АТГ-т “Гардуулсан" бичлэгийн эзэд хаачив
2020/12/25
У. Оргилмаа
Одоогоос хоёр жилийн өмнө Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ 2018 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр албан өрөөндөө 20 мянган юанийн хахууль авч байгаад АТГ-ын ажилтнуудад баригдаж, шившигт бичлэг нь цацагдаж байв.
Өмгөөлөгч нь түүнийг авлига аваагүй, өрөөнд нь орсон хятад иргэд баглаатай зүйл орхиод гарсан хэмээн тайлбарлаж байсан ч олон нийт АТГ-т илүүтэй итгэсэн. Тэгээд ч АТГ түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан боловч хугацаа нь дуусаж 2019 оны нэгдүгээр сарын 1-ний 23.00 цагт сулласан байдаг. Нэгэн оныг авлигын хэргийг камерт үдсэн түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, долоон сая төгрөгөөр торгох ял оноосон.
Үүний өмнө АТГ-аас 2019 оны долдугаар сарын 29-нд зарласан хэвлэлийн бага хурлын үеэр Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярыг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрөл олгож 2017 оны 8-11 сарын хооронд тус компаниас 57.5 сая төгрөг авсныг тогтоосноо зарласан.
Мөн Д.Батбаярын албан өрөөнд нэгжлэг хийхэд дугтуйд их хэмжээний мөнгө хадгалж байсныг илрүүлсэн. Түүнд шүүхээс ямар ял оноосон гээч? Нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хасч 6500 нэгж буюу 6.5 сая төгрөгөөр торгох ял оноогоод хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгосон.
Монголын хөрөнгөтнүүдийн алтан үеийнхэн гэгддэг ганзагын наймаачид хил дээр ийм хэмжээний мөнгө “дээрэмдүүлчихээд” жишим ч үгүй бизнесээ үргэлжлүүлдэг байсан билээ. Гэтэл түүнээс хойш 30-аад жил өнгөрөхөд авлигын гэмт хэргийг нотлогдоод байхад ийм ял өгч байна гэхээр ерөөсөө Монголд ардчилал гэгч байна уу?
Хамгийн гол нь авлига авч байгаа нь баримтаар нотлогдоод, бичлэгийг нь олон нийтэд цацаад байхад яагаад суллав? АТГ-ын ажилтнууд үйлдэл дээр нь нотолж баримтаар баталгаажуулахаас өөрөөр яаж ажиллавал авлигачныг хуулийн дагуу шүүх вэ?
...АТГ энэ тендрүүдийг шалгах хэрэгтэй байна. Шалгасан дүн нь Прокурор, Шүүх байгууллагаар хэрхэн шийдэгдэхийг иргэд анхааралтай ажиглаж байна. Шүүхээс авсан ял буюу нийтийн албанд ажиллах эрх нь эхнээсээ дуусаж байгаа тэднийг дахиад Монголын төрд шургалахгүй гэх баталгаа алга...
Тэгвэл Х.Оргил-Эрдэнэ хэлмэгдсэн үү? Тэрбээр Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн даргаар 2016 оны наймдугаар сарын 29-нд томилогдсон байдаг. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад ширхэг ч компанийн хувьцаа байхгүй.
Харин түүний төрсөн дүү Халтарын Энх-Эрдэнийн нэр дээр “Саруулхаргуй” ХХК гэж бий. Х.Оргил-Эрдэнийн регистрээр бол Х.Энх-Эрдэнэ болон Доржчилэнгийн Самбуу, Очирбатын Зоригтхүү нартай хамтарч байгуулсан “Саруулхаргуй” ХХК нь олддог ч АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ мэдүүлээгүй байдаг.
Нэг л жишээ дурдъя. 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн автозамын хөгжлийн газраас зарласан тендрүүдийн тавд нь оролцоод дөрөвт нь Зам тээврийн, хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийн дүү Х.Энх-Эрдэнийн “Саруулхаргуй” компани шалгарчихсан.
Мөн 2013 оноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерүүдээс 12-т нь “Саруулхаргуй” оролцоод 8-д нь шалгарсан байна. Ашиг сонирхлын зөрчил мөн биз? https://www.tender.gov.mn/mn/bidder/entity/1462246992661АТГ энэ тендрүүдийг шалгах хэрэгтэй байна.
Шалгасан дүн нь Прокурор, Шүүх байгууллагаар хэрхэн шийдэгдэхийг иргэд анхааралтай ажиглаж байна. Шүүхээс авсан ял буюу нийтийн албанд ажиллах эрх нь эхнээсээ дуусаж байгаа тэднийг дахиад Монголын төрд шургалахгүй гэх баталгаа алга. Учир нь, томилуулдаг нь байна, томилдог нь байна. Авлигад шийтгэл алга.
МАН-ын Засгийн газрын энэ алдаа зүүд шиг нисэн одохгүй, зүрхэнд шар ус хуртал жигшигдэх ёстой билээ. Та бүхэн санаж байгаа бол одоогоос таван жилийн өмнө буюу 2015 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-нд Малайзын Куала Лумпур хотод хуралдсан Авлигын эсрэг олон улсын чуулганы үеэр тухайн цаг үед авлигачдаа өршөөсөн хууль баталчихаад байсан Монгол Улсын Их Хурлыг буруутган шүүмжилж байв.
Яг тэр үед “Трансфрэнси интернэшнл” байгууллагын Берлин дэх оффис Монгол Улсын Ерөнхийлөгчид, харин дээрх авлигын эсрэг олон улсын чуулганд оролцогчид олонхын саналаар Монгол Улсын Их Хуралд эмгэнэл илэрхийлснийг санаж байна уу?
Түүнээс хойш Ерөнхийлөгч ч, Улсын Их Хурал ч, АТГ-ын удирдлагууд ч өөрчлөгдсөн боловч авлига авч байгаад баригдаад бичлэг нь нийтэд цацагдсан ч ял өгдөггүй юм байна. Энэ бол хамгийн муу, хэзээ ч арилшгүй муу нэр, муу үзүүлэлт билээ. Цаашид АТГ авлигатай яаж тэмцэх вэ? Авлига авч байх үед нь барьж чадсан ч, баримтжуулж бичлэгийг нь олон нийтэд цацсан ч ял өгөхгүй шүүх хэний өмнө бөхийсөн бэ?
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/12/26
Халтар · 2020/12/26
Чухамдаа авлига алхам тутамд байна би тэтгэвэрийн хүн охиноо төрийн нэг байгуулагад ажилд оруулахад 2 жилийн тэтгэвэрийн зээл авч орууллаа өөр яалтай
Зочин · 2020/12/25
Энэ Автозамын газрынхан бүгдээрээ авилгачид, энэ нөхрөөс гадна Доржханд гэж балайр авгай бас авилга аваад баригдсан шүү дээ. Тэд нарын бүх хөрөнгийг хурааж шоронд хийх ёстой...шударга ёс шүүх хаана бнаааа.