"Ачтан", БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод нийт 12 тохиолдол нэмэгдэж, "Голомт" банкны нэг ажилтнаас халдвар илэрчээ
2021/01/07
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 нэгдүгээр сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 12,200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрсэн. 13 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал,
- 10 нь "Ачтан" эмнэлгийн эмч ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой байна.
- Хоёр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай.
- Нэг нь Голомт банкны ажилтан бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрлээ.
Үүнтэй холбоотойгоор зарын чанартай зарим зүйлийг хэлье. БЗД-ийн нутаг дэвсгэрт буюу Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа шинжилгээний цэгт хандана уу.
Сүүлийн 24 цагт хоёр хүн эдгэрч, гэртээ гарлаа.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,362 болсон бол үүнээс 889 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 11, хүндэвтэр 138, хөнгөн 210 байгаа.
Өчигдрийн нэг мэдээлэлд залруулга хийе. Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан өвчлөөгүй бөгөөд халдвартай нь батлагдсан хүний гэр бүлийн гишүүн нэг хүн өвчилсөн. Тухайн гэр бүлд хоёр хүн өвчилсөн" гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.