МАН-ын бүлгийн хуралдааны тойм
2014/04/20
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх Хяналтын тухай хуулийн төсөл болон Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа нэгтгэлээ. МАН-ын бүлгийн хувьд Засгийн газраас өргөн барьсан Хяналтын тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг олон талаас нь хэлэлцээд тус тусад нь ажлын хэсэг байгуулахаар болов.
Засгийн газар хаврын чуулган эхлэх үед өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслөө нийгмээс шүүмжлэл хүлээмэгцээ татаж авсан. Гэвч өнгөрөгч баасан гаригт дахин өргөн барьжээ. Энэхүү тогтоолын төслийг энэ долоо хоногт нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь Засгийн газарт бодлого, бодлогоо хэрэгжүүлэх чадвар алга байгаатай холбоотой гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Угтаа МАН-ын бүлгээс байдал хүндрээд байгааг жил гаруйн өмнөөс эрх баригчдад сануулж, тодорхой арга хэмжээ авах талаар санал зөвлөмж өгсөөр байхад огт тоохгүй өнөөг хүрсэн. Харин эдийн засаг хямралын байдалд шилжингүүт сая л хүлээн зөвшөөрч эхэллээ.
Өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ эдийн засаг хүндэрснийг хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч хүндрэлээс гарахын тулд тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх саналыг УИХ-д тавьжээ. Тулгамдсан хүндрэлтэй асуудлыг УИХ нэн яаралтай хэлэлцэх горимтой байдаг. Засгийн газар дээрх асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэх санал тавьсан нь эдийн засаг хүндэрснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Засгийн газар энэхүү тогтоолын төсөлдөө эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэж тусгажээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар хэлэхдээ "2012 онд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг жилийн дараа 11 хувьтай болгож бууруулсан. Хоёр жилийн дотор эдийн засгийг хүндрэлд оруулсан Ерөнхий сайд, Засгийн газар 100 хоногийн дотор эрчимжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. "Эдийн засаг хүндрээгүй, бүх юм сайн сайхан байгаа", "Ард иргэдийн амьдрал сайжирч байгаа" гэж ярьж байсан Засгийн газар өнөөдөр уг тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцэж өгөөч гэсэн асуудлыг тавьж байна. 100-хан хоногт бүхнийг сайхан болгоно гэж хэлж байна. Цонхны цаанаас чихэр долоолгодог, худал амлалт өгдөг ээлжит оролдлогоо хийж байна. Энэ хугацаанд эдийн засаг сэргэж, ард иргэдийн амьдрал сайжирч чадах уу. Ийм учраас эрх баригчдад туслах, эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд намын бүлгээс ажлын хэсэг байгуулж ажиллана" гэв.
МАН-ын бүлэг өнгөрсөн оны мөн үед Үндсэн хуулийг удаа дараа зөрчиж хариуцлагагүй ажилласан Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг өргөн мэдүүлсэн, мөн оны наймдугаар сард эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагыг тавьж байсан. Мөн өнгөрөгч арванхоёрдугаар сард эдийн засгийг хүнд байдалд оруулсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Түүнчлэн намрын чуулганы завсарлагааны үеэр эдийн засгийг хүндрэлээс гаргах чиглэлээр эрдэмтэн судлаачид, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, санал дүгнэлтээ бэлтгэсэн юм. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед МАН-ын бүлэг дээрх санал дүгнэлтээ УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
УИХ оны өмнө нэгдсэн бүтэц, зохион байгуулалттай мэргэжлийн хяналтын байгууллагыг задалж яамдад салгаж өгөх нь буруу хэмээн үзэж Хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаасан юм. Гэтэл уг хуулийн төслийг Засгийн газар үг үсгийг нь өөрчлөхгүйгээр дахин өргөн барьсанд МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг задалж болно, задлахдаа төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх чиглэлийг түлхүү баримтлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.
Аливаа ажил төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг нь тооцох гэсэн шат дараалалтай явагддаг. УИХ төлөвлөх, Засгийн газар зохион байгуулах, хэрэгжүүлэх, УИХ нь эргээд Засгийн газрынхаа хэрэгжүүлж зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг нь ард иргэдээрээ дүгнүүлдэг зүй тогтолтой явах ёстой. Гэтэл өнөөдөр Засгийн газар бүхий л ажлыг өөр дээрээ татаж авч, УИХ-аар хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг аваагүй хуулийн төслийг дахин батлуулах гэж оруулж ирдэг, УИХ-ынхаа дээр гарчихсан байгааг бүлгийн дарга С.Бямбацогт шүүмжиллээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж хэрэгжүүлэхдээ эргээд өөрсдөдөө хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгдөг хэлбэрт шилжиж байна. Тиймээс Хяналтын тухай хуулийн төслийг нухацтай хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа юм.
Хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчид МАН хамтарсан Засгийн газарт орж ажиллах эсэх талаар асуухад бүлгийн дарга С.Бямбацогт "МАН Засгийн газарт хамтрахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Ард түмэн сонгуулиар АН-д итгэсэн. АН ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах ёстой. Гэхдээ ийм байдлаар хариуцлагагүй ажиллавал бид хариуцлагын асуудлыг байнга ярина" гэж хариуллаа.
С.Эрдэнэ сайд тооцоо судалгаагүй хууль өргөн барьсныг нотоллоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн санаачлан өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хэлэлцжээ. Ингэхдээ салбарын сайд нь уг хуулийн төслийг санаачлахдаа танхимаар ажиллах зарчмаа зөрчиж, Засгийн газраас санал аваагүй, тооцоо судалгаагүй хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан гэж дүгнэсэн байна. Энэ хуулийн төслийг хэрэгжүүлбэл төсөвт 200 тэрбум төгрөгийн ачаалал үүснэ гэж тооцсон МАН-ын бүлгийн үндэслэл ч зөв зүйтэй байсныг энэхүү хуралдаанаар хэлэлцэж, сайдын санаачилсан хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг асуудалд төв байр сууринаас ажил хэрэгч хандаж байсныг Засгийн газар нотоллоо гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. Ингэснээр сөрөг хүчин асуудлыг гацаадаг, түгждэг гэж эрх баригчдын хэлсэн нь үгүйсгэгдэж байна.