Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна
2021/01/14
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлчүүдийн амьдралыг Төрийн ордон тойрсон 5-10 км-ийн радиуст харж дүгнэх нь хангалтгүй. Захын гэр хорооллуудад олон өрх идэх хоолгүй, хүүхдүүд нь өлсгөлөн хонож байна хэмээн зарим хүн халагладаг.
Тэгвэл бид нөхцөл байдлыг сурвалжлахаар хотын баруун захыг зорилоо. Хотын төвөөс хөдөлж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэхэд 20 орчим км зам туулж байна лээ. Тус хорооны нийгмийн ажилтан Ж.Дааманцогзолтой уулзсан юм. Тэрбээр тус хороонд нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн зэргээр нийт есөн жил ажиллаж байна. Тиймээс хорооны иргэдийн ахуй амьдралыг сайн мэднэ хэмээв. 2011 онд тус хороо 10 мянган хүн амтай байсан бол 2019 онд 28 мянга болж өсч, гурван хороонд хуваасан байна. Ингээд өнөөгийн байдлаар 12 мянга гаруй өрхтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, шилжин ирэх үзэгдэл маш их болохыг хэлсэн юм. Ер нь тус хорооны иргэд амьжиргааны түвшин доогуур өрх олон, нэн ядуу, хүнсний талоноор амьдардаг айлууд их байдаг юм байна.
Ж.Дааманцогзол “Бид цар тахлын үед өнөө маргаашийн хоолгүй болсон айл өрхүүдийг хүнс, бусад ахуйн зүйл, ариутгалын хэрэгслээр хангахад чадах чинээгээр анхаарч байгаа” гэдгийг хэд дахин онцлоод “Манай хороо 12250 хүн амтай. 3200 өрх бий. Үүнээс хүнсний талон авдаг 320 өрх байгаа. Энэ нь ковидоос ч өмнө байнга дэмжлэг авч ирсэн өрх гэсэн үг.
Харин ковидтой холбоотойгоор орлого нь тасарсан, хүнд нөхцөлд амьдарч байгаа 420 гаруй өрхийн тоог гаргасан. Ингэснээр нийт 750 орчим өрхөд хүнсний дэмжлэг нэн шаардлагатай байдаг. Эдгээр өрхийг эрэмбэлсэн. Өнөө маргааш идэх хоолгүй болсон, хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд энд тэндээс цугласан тусламжийг эхэлж олгож байгаа. Төрийн болон төрийн бус байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан загалмайн хороо, Америк дахь монголчуудын холбоо, Швейцарь дахь монголчуудын холбоо, тойргоос сонгогдсон УИХ-ын зарим гишүүн болон олон улсын байгууллагаас дэмжлэг илгээдэг. Үүнийг бид эрэмбийн дагуу хүнс нэн шаардлагатай өрхүүдэд эхэлж олгож байна. Эдгээр дэмжлэг багц байдлаар ирдэг. Тухайлбал, хүнсний багцад 5 кг будаа, 10 кг гурил, 3 кг гоймон, ургамлын тос, 2 кг сахар, 1 кг давс, 2 кг боорцог багтаж байгаа. Өрхийн хүн амын тооноос хамаарч 7-14 хоног хэрэглэх юм” гэв. Ерөнхийдөө тус хорооны нийт өрхийн 20 гаруй хувь нь халамж, дэмжлэгээр амьжиргаагаа залгуулж байна.
ХҮҮХДИЙН МӨНГӨ АМИНД ОРЖ БАЙНА
Тус хорооны зах хязгаар хэсэгт уул толгод, жалга дов ихтэй. Уулын орой дээр байх зарим айлд хүрэхийн тулд бэлээс нь алхахаас өөр аргагүй аж. Урьд шөнө цас хялмайлж, өдөр нь дулаан байснаар зайрмагтаж, зарим хэсэгт автомашинаар дээш өгсөх аргагүй болжээ. Бид Б.Золжаргалынд орлоо. Гэрийн бүрээс нь тортог болсон жижиг таван ханатай гэрт өрх толгойлсон эх зургаан хүүхдийн хамт амьдарч байна. Гэрт тавилга гээд байх зүйлгүй. Унь дутсан бололтой, хананы 4-5 толгой алгасаж гурван унь тогтоох байдлаар гэрээ барьжээ. Бага насны дөрвөн хүүхэд, 15 настай охин ээжийн хамт байна. Том хүү нь 20 настай. Их, дээд сургуульд суралцаж чадаагүй. Хөл хорио суларсан тул өдрийн 30 мянган төгрөгөөр барилга дээр ажиллахаар явжээ. Эдний хамгийн бага нь ой долоон сартай. Дараагийнх нь цэцэрлэгт, нөгөө хоёр нь 2, 3 дугаар ангид суралцдаг байна. Хүүхдүүд гэрийн хойморт байрлуулсан зурагтаар хүүхэлдэйн кино үзэж байв. Тавилга цөөтэй жижиг энэ гэрт нэг ч тоглоом харагдсангүй. Харин гэрээ цэмбийтэл цэвэрлэжээ. Гэрийн эзэн Б.Золжаргал “Манай гол орлого таван хүүхдийн 100 мянган төгрөг. Мөн сард 92 мянган төгрөгийн хүнсний талон авдаг. Үүгээр л болгож байна. Хөл хориогүй үед хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ үдийн цай уугаад нэмэртэй байсан. Одоо гэрт байгаа учир зургаан хүүхдийн хоол хүнсэнд бүх зардал гарч байна. Манайх сардаа хоёр шуудай гурил хэрэглэж байна” хэмээн ярив. Хүүхдүүддээ ихэвчлэн гамбир, тостой үед боорцог хийж өгдөг аж. Мах болон бусад төрлийн ногоо, хоол хүнсний талаар тодруулахад “Мах бараг авахгүй шүү дээ. Үнэ нь дийлдэхгүй. Гэдэс цувдай л иднэ. Хүүхдэд хэрэгтэй хоол хүнс авъя гэсэн ч боломж нь байхгүй. Хааяа аарц л буцалгаж өгөх юм. Гэхдээ ковид гээд кг нь 7000 төгрөг болчихсон” гэв. Мөн “Хүүхдүүд өлсөхөөр хэцүү. Яг тэр мөчид ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгодог юм. Орой уйлалдаад гэдэс өлсөөд байна гэхээр дэлгүүрээс зээл тавина. Сардаа 100 гаруй мянган төгрөгийн зээл байнга тавьдаг. Гуйж байж л авна шүү дээ. Мэдээж дэлгүүр ажиллуулж байгаа хүн ашиг орлогоо бодолгүй яахав. Хүүхдийн мөнгө орж ирэхээр зээлээ бүрэн төлөхийг хичээдэг” гэсэн юм.
Б.Золжаргал хамтран амьдрагчтай байжээ. Хашаагаа БСББ-д барьцаанд тавиад нөгөө хүндээ автомашин лизингээр авч өгсөн гэнэ. Энэ нь 2.3 сая төгрөг болжээ.Нөгөөх нь таксинд яваад мөнгө олно гэсэн юм байх. Гэвч машинаа аваад алга болжээ. Сураг тасраад жил гаруй болж байгаа гэв. Одоо автомашины зээл 250 мянган төгрөгийг сар бүр төлдөг байна. Корона дуусахаар нутаг руу нь очиж барьж авна хэмээв. Эднийх гэрээ түрээсэлж байгаад 1.2 сая төгрөгөөр үнэ тохирч худалдан авчээ. Бага багаар барагдуулсаар одоо 200 мянган төгрөг дутуу байгааг хэлэв. Гэхдээ гэр нь дан бүрээстэй гэнэ. Гэрийн хойгуур цан цохидог. Өдөрт дор хаяж хоёр шуудай түлш түлж байж хүүхдүүдээ дулаан хонуулдаг аж. Хүүхдүүд нь өнөөдөр хангалттай сайхан цайлж амжаагүй байгаа тухай хэлсэн.
ХООЛНООС ИЛҮҮ АМАР ТАЙВАН БАЙГАА НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Бид цааш явж гудамны мухарт байх жижиг дэлгүүрээр оров. Тус дэлгүүр паспорт барьцаалж зээл олгодог байна. Хэрэндээ л зээлэхгүй байхыг хичээдэг ч тэр хавийн айл өрхүүд зовлон тоочоод ороод ирэхээр аргагүй байдалд ордог гэв. Жижигхэн цаасан хайрцганд иргэний үнэмлэхүүд хийж, паспорт бүрийн ард зээлийн хэмжээг бичсэн цаасыг хавсарган наажээ. Худалдагчаас хөл хориотой холбоотойгоор зээл авах нь нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Нэмэгдэлгүй яахав. Зээл авъя гэж орж ирэх нь 2-3 дахин өссөн. Өмнө нь ажил төрөлтэй, хоол ундаа залгуулаад байдаг байсан хүмүүс хөл хоригдчихоор мөнгөгүй суучихаж байгаа юм. Тэд энд тэндээс тусламж дэмжлэг авах биш. Тэгээд л зээл тавиач гээд ороод ирдэг. Яг үнэндээ хүнсний талон авдаг, хорооноос дэмжлэгтэй эмзэг бүлгийн өрхүүд харин ч хоосон хонох нь гайгүй байна. Бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс л орлогогүй болж нам сууж байна даа” гэсэн юм.
Уулын өгсүүр рүү автомашинаар хоёр ч дайрч байж бартаат замыг туулж орой дээр нь гарч ирэв. Уулын орой дээр байх, ямар ч хашаагүй, жижигхэн бор гэрийн эзэн Б.Одончимэг мөн зургаан хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх. Уг нь нөхөр бий. Тэр нь байнга архи ууж, агсам тавьж, хэдэн хүүхдүүдээ хяргачих гээд байхаар нь ээлжит “ачилт” руу явуулжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр зургаан сар хүмүүжихээс дөрвөн сараа аваад байгаа гэнэ. Нийгмийн ажилтан “Удахгүй гарч ирэх болж байгаа юм байна” гэхэд Б.Одончимэг “Үгүй ээ. Дөрвөн сар болж байгаа. Одоо хоёр сарын зай бий. Тэгээд ч цар тахлын үед гэр бүлдээ агсам тавиад байдаг хүмүүсийг энэ өвөл тэнд нь байлгах юм биш үү” хэмээн хэлээд асуусан харцаар харж байна лээ. Хүүхдүүд нь 4-18 насных. Том нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг байна. Хорооноос хөөцөлдөж элсүүлж өгчээ. Харин нөгөө хэд нь бага. 1, 4, 5, 6 дугаар ангид суралцана. Нэг нь Монгол Улсын иргэний бүртгэлтгүй гэв. Иймээс дөрвөн хүүхдийн 400 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг байна. Бидний ороход зурагт үзэж байсан нэг хүүгийн үс нэлээд ургаж сэгсийжээ, нөгөөх нь хөл нүцгэн гүйх агаад хөлийн хуруунуудынх нь салаагаар хир хуралджээ. Дээр нэг хүүхэд нь Монгол Улсад бүртгэлгүй болохыг өгүүлсэн. Энэ талаар тодруулахад “Төрөх үед би өөрөө бичиг баримтгүй байсан юм. Тэгээд таньдаг хүний нэр дээр төрсөн. Хүүхдэдээ бичиг баримт авч чадаагүй” хэмээв. Энэ талаар нийгмийн ажилтан “Бид бичиг баримттай болгохоор хөөцөлдөж байгаа. Ер нь эдний хүүхдүүд бүртгэлгүй байж байгаад 2-3 жилийн өмнөөс л бүртгэлтэй болж байна” гэв. Одоо байгаа уулын орой нь зөвшөөрөлгүй гэнэ. Г.Одончимэг хөл хориогүй үед мод шуудайлах ажил хийдэг байсан аж. Сайн ажиллавал өдрийн 25 мянга, дунджаар 15 мянган төгрөгийн орлого олдог байсан гэнэ. Гэхдээ хүүхдүүд нь байсхийгээд утсаар залгаж ээжийгээ дууддаг тул модны худалдаачид ундууцаж ажиллуулахгүй хэмээдэг гэнэ. Учир нь нөхөр нь ажил хийхгүй. Нэмээд архи ууж, эзгүй хойгуур нь хэдэн хүүхдүүдийг нь сүйд хийчих гээд байдаг тул нөгөө хэд нь ээжээсээ аврал эрж залгадаг нь тэр. Г.Одончимэг “Хүүхдүүд айдас дарамтгүй байгаа нь хамгийн сайхан байна” хэмээн хэлээд уртаар санаа алдав. Түүний хувьд хүүхдүүдээ хоол ундтай байлгахаас илүү эцгийнхээ хүчирхийлэлд өртөхгүй амар амгалан байлгах нь юу юунаас чухал болохыг хэсэг ярилцаж суухад тод анзаарагдсан юм. Тэднийх уулын орой дээр байдаг тул жавар ихтэй. Биднийг доор байхад автомашины температур хэмжигч 11 градусыг зааж байсан бол дээш өгсөж гарч ирээд хэсэг байхад 16 хүрч байна лээ. Иймээс өдөрт ганц шуудай өндгөн түлш арай чамай хүрдэг байна. Өндгөн түлшний талоноор долоо хоногт зургаан шуудай түлш авах хязгаартай байдаг гэнэ. Мод шуудай нь 6000 төгрөг тул бараг худалдаж авдаггүй байна. Хүүхдийн мөнгө, бусад халамжийн мөнгөөр хүнс хоолоо л аргацаадаг аж. Үүнээс гадна мөнгө нь өмнө авир муухай эцгийн гараар ороод дуусдаг байсан бололтой.
Хүүхдүүд сургууль руугаа яаж явдаг байсан бэ гэхэд “Би мод шуудайлах ажилтай. Тиймээс өөрсдөө л учраа олоод явна. Зарим нь ойр хавийн айлын хүнд дайгдана. Сургууль нь нэлээд зайтай” гэв. 1, 4 дүгээр ангийн хүүхэд энэ хавиар явах нь эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой харагдана. Өгсүүр уул, гуу жалга, согтуу хүмүүс, сул нохой гэх зэргээр түмэн аюулыг давж тэд хичээлдээ очно. Харин одоо хөл хорио тогтож, аав нь журамлагдсанаар тэд гэртээ жаргаж байна. Дураараа зурагт үзэж, гэрийн баруун талд байх хир суусан матрас дээр хэвтэцгээнэ. Ээж нь нэг бүрийг нь 3000 төгрөгөөр тооцож арван ширхэг гэдэс цувдай авсан. Түүнийгээ цэвэрлэж хоол хийн, тусламжаар ирсэн гурилаараа гамбир хайрч байгаа аж. “Шинэ жилээр бэлэг авсан уу” хэмээн хүүхдүүдээс асуухад хоёр том нь эргэж харсан ч хариу хэлсэнгүй. Нэг нь хэсэг зуур байснаа мэдэхгүй гэж байгаа бололтой мөрөө хавчиж байв. Тэднийх зөвшөөрөлгүй тул цахилгаан татаж болдоггүй. Доод айлаасаа тог татаж сарын 20 мянган төгрөг төлдөг байжээ. Харин эрчим хүчний үнийг чөлөөлсөн тул нөгөө айл нь цахилгаан халаагуур залгахаар болсон тул тогоо тасалсан байна. Ингээд дахин нэг айл гуйхад зөвшөөрсөн ч “Сар бүр 30 мянган төгрөг өгөөрэй” гэжээ. Нийгмийн ажилтан “Цахилгааны төлбөрийг чөлөөлсөн шүү дээ” хэмээн яаран асуухад Г.Одончимэг “Өгөхгүй бол залгахгүй. Өгөхөөс яахав. Тэгэхгүй бол энэ хүүхдүүд өдөрт зурагт харж байхгүй бол болохгүй” гэв.
ЭМЗЭГ БҮЛГИЙН ӨРХҮҮД СЭТГЭЛ ГУТРАЛД ОРСОН БАЙНА
Бид гарч хорооны зүг хөдөллөө. Уулын уруу жалга даган буухад автомашин гулгах аж. Хоёр сарын дараа хүүхдүүдийн аав гараад ирвэл яах бол хэмээн нийгмийн ажилтнаас асуухад “Сэтгэл заслын эмчилгээ, яриа таниулга хийлгэж байгаа. Тэгэхээр гайгүй байлгүй” гэв. Тэрбээр ингэж хэлсэн хэдий ч хэлсэн үгэндээ итгэлтэй биш байгаа нь анзаарагдсан юм. Хэсэг бодлогоширсноо “Засраад ирнэ гэж ч юу байхав. Болохгүй бол тэр нөхрийг гэрийнхнээс нь салгаж, аав ээж ар гэрт нь хүлээлгэж өгнө дөө” хэмээв. Түүнчлэн мөн захын гэр хороололд маш олон хүндрэл байгаа. Энэ дундаас хүүхдүүд хохирч үлдэж байгаад харамсаж байгаагаа хэлж байсан юм. Тэрбээр ажиллах хугацаандаа 50-60 хүүхдийн асрамжийн төвд шилжүүлж байжээ. Аав, ээж нь архичин. Эсвэл өнчирсөн гэх зэргээр олон шалтгаантай байсан аж. Гэхдээ яаж ч бодсон хүүхэд гэртээ байхдаа л аз жаргалтай байна гэж ярьсан. Мөн тэрбээр “Бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн маш олон байна. Ажил хийх боломжтой хэрнээ төр засаг, хэн нэгэн юм өгөх ёстой юм шиг нэхээд суудаг. Нөгөө талаас үнэхээр дэмжлэг шаардлагатай өрхүүд ч бий. Олон хүүхэдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай зэрэг гарцаагүй шалтгаанууд байна. Гэхдээ ийм хүн цөөн. Нөгөөтэйгүүр, ковидтой холбоотойгоор ямар нэг дэмжлэг туслалцаанд хамрагддаггүй хүмүүс орлогогүй болж, хүнд байдалд өртөж байгаа” гэсэн юм. Цаашид эмзэг бүлгийн иргэдийг чадавхжуулах, сургалтад хамруулах, ажилд зуучлах ажлыг түлхүү хиймээр байна. Мөн хүүхдүүдийг нь эрүүл аюулгүй орчинд амьдруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Үүнээс гадна нэг чухал зүйл нь энэ эмзэг бүлгийн хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Тэд дандаа л юмыг болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг, амьдралд нухлагдсан, сэтгэл санаагаар унасан байдаг. Гэрэл гэгээтэй амьдрал бий шүү, сайн сайхан зүйл рүү тэмүүлэх ёстой гэсэн баяр баяслыг л өгмөөр байна” хэмээн ярилаа. Тэрбээр захын гэр хороололд тулгарсан олон асуудлыг дахин сурвалжилж, илүү олон зүйлийг ил гаргаж өгөөрэй хэмээн захиж байлаа.
Энд ядуу, эмзэг амьдралаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх зэрэг олон хүндрэл байгааг тоочин уудалбал их.
Г.БАТЗОРИГ
хүннү · 2021/01/14
Тэр Золжаргалыг хулихдаад машин аваад алга болсон нөхрийг ол. Аль аймагт байна. Зураг хөргийг нь ил болго, зарлуул. Цагдаа нар дор нь олно.