Тухайн үед бид ардчилал ярьсан бол яах байсан бол. Хүний эрх, эрх чөлөө яриад энэ цагийн үйл явцыг тэр үед ярьсан бол яах байсан бол. Үндэстэн байх юм уу, үгүй юм уу. Эсвэл өнөөдөр Тува, Буриад, Алтайн, Тагнын урианхай шиг болох байсан юм уу. Эс бөгөөс Өвөр Монгол шиг байх байсан юм уу. Тэр үеийн ээдрээтэй улс төрийн нөхцөл байдлаас болж бүх Монголчууд дарамтанд байсан. Өнөөдөр бид ширээний ард суугаад ярилцлага хийгээд сууж байгаа энэ цаг хүртэл тусгаар тогтнол ямар үнэ цэнээр ирснийг бид нэг ойлгох ёстой. Том гүрнүүдийн дарамтанд ард түмэнтэй хамт зовж, тэр дундаас өөрийн улсыг авч үлдэхийн тулд амь хайргүй тэмцсэн өдрүүдийг бид мартах ёсгүй. Хэт популист, коммунист байдлаар явах нь буруу юм байна гэдгийг энэ бүх туршлагаас олж авсан гэж бодож байгаа. Крымийн асуудлыг өнөөдөр Ардын Намаас зохион байгуулж буй жагсаал цуглаантай адилтган үзэх нь том эндүүрэл.
-Яагаад эндүүрэл гэж. Судлаачид энэ бүхнийг сануулаад байна шүү дээ?
-Хэтэрхий улс төржүүлээд Крымийн асуудалтай холбож байгаа нь тусдаа асуудал. ОХУ өрнөдийн холбоотны улсуудтай хийж буй эдийн засаг, геополитикийн тулаан. Өнөөдөр МАН-ын хийж буй жагсаалаас болж Монгол улсыг Украинтай адилтган ард түмнийг айдас хүйдэст автуулах нь байж болохгүй зүйл. Өнөөдөр нийгэмд хүчтэй дуу хоолой, сөрөг хүчин байж гэмээ нь эрх баригчдын алдаа оноо засагдах юм. Түүнчлэн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөлгүй, сөрөг хүчнийхээ дуу хоолойг үл тоох аваас жагсаал цуглаан хэлбэрээр үг авахгүй байгаа, хатуу чихтэй биеэ тоосон Засгийн газраас бид хариуцлага нэхэх ёстой. Хэтэрхий биеэ тоосон байдлаар хандаж, хэтэрхий их мэдэгчийн дүрээр хандаж ирсний харгайг өнөөдөр бид амсаад сууж байна. Баялаг бүтээж буй хувийн хэвшлүүдээ дэмжихийн оронд “дэгээдэж”, бизнесийн таатай орчныг нь улам бүр хумиж байгаагаас гурван сая Монголчуудын эрх ашиг хөндөгдөжбайна. Үүнийг л МАН-ын зүгээс хэлж, анхааруулж байгаа хэрэг. Ямар нэгэн улс төрийн шоу гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын эдийн засгийн хувь заяанд сэтгэл түгшиж байна гэж ойлгох хэрэгтэй. Харин МАН-ынхан огцом унаж буй эдийн засгийн уналтыг хэрхэн саармагжуулах вэ, энэ нь цаашид даамжирвал эдийн засгийн онц байдал тогтоох хүртэлх арга хэмжээг авч, тулгамдаж буй асуудлаас гарах арга замыг судлаж байгаа. Эрх баригчдын зүгээс МАН-ыг хамтарсан Засгийн газарт орох гэж жагсаал хийлээ гэж буруутгаж байгаа. Намын дарга, бүлгийн дарга нь хамтарсан засагт орохгүй гэж ойлгомжтой хариулт өгөөд байхад мушгин гуйвуулжМАН буцаад МАНАН-г бий болгох нь ээ гэдэг увайгүй мэдээллээр турхирах нь буруу юм. Үүнээс илүү яаж байр сууриа илэрхийлэх юм бэ.
-17 сайд давхар дээлээ тайлсны дараа эдийн засаг шууд сэргэлт авч чадахгүй. Томилгоо энэ тэр гэсээр байтал хамаг цагаа барах юм биш үү?
-Өвдөж байгаа шүдийг аваад өвдөлт нь намддагшиг тийм хурдан сэргэнэ гэж байхгүй. Тодорхой хугацаа хэрэгтэй. Бид 2000 оноос хойш 12 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийг алдаа оноотой ч гэсэн зохих түвшинд нь гаргаж ирсэн. Гадаад ертөнц Монгол улсыгасар ихээр сонирхдог хэмжээнд аваачсан. Гэтэл 12 жилийн хугацаанд босгосон зүйлсийг жил долоон сарын дотор элгээр нь хэвтүүлж байна. Энэ хоёр цаг хугацаанд харьцуулалтыг хийх ёстой. 1996-2000 онд нураагаад хаячихсан байсан эдийн засгийг 2000-2004 онд 72 суудалтай байсан МАН-ынхан бүсээ чангалж байгаад л өндийлгөж ирсэн. Үүнийг бүтээлч ажил гэхгүй юу гэх юм. Энийг эх оронч гэхгүй өөр юу гэх юм бэ. Түүнээс хойшхи найман жилд сөрөг хүчнийхээ дууг түлхүү сонсох хэрэгтэй гэсний үндсэн дээр хамтарсан. Тухайн үед ямар процесс болж байсныг эргэн санахад гэмгүй. Оюутолгойн гэрээ өнөөдрийг хүртэл гацсаар байна. Өмнө нь хичнээн сайхан боломжууд байлаа. Боломж ганц олдоно. Хоёр дахиа олдоно гэдэг хэцүү дээ. Оюутолгойн асуудлыг гурван намын түвшинд гаргаж ирэх нь зүйтэй. Цаашид энэ том уурхайгаа ашиглах ёстой. Тэгэхгүйгээр Оюутолгойгоор улс төр хийдэг, тойрч мөлждөг арга барилаас салж Оюутолгой, Тавантолгой төслөө явуулах шаардлагатай. Гадныхан үүнийг л харж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид улсынхаа баялаг бүтээж буй хүмүүсийнхээ мөнгийг авч ирээд Монголын хөрс шороонд шингээж байгаа тул ашиг харж байна. Оюутолгой нурлаа л бол Монголд итгэх итгэл алдарч, хөрөнгө оруулалт орохгүй.
-Эх орноо юу ч үгүй болголоо гэсэн хүмүүсийн шүүмжлэл энэ тал дээр их байдаг?
-Эх орондоо хайргүй хэн байгаа юм. Дэлхий ертөнц хувирч өөрчлөгдөөд байхад бид хэдий болтол арвангуравдугаар зуунаараа амьдрах гэсэн юм бэ. Эсвэл хувьсгалын өмнөх үе шиг байх юм уу. Өнөө цагт хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж, шинэ технологиуд ар араасаа гарч байна. Зарим орнууд гайхалтай хөгжиж байгаа нь баялгаа зөв хуваарилж чадсаны ач шүү дээ. Баялаг бүтээгчид, хувийн хэвшлээ улс төржүүлэлгүй эдийн засгийг бүтээлгэж чадаж байна. Энэ Засгийн газарт Оюутолгойг шүүмжилж байсан олон хүн бий. Тухайн үед шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр яаж бодит хэмжээнд нь уг төслийг гаргаж ирэх юм. Хэн бидэнд итгэх юм бэ.
-Таны хувьд Хөрөнгө оруулалтын банкийг удирдаж явсан. Тиймээс танайхтай харилцагч байгууллага болон банкны салбарт эдийн засгийн хүндрэл хэр мэдрэгдэж байна вэ?
-Энэ цаг үед ганц банкны салбар гэлтгүй бүхий л салбар хүнд байдалд орсон. Ялангуяа банкны салбарын зээлийн хүү буурахгүй, урт хугацааны зээлийн эх үүсвэр олдохгүй байна гэх болж. Эдийн засаг нь ийм байдалд орчихоод байхад бага хүүгээр зээлж олгоно гэдэг асуудал банкуудад байхгүй. Харин ч энэ хүнд нөхцөлд хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй шахам эдийн засагтай улс оронд банк санхүүгийн зах зээлд мөнгөний бодлогыг тодорхой хэмжээнд ашигтайгаар авч явна гэдэг бас л толгойны өвчин шүү. Мөнгөтэй зөв харьцаж, мөнгийг удирдана гэдэг өнөөдөр хүнд таван мянган төгрөг өгөөд маргааш эргүүлж өгөөрэй гэдгээс огт өөр. Энэ системийн хэмжээнд яригдаж буй зүйл. 90 гаруй мянган аж ахуй нэгж хүнд байдалд байна. Үүнээс болж ажилчдаа цомхотгож байгаа.Хувийн хэвшлийнхэн хэзээ ч өглөө гэрээсээ гарахдаа алдагдал хүлээж, хасахаа хийчихээд ирье гэдэггүй. Тэд ашиг олж, баялаг бүтээхийн төлөө л яваа. Банк санхүүгийн салбарт зээл төлөлт буурч, зээлийн эрсдлийн хэмжээ нэмэгдэж байгаа олон тоон судалгааг банкны шинжээчид гаргаж байна. Намуудын бүлгийн зарим гишүүд банк санхүүгийн салбарыг идэвхжүүлэхэд зохих түвшний алхамуудыг хийх хэрэгтэй хэмээн санаачилга гаргасан.
-Ямар алхам хийнэ гэж?
-Гадны томоохон хөрөнгө оруулалтын банкуудыг Монгол Улсад салбараа нээж үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгоё гээд байгаа юм. Би харин үүний эсрэг байр суурьтай байна. Гадны томоохон банкуудыг оруулж ирэхдээ маш сайн суурь судалгаатай, хамгаалалтуудаа сайжруулж байж оруулах нэгнийг нь оруулахгүй бол энэ тоглоом биш. Чингэс бондыг бид гадны хөрөнгийн бирж дээрээс босгоход зээлжих зэрэглэл өндөр, нэр хүнд сайтай байлаа. Боломжийн хүүгээр мөнгө татаж ирлээ гээд саяхан шагшин гайхаж байсан. Харин харамсалтай нь гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсанаар манай зээлжих зэрэглэл буурснаас болж хүү өссөн. Үүнээс болж бонд явахаа болиод ирэхээр өөр эх үүсвэр хайгаад гадны банкуудыг оруулж ирье гэсэн алхамуудыг хийж байна. “Bank of China” салбар нээх хүсэлтээ ганцаараа өгсөн гэж байгаа юм. Гэсэн хэдий ч Японы хоёр банк, мөн “Standart chartered” гэсэн нэр дуулдаж байна. Бүгд л Монголд төлөөлөгчийн газраа нээгээд ажиллуулж байгаа. Төлөөлөгчийн газраараа дамжуулаад томоохон хэмжээний төслийг EBRD болон дээрх банкуудаас санхүүжүүлж байгаа зүйлүүд бий. Манай томоохон төсөл хөтөлбөрүүд дээр томоохон зээл өгөөд амжилттай хэрэгжиж байгаа зүйлс байлгүй яахав. Гадны банкууд салбараа нээж арилжааны банкуудтай ижил үйл ажиллагаа явуулж, иргэдээс хадгаламж аваад, харилцах данс нээгээд явна гэдэгноцтой асуудал. “Bank of China”бол дэлхийн шилдэг 10 банкны нэг. Гэхдээ 2,2 трилион ам.долларын активтай, дүрмийн сан нь 150 тэрбум ам.доллар. Өнгөрсөн онд 26 тэрбум ам.долларын ашигтай ажилласан банкыг 10 тэрбум ам.долларын эдийн засагтай Монгол улсад орж ирээд үйл ажиллагаа явуулах юм бол ийм жижиг зах зээл дээр бизнесийн ашиг олно гэхээсээ илүүтэйгээр улс төрийн зорилготой орж ирж байна уу гэж хардлагыг бий болгож байна. Магадгүй Засгийн газрынхан өөрсдийн бантагнуулсан зүйлсээ далдалж, эх үүсвэр олох нэрийдлээр шавраас аятайхан гарах хүсэл дээр нь гадны банк орж тоглох гэж байгаа биз. 10-20 жилийн дараа гарах үр дагаварыг тооцолгүй гадны банкыг оруулж ирвэл үнэхээр харамсалтай зүйл болно. Энэ бол яах аргагүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Банк санхүүгийн хил хязгаар гэдэг хүний нүдэнд харагдаж, гарт баригддаггүй зүйл. Үүн дээр асар их болгоомж, ухаан хэрэгтэй. Алсыг харсан нарийн мэдрэмжтэй байх ёстой. Энэтал дээр гарах гарцын тухай сайн ярилцаж гарч болох бүхий л эрсдэлийг хаагаад тодорхой нөхцөлтэйгээр л оруулах шаардлагатай. Гадны банкуудыг арилжааны хэлбэрээр оруулж ирэхийг дэмжбэл Монгол Улсаасаа урваж байгаагаас өөрцгүй.
-Эдийн засаг сэргэлт авах боломж байна уу. Ам.долларын ханш сулрах уу?
-Энэ Засгийн газрыг Төвбанк маш сайн дэмжиж гаргаж ирсэн. Урд хожид байгаагүй Төвбанкны бодлогоор үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрыг дэмжсэн ч харамсалтай нь сайдууд нь боломжийг буруу ашигласан. 2014 оны Улсын төсвийг хэлэлцэх үеэр ам.долларын ханшийг ядаж 1550 төгрөгөөр тооцохгүй дээ гэхэд битгий муу амла. Энэ болно. Танай намынхан мэдэгдэл хийгээд ам.долларын ханшийг өсгөөд байна гэсэн зүйл л ярьж байсан. Ард түмэн үүнийг хий, чад гэж сонгосон бол түүнийг хийх л ёстой. Би ам.долларын ханшийг буулгахад ийм ийм шаталсан бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж хэлсэн ч миний үгийг хүлээж авахгүй. Үг хэлж байна ч гэж тоохгүй тул би энд хэлээд яахав. Дотроо л бодож байя. Эдийн засгийн шинжээчид ам.долларын ханшийн талаар их хэцүү тоо хэлж байна. Үүнийг хэлээд яахав.
-Танай намынхны хийж буй үйлдэл бүр ард түмнээ гэхээсээ илүүтэйгээр 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тулд хийж байна гэх юм?
-Хүмүүс янз бүрээр ярьдаг. Ард түмэн, улс орноо боддоггүй хүн гэж байхгүй биз дээ. Үнэн чанартаа сонгууль дуусаад л маргаашнаас нь дараагийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлдэг. Тиймээс 2016 оны сонгуульд Ардын Намыг бэлдэж байна гэсэн юм яригдаж байна лээ. Сонгуульд бэлдэх гэж олон үе шаттай ажлуудыг хийдэг. Энэ чинь л өөрөө улс төрийн намын үндсэн ажил шүү дээ.
-Хамгийн гол нь ард түмэн хохироод байгааг мэдэж байгаа биз дээ?
-Эрх барьж буй улс төрийн хүчин бодлогоо зөв тодорхойлж, цөөнхийнхөө дуу хоолойг сонсож, хүчийг нь авч явах ёстой. Хүч түрэн явсны харалган бодлогын гай өнөөдөр ард түмэнд тусч байна.Хөөсөрсөн тоон дунд хөөсрөөд яваад байж болохгүй.
- Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайдад хандаж асуулга тавьсан. Таны асуулга хамгийн их яригддаг агаарын бохирдлын талаар байсан?
- Асуулгын үндсэн зорилго нь агаарын бохирдол их байгаа талаар болон хэн нэгний ажлаа муу хийж байгааг шүүмжлэхэд байгаагүй. Бид сүүлийн хэдэн жилд агаарын бохирдол их байна, олон төрлийн хорт бодис хүлцэх хэмжээнээсээ хэтэрсэн талаар байнга ярьж бичсэн. Агаарын бохирдол хэр их байгааг мэдээлэх самбар ч ажиллуулж иргэдэд мэдээлж байна. Гэтэл бид агаарын бохирдлыг яах гэж хэмжээд байгаа юм бэ гэдэг үндсэн асуудлаа орхиод хэт төөрсөн. Тэр нь ч Н.Удвал сайдын танилцуулагдсан мэдээллээс батлагдаж байна. Бид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрсдлээс сэргийлэх, хойшид гарах сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд л агаарын бохирдлыг хэмжиж, түүнтэй тэмцэж, энэ их хөрөнгийг зарцуулж байгаа. Гэтэл агаарын бохирдол хүний эрүүл мэндэд яг хэрхэн нөлөөлсөн, одоо бидний байдал ямар байгаа талаар сүүлийн үеийн хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой судалгааны ажил хийгдээгүй байна.
Өнөөдөр бидэнд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхгүй байгаа юм чинь ирээдүйд үр хойчид маань хэрхэн нөлөөлөх талаар ямар ч тодорхой зүйл байхгүй нь ойлгомжтой. Бид агаарын бохирдолд гол анхаарлаа хандуулж түүнийг хэмжихээс бус хүнийхээ эрүүл мэндийг хэмжих ажлаа орхигдуулсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд дэлхий дахинд жилд 3 сая орчим хүн агаарын бохирдлоос болж амь насаа алддаг гэсэн тоо баримт байдаг. Өнөөдөр Монгол улсын хүн амын өвчлөлийн шалтгааныг авч үзэхэд амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл дээгүүрт орж байгаа. Агаарын бохирдол нийслэлийнхний амь нас, эрүүл мэндэд заналхийлсээр удлаа. Энэ хугацаанд нийслэлд маань эрүүл хүн үлдээгүй гэж хэлж болохоор байна. Тэр бүү хэл төрөөгүй хүүхэд эхийн хэвлийдээ хордож байна.
-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Биднийг утааны өнгө хар байна, арай шингэн саарал байна гэж маргаж байх хооронд иргэдийн эрүүл мэнд хохирч, ирээдүйд учрах хор уршиг нь нэмэгдсээр байна. Хамгийн харамсалтай нь бид өнөөдөр энэ хор хөнөөл, эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах, арилгах боломж байгааг ашиглахгүй хугацаа алдаж байвал хамгийн харамсалтай зүйл тэр болно. Иргэд агаарын бохирдлоос үүсэх нөлөөнөөс өөрийгөө хамгаалах хүсэл маш их байгаа. Тэдэнд хэрхэн хамгаалах вэ, эрсдлийг хэрхэн бууруулах вэ гэдгийг л хэлэх хэрэгтэй байна. Амны хаалт зүүх хэрэгтэй юу, зүүвэл ямрыг хэрэглэх шаардлагатай, гэр орноо хэдэн цагт агааржуулбал илүү үр дүнтэй байх вэ гэх мэтчилэн амьдралд ойр зөвлөгөөг өгч сэрэмжлүүлэх шаардлагатай байна. Ойрын хугацаанд бид утаагүй болж чаддаггүй юмаа гэхэд иргэдээ түүний хор хөнөөлөөс хамгаалах тодорхой аргачлалуудтай сууж баймаар байна. Үүний тулд энэ төрлийн судалгааны ажилд тусгайлан хөрөнгө суулгаж, ажлын хэсэг гарган ажиллуулъя. Харин томилогдсон судалгааны баг маш шуурхай санал дүгнэлтээ гарган нийтэд үр дүнгээ сурталчлах нь зүйтэй. Утааг арилгахад хугацаа шаардана гэдгийг иргэд ойлгож хүлээцтэй хандаж байгаа. Харин эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээнд хугацаа алдахыг хүсэхгүй байна. Эрүүл мэндийн яам нэгдсэн бодлого гаргаж агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж нэгтгээд хүний эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийж асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах ёстой гэж үзэж байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Gadaad dayan · 2014/04/17
ЦАМХАГТ КРАН ЗАРНА ТҮРЭЭСЛҮҮЛЭНЭУтас:99999370.99999373gadaaddayan.mn